Б.Болор-Эрдэнэ ээ, татвар төлөгчдийн мөнгөөр тоглохоо больж үз
Монголын төрд эрх нь дэндсэн, татвар төлөгчдийн мөнгөөр туйлсан хүмүүс л дутаж гэнэ дээ. Тэдний нэг нь Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ. Тэр төрөө цахимжуулж байгаа нэрээр иргэдийн эрүүл мэндэд ноцтойгоор халдаж, шоу хүртэл зохион байгуулчхаад хээв нэг яваа нэгэн.
Тэгсэн одоо бүр өөрийнхөө ажлыг дүгнүүлэхийн тулд төрийн мөнгөөр дахиад дургих нь ээ.
Тодруулбал, Нийслэл болон хөдөө орон нутаг дахь И-Монголиа цахим системийн хэрэглээ болон сэтгэл ханамжийн судалгаа хийх тендер зарлав. Энэхүү тендерийн төсөвт өртөг 150 сая төгрөг гэж байгаа.
Угтаа бол интернетийн хурд, тархалт болон орон нутагт И-Монголиа системээс үйлчилгээ авах орчин нөхцөл ямрыг мэдэхгүй байж өнөөдөр сэтгэл ханамжийн судалгаа хийх гэж байгаа нь цаг үеэ олсон ажил лав биш.
Дээр, доргүй сурагчид цахим хичээлээ хийж чадахгүй байхад И-Монголиа хэр байна гэж асуух нь цаг хугацааны хувьд арай л түргэдсэн хэрэг. Тэгээд ч мань Б.Болор-Эрдэнийг “Цахим туслагч” гэх ТББ-тай 5.000.000 төгрөгийн гэрээ хийж, мэдээллийн 300 гаруй сайт болон өөрийнхөө нэрийг хамаатуулан 30 гаруй түлхүүр үгээр мэдээлэл цуглуулах, мониторингийн гэрээ хийсэн мэдээлэл цацагдаж байсан.
Тэгэхээр өөрийнхөө ажлыг нэгэнт сайн, муу гэж дүгнүүлэх нь чухал бус ЗӨВХӨН САЙН гэсэн үнэлгээ нь л чухал учраас дахиад 150 сая төгрөгөөр битгий гараа угаах гээд бай.
Мэдээж энэ хэмжээний мөнгө Засгийн газар болоод Б.Болор-Эрдэнэд юу ч биш байх. Гэвч эмнэлгийн байгууллагын 700 гаруй сувилагчийн сарын цалин юм шүү.
Б.Болор-Эрдэнэд таалагдах гэж татвар төлөгчид мөнгө төлдөггүй юм шүү гэдгийг хэрхэн яаж ойлгуулах вэ, түүнд.
Erennews.mn