Далай лам хойд дүрээ тодруулна

Далай лам хойд дүрээ тодруулна

 

Түвдийн буддын шашинтнуудын тэргүүн XIV Далай лам Данзанжамц сэтгүүлчидтэй ярилцахдаа хойд дүр тодруулах олон зуун жилийн ёс дэгийг өөрчлөх бодолтой байгаагаа мэдэгджээ. Энэ тухай Японы “Nikkei Asian Review” арваннэгдүгээр сарын 6-нд мэдээлсэн талаар “Российская газета”  сонинд өнгөрсөн долоо хоногт бичсэнийг орчуулан хүргэж байна.
Эдүгээ нас сүүдэр 83 хүрсэн Далай ламын хэлснээр сүүлийн 600 гаруй жилийн турш дагаж мөрдсөн ёсоор түүний хойд дүрээр хүүхэд биш харин “олны бишрэл хүндэтгэл хүлээсэн эрхэм хүндэт лам эсвэл номч мэргэн” байж болох гэнэ. Мөн 20 орчим насны залуу ч титмийг залгамжлах боломжтой. Уламжлалыг өөрчлөхийн тулд одоо Гелгуп- /Гэлүгвагийн/-ын сургуулийн лам хуврагуудын зөвлөлийн зөвшөөрөл авах шаард­лагатай. Ийм зөвлөл арваннэгдүгээр сарын сүүлээр цуглах төлөвтэй.
Залгамжлах ёс дэгийг өөрчлөх тухай санаа бодлоо өнөөгийн Далай лам бүр 2007 онд илэрхийлж байсан. Түүний хэлснээр хоёр дахь мянган жилийн дийлэнх хэсэгт оюун санааны болон соён гэгээрлийн лидерийн үүргийг давхар гүйцэтгэж байсан Далай лам хэмээх институт (Далай лам хэмээх инс­титут 1391 оноос хойш оршин байгаа) өөрийгөө шавхаж дууссан ажээ. Тиймээс Далай ламыг сонгох тогтолцоог Ватиканд Пап ламыг сон­го­догтой адил төстэйгөөр боловсруулах саналыг Данзанжамц дэвшүүлсэн юм байна.
Гелгуп сургуулийн нэр хүндтэй хам, хуваргуудаас бүрдсэн зөвлөл тохирох нэр дэвшигчийг шилж сонгодог байхаар төсөөлж байгаа ажээ. Жилийн өмнө Далай лам түүний залгамжлагчийг Монголоос эсвэл Гималайн бүс дэх Хойд Энэтхэгээс тодруулж болох юм хэмээн мэдэгдэж байсан. Өөр нэгэн боломжит хувилбар нь өнөөгийн Далай лам залгамжлагчаа өөрөө томилох явдал юм байна.
Түвдийн буддизмын тэргүүнийг сонгох шинэ ёс журам нэг талаас шашны институтүүдийн шинэтгэлийн гараа болох байх. Нөгөө талаас 1950 оноос хойш өөртөө засах мужийн хэлбэрээр БНХАУ-ын бүрэлдэхүүнд байгаа Түвдийн са­лан тусгаарлах хөдөл­гөөнийг таслан зог­соохыг хичээж буй Бээжингийн санааг зовоож байгаа ажээ. Далай ламын албан өргөө Энэтхэгийн Дарам­салад байдаг. Тэнд мөн Түвдийн дүрвэгсдийн Засгийн газар байрладаг юм байна.
Далай ламыг энэрэл нигүүлслийн бодисадва, Авалокитешвара (Жанрайсиг) бурхны хувил­гаан хэмээн үздэг. Олон зууны турш тухайн лидерийг өөд болсны дараа түүний хойд дүрийг тод­руулдаг гэх боловч түүнд бэлтгэх ажил тусгайлан хурал ном айлдах, хэд хэдэн зан үйл үйлдэх зэргээр эртнээс эхэлдэг байсан. Бурхан болоочийг занданшуулж, тэргүүн сэнтийд нь залж, толгой нь аль нэг зүгт хөдлөхийг хүлээдэг байжээ. Түүнээс гадна холбогдох ёс заншил үйлдсэний дараа хойд дүрийг эрж тодруулах Түвдийн муж, аймгийн нэрийг цэнгэг ариун нуурын усанд харахаар мэргэлдэг байсан. Энэ бүгдийн дараа заасан зүгт лам хуврагуудын төлөөлөл хөдөлнө. Гол төлөв гурав хүртэлх насны хүүхдийн дундаас таарч тохирохыг нь олмогц түүний өмнө Далай ламын эдэлж хэрэглэж байсан зүйлээс оруулсан хэд хэдэн биет зүйл дэлгэн тавина. Хэрэв хүүхэд тэдгээр зүйл рүү тэмүүлж, өөрийнхөө эд зүйл гэж хэлэх аваас тухайн хүүх­дийг Авалокитешвара бурхны хувилгаан то­дорлоо хэмээн тооцно.
Өнөөгийн Далай лам намтартаа бичсэнээр 1937 онд лам хуврагууд тэднийд ирж, хэд хэдэн биет зүйл үзүүлэхэд тэр өмнөх гэгээнтний хэрэглэж байсан зүйлийг шууд “Энэ минийх” гэжээ. Үүнээс гадна тэр ирсэн лам хуврагуудыг нэрээр нь дуудаж, өмнө нь огт мэддэггүй байсан лхас аялгаар тэдэнтэй ярьсан гэдэг. XIV Далай ламыг сэнтийд нь залах ёслол 1940 оны зургадугаар сарын 22-нд Лхаст болж байжээ.
 
 
Д.Энхээ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen