Г.Ууганбаатар: Уул уурхайн компаниуд кемпийн стандартгүй тул ажилчдын эрүүл ахуй, амрах нөхцөлд нөлөөлж байна

Г.Ууганбаатар: Уул уурхайн компаниуд кемпийн стандартгүй тул ажилчдын эрүүл ахуй, амрах нөхцөлд нөлөөлж байна

 

Сүүлийн үед уул уурхайн компанийн ажилчдын дунд цалин хөлс болон ажлын орчин нөхцөлтэй холбоотой асуудал яригдаад байгаа юм. Энэ талаар ХЭҮК-ын гомдол хяналт шалгалтын газрын дарга Г.Ууганбаатар мэдээллээ.
Тэрээр “Цалин хөлсний хувьд компани бүрийн хүчин чадал, санхүүгийн боломж өөр өөр байдаг тул ижил түвшний албан тушаалд ажиллаж байгаа ажилтнуудын дунд “бидний цалинг дүйцүүлсэнгүй” гэх гомдол гарч байна. Наадмын өмнөхөн нэр бүхий зарим компанийн ажилтнууд суулт зарлан эсэргүүцэл илэрхийлсний дараа холбогдох байгууллагаас шалгалт хийж, тодорхой хэмжээний санхүүгийн зөрчил илэрч, компаниудад зөвлөмж хүргүүлсэн.
Хяналт шалгалтын төлөвлөгөөний хүрээнд энэ жил уул уурхайн компаниудад онцгой анхаарал хандуулж, орон нутагт томилолтоор ажиллаж байна. Бидэнд ордын ашиглалт, орон тоо, орон байртай холбоотой гомдол бага ирдэг бөгөөд харин ч 14/14 ээлжийн горимд шилжсэнээр ажиллах нөхцөл харьцангуй сайжирсан гэж ажилчид хэлсэн юм.
Гэсэн хэдий ч уул уурхайн кемпүүдийн орчин нөхцөл харилцан адилгүй хэвээр байна. Зарим нь түр барилгын буюу сэндвичин сууцанд байрладаг бол зарим нь илүү тохилог орчин бүрдүүлсэн байдаг. Кемпийн стандарт, зохицуулалт одоогоор байхгүй байгаа нь ажилчдын эрүүл ахуй, амрах нөхцөлд нөлөөлж байна гэж үзсэн.
Түүнчлэн энэ онд 21 аймгийн 6-7 суманд газар дээр нь ажиллах үеэр Өмнөговь, Дорноговь аймгуудад уул уурхай дагасан нийгмийн асуудал түлхүү илэрсэн. Ээлжийн ажилтнууд урт хугацаагаар гэрээсээ хол ажилладаг тул том хүүхэд нь бага дүүгээ хардаг. Энэ нь хүүхдийн аюулгүй байдал, асрамжийн хувьд эрсдэл дагуулж байгаа юм.
Мөн уул уурхай дагасан шилжин суурьшилт нэмэгдэж, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ авахад хүндрэл үүсэж байгаа нь бас нэгэн асуудал болоод байна. Учир нь ээлжийн болон түр хугацаагаар ажиллаж байгаа иргэдийг үндсэн харьяаллаараа үйлчилгээ авахыг шаарддаг нь хүнд байдал үүсгэдэг. Эдгээр асуудлыг шийдвэрлэх зорилгоор Хүний эрхийн үндэсний комиссоос холбогдох аймгуудын Засаг дарга нарт зөвлөмж хүргүүлж, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, ажилчдын нийгмийн хамгааллыг нэмэгдүүлэх талаар санал гаргасан” гэлээ.
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen