
АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдээлжээ. Гэвч Энэтхэгийн салбарын эх сурвалжууд үүнийг няцааж, ямар нэгэн бодит бууралт харагдаагүй гэж мэдэгдэв. Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Энэтхэг болон бусад орнуудад Оросын түүхий тосны импортыг багасгах шахалт үзүүлж байгаа юм.
Оросын газрын тос нь Трампын Энэтхэгтэй хийж буй худалдааны хэлэлцээрийн гол маргаантай асуудал болоод байгаа билээ. Трамп Энэтхэгийн бараанд ногдуулсан 50 хувийн татварынхаа талыг тус улсын Оросоос авдаг газрын тосны худалдан авалттай холбон тавьсан бөгөөд Москва газрын тосны орлогоо Украины дайнд ашиглаж байна гэж үздэг.
Цагаан ордны албан тушаалтан “Ройтерс”-т өгсөн мэдээлэлдээ “Вашингтонд энэ долоо хоногт Энэтхэгийн төлөөлөгчидтэй хийсэн хэлэлцээ үр дүнтэй болж, Энэтхэгийн нефть боловсруулах үйлдвэрүүд Оросоос авдаг газрын тосны импортоо 50 хувиар бууруулж эхэлсэн” гэжээ.
Гэхдээ Энэтхэгийн газрын тосны компаниуд “Засгийн газраас Оросын нефтийн импортыг хязгаарлах талаар ямар ч чиглэл ирүүлээгүй” гэж мэдэгдсэн байна.
Трамп: Моди Оросоос газрын тос худалдаж авахаа зогсооно гэж амласан
Энэтхэгийн нефть боловсруулах үйлдвэрүүд аль хэдийн арваннэгдүгээр сарын нийлүүлэлтийн захиалгаа өгөөд, зарим нь арванхоёрдугаар сард хүрэх бараагаа бэлдсэн байгаа тул бодит бууралт арванхоёр эсвэл нэгдүгээр сард л статистикт тусах магадлалтай гэж эх сурвалжууд хэлэв.
Харин “Kpler” мэдээллийн компанийн тооцоогоор, энэ сард Энэтхэгийн Оросоос авдаг газрын тосны импорт 20 хувиар өсөж, хоногт 1.9 сая баррельд хүрэх төлөвтэй байгаа юм. Учир нь Украины дроны дайралтад өртсөн Оросын зарим үйлдвэр экспортын хэмжээгээ нэмэгдүүлж байгаа аж.
Трамп лхагва гарагт “Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди түүнд Оросоос газрын тос худалдаж авахаа зогсооно гэж амласан” гэж мэдэгдсэн ч, Энэтхэгийн Гадаад хэргийн яам “тэр өдөр хоёр удирдагч хоорондоо утсаар яриагүй” гэж мэдэгдсэн. Харин Энэтхэгийн газрын тосны сайд пүрэв гарагт бүх нефть боловсруулах үйлдвэрүүдээс Оросын газрын тосны ачилт, нийлүүлэлтийн талаарх мэдээлэл, арваннэгдүгээр болон арванхоёрдугаар сарын гэрээний талаар тайлан гаргахыг даалгасан байна.
Баасан гарагт газрын тосны үнэ бага зэрэг буурч, Брент маркийн тосны үнэ 48 центээр буюу 0.79 хувиар унаж, нэг баррель нь 60.58 ам.доллар болсон байна.
https://itoim.mn/a/2025/10/18/world/tzy?2b8b1417580fde812470db8925957c01