"Монгол Улс эдийн засгийн хямралын ирмэг дээр зогсож байна"
Ирэх оны төсөв болон одоо УИХ-д өрнөөд үйл явдал эдийн засагт хэрхэн нөлөөлж болох зэрэг асуудлаар эдийн засагч Р.Даваадоржтой ярилцлаа
– Ирэх оны төсвийн төслийг Засгийн газраас есдүгээр сарын 1-ний өдөр өргөн мэдүүлсэн. Өнгөрсөн хугацаанд өрнөсөн төсвийн хэлэлцүүлэгүүд хэр үр дүнтэй өрнөж байна гэж та дүгнэж байна?
–Энэ жилийн хувьд төсвийн хэлэлцүүлэг маш хангалтгүй хэмжээнд явааг хүн бүр харж байгаа байх. УИХ дарга болон Ерөнхий сайдаа огцруулчихсан. Өөрөөр хэлбэл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хоёр гишүүнгүй, парламент нь хоёр талцчихсан, гаднаа жагсаалтай, бүх багш нар нь ажил хаячихсан гээд тоочвол олон асуудал тулгараад байна. Одоо УИХ-ын Байнгын хороодоор ирэх оны төсвийн гуравдугаар хэлэлцүүлэг явагдаж байна. Цөөхөн гишүүдтэй, дүр эсгэсэн маягтай л байна.
-Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын тэргүүн болон УИХ-ын дарга нар суудлаасаа буулаа. Энэ үйл явц төсвийн төслийн хэлэлцүүлэгт ямар нэгэн байдлаар сөрөг нөлөө үзүүлэх үү. Төсөв эзэнгүйдчихэж байна уу?
-Мэдээж шүү дээ. Гэхдээ ямарч байсан хуулинд заасан хугацаандаа төсвөө амжиж батлах байх. Төсөв эзэнгүй гэх нь хаашаа юм. Ямарч байсан сүүлийн гурван парламентад ажиллаж байх хугацаанд УИХ төсвөө ингэж хариуцлагагүй хэлэлцэж байсныг санахгүй юм байна. Төсөв бол зөвхөн татвар хурааж аваад төрийн үйл ажиллагааг санхүүжүүлэх явцыг хуульчилдаг бичиг баримт биш юм. Төсөв бол улс орныг удирдах бодлогын баримт бичиг шүү дээ. Улс орныг удирдах мөнгөний бодлого нь батлагдчихлаа. Гэтэл төсөв ба мөнгөний бодлогын харилцан хамаарал ямар байх ёстой вэ? Яагаад мөнгөний бодлогод орон зай бага байгаа юм бэ гэх зэрэг чухал бодлогын асуудлыг ярьж байгаа нэг ч гишүүн алга.
Төрийн өмчит болон төрийн оролцоотой аж ахуй нэгжүүд, төрөөс “угждаг” өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий аж ахуй нэгжүүдийн худалдан авалт, тендер, төсвийн хөнгөлөлт чөлөөлт дээр төсвийн нийт зарлагаа нэмээд харахад манай улсын эдийн засгийн 70 орчим хувь төрөөс хамаарч байна. Өөрөөр хэлбэл, нийт эдийн засгийн ердөө 30 хувь хувийн хэвшилд үлджээ. Тэгвэл ирэх жилийн төсөвт ямар бодлого хэрэгжүүлж энэ алдааг засах гэж байгаа талаар ярилцаж байгаа хүн байна уу. Ямар эрсдэл байна, гадаад бодлогод юу анхаарах вэ гээд ярилцах зүйл дэндүү их. Харамсалтай нь, Монголын төр эзэнгүй айл мэт болсон байна. Гэтэл дэлхийн улс орнуудын парламент эдийн засгийн хямралын талаар аль хэдийн яриад эхэлчихлээ. Харин бид улс орон даяар шавар овоохой барих ямар чухал талаар өөр хоорондоо маргалдаж сууна. Эдийн засаг, санхүүгийн хямрал маш өндөр өртөгтэй болж эхэллээ. Ажилгүйдэл нэмэгдэх, эдийн засаг зогсонги байдалд орох, гадаад өрийн хуримтлал өсөх нь нийгэм, эдийн засгийн тогтвортой байдалд заналхийлдэг. Тиймээс хямралаас зайлсхийх, түүний магадлалыг бууруулахын тулд ухаалаг бодлого буюу макро зохистой төсвийн бодлого, банкны хатуу хяналт, тогтвортой мөнгөний бодлого түүний харилцан хамаарлыг манай парламент хэлэлцэж суух ёстой л доо. Гэвч өнөөгийн парламентад ийм чадавхи сох дутаж байна.
-Манай улс ямар хямралтай нүүр тулаж магадгүй гэж?
–Өнөөдөр Монгол Улс эдийн засгийн хэд хэдэн хямралын ирмэг дээр зогсож байна. Монгол улсын эдийн засаг гаднын “шок”-од өртөмтгий. Аргагүй юм. Монгол улс хэрэглэгч орон. Эдийн засгийн өсөлт зогсонги байдалд орох, инфляци өсөх, нэмээд өрийн хямрал ойрхон байна. Ийм гурвалсан хямрал нэг зэрэг илэрч даамжрах аваас даван туулах нь маш хүнд. Нийт 3.5 сая хүнтэй манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) ердөө 22.4 орчим тэрбум ам.доллар хэрнээ улсын нийт өр 38.2 тэрбум ам.доллар давлаа.
Өнөөгийн эрх баригчид 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр монгол иргэн бүрд 15 сая төгрөгийн өр ногдож буй талаар улс орон даяар ярьж “матрын нулимс” унагасан. Харин одоо энэ үзүүлэлт 40 сая төгрөг хол давчихаж. Тоож байгаа ширхэг ч хүн алга.
Гадаад өрийн болон хүүгийн төлбөртөө жилд 3.9 их наяд төгрөг төлөхөөр төсөвт суусан. Үүнээс хүүнд 1.3 их наяд төгрөг салхинд хийсгэж байна. Энэ нь жилд 100 орчим, өдөрт 3 цэцэрлэг барих мөнгө хийсэн замхарч байна гэсэн үг. Улс орныг удирдаж байсан өмнөх “тэнэгүүдийн” чинь хийсэн лай ланчиг. Хэт улс төржиж халамж хавтгайруулж, хулгай төрд заларсны гор нь ингэж гардаг. Жирийн иргэдийн нэн хүнд амьдралаар дамжин илэрдэг. Гадаа хүйтэнд зогсох багш нарын чинь хүсээд байгаа мөнгө салхинд хийсч байгаа нь энэ. Төсөв хэлэлцэх Сангийн сайд нь өрийн асуудал сайн шийдсэн гэж бураад зогсож байгаа. Шаардлагатай түвшинд байгаа гэж донгодож байгаа.
1991 оноос 2016 оны хооронд Монгол улсын Засгийн газрын өрийн хэмжээ 4.7 тэрбум орчим ам.доллар байсныг өнгөрсөн жилүүдэд хоёр дахин нэмэгдүүлж, 8.7 тэрбум ам.долларыг давуулж “ам ажил нь алд дэлэм” зөрсөн. Хэрэв Монголбанкны своп, Хөгжлийн банкны 500 сая ам.долларын бонд, МИАТ, Төмөр зам зэрэг төрийн өмчит олон компаниудын өр, өрийн баталгаа зэргийг нэмж тооцвол Засгийн газрын өр ДНБ-ний 100 хувьд хүрнэ. Үүнийг Дэлхийн банк баталж танай Засгийн газрын өр ДНБ-ний чинь 92 хувьд хүрлээ, “Монгол Улс хойч үедээ өр өвлүүлж байна” хэмээн дүгнэсэн. Монгол Улсын гадаад өр олон улсын дундаж, зохистой хэмжээтэй харьцуулахад тав дахин өндөр байгааг Олон улсын валютын сан анхааруулж байгаа. Энэ их өрийн дарамт ирээдүй хойчид маань өвлөгдөн үлдэх төдийгүй улс орны хөгжлийг олон жилээр хойш татна. Монгол улс “гадаад өрийн хавх”-нд гүн баттай шигдсэн.
-Цаашид төсвийн хоёр болон гуравдугаар хэлэлцүүлгүүд маш чухал. Гишүүд зарчмын зөрүүтэй саналуудаа нэгтгэж төсвийн зарцуулалтад өөрчлөлт оруулах боломжтой гэж харж байна. Тэгэхээр төсвийн бүтцэд түлхүү ямар өөрчлөлтүүд хийгдэх дүр зурагтай байна вэ.
Нэг айхтар өөрчлөлт хийж чадахгүй. Төсвийн цагалбараараа бүтэн жилийн хугацаанд боогдоод ороод ирсэн төсвийг танигдахгүй мэт өөрчлөх ямарч боломжгүй. Тэтгэвэрийн хэмжээ жаахан нэмэгдэх байх, эмч, эмнэлгийн ажилтнууд, багш нарын цалинг 5-15 хувь нэмж чадвал их юм. Өөр ямарч өөрчлөлт хийж чадахгүй. Тухайлбал нисэхийн салбар нь дампуурч дэлхийн шившиг болох нь ойртсон байна лээ. Тодорхой хэлбэл, навигацын хамаг орлогыг нь төсөвт авчихсан, цаад салбар нь хөрөнгө оруулалтгүй, мэргэжилтүүнээдээ сургах мөнгөгүй хэцүүдэж байгаа бололтой. Хэрэв Монгол Улс олон улсын нисэхийн аудитаар аюулгүй байдлын асуудалтай буюу бага үнэлгээтэй эсхүл ноцтой гэж тодорхойлогдвол Монгол Улсын агаарын тээврийн салбар хэдэн тэрбум долларын алдагдал хүлээж, асуудлыг залруулж, алдагдлыг нөхөн сэргээхэд 10 жил хүртэлх хугацаа зарцуулахад хүрэх хэмжээнд оччихсон байна. Ингээд яривал маш олон зүйл ярьж болно. Өнгөрсөн 5 жил бүх салбараа өөд татчих хөрөнгө мөнгөтэй сайхан үеийг “хулгай” хийж өнгөрүүлжээ. Үнэхээр харамсмаар.
-Төсвийн төслийн алдагдлыг бууруулах ёстой гэж зарим гишүүд үзэж байгаагаа хэлсэн. Гэтэл нөгөө талд эмч, багш нар цалингаа нэмүүлэхийг шаардаж төв талбайд жагсаж байна. Тэдний шаардлагыг биелүүлэхэд 830 гаруй тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Төсвийн нөөц бололцоо юу байна гэж харж байна вэ?
-Төсвийн алдагдлын цаасан дээр бууруулаад яах юм бэ. Тооцоо судалгаанд үндэслэж хийдэг ажил. Жагсаалтаар орж ирсэн хэдэн авгай хүүхнүүд хашгирахаар төсвийн алдагдал буурдаг ч юм биш. Ноднин өдийд энэ оны төсвийг алдагдалгүй баталсан ш дээ. Тэр төсөв өмнөх жилийнхээсээ 9 их наядаар нэмэгдэж орж ирсэн. Ийм данхар төсөв ямар аюултай байдаг талаар би тухайн үед нь зөндөө хэлж ярьсан. Огт тоогоогүй. Гэхдээ төсөв батлагдсаны дараа Ерөнхийлөгч хориг тавьж 3 ихнаядыг хассан. Дараа нь тодотголоор Занданшатарын Засгийн газар бас 2.4 их наяд хаслаа. Өнөөдөр гурван улирлын байдлаар төсвийн тэнцэл 2 их наядын алдагдал давжээ. Оны эцэст 3 их наядын алдагдалтай төсөв болох юм билээ. Өөрөөр хэлбэл, ямарч тооцоо судалгаагүй төсөв үнэ өсгөж, инфляц хөөрөгдөж ханш сулруулаад зогсохгүй Монгол улсын ирээдүйг тэрбум ам.долларын өрөнд унагаана. Судлаачдынхаа үгийг сонсож явахгүй бол ахмадууд, багш, эмч нар чинь гартаа чулуу, мод бариад босоод ирдгийг бүгдээрээ хараад сууж байна. Алдагдалгүй төсөв шүү дээ. Аймшгийн марзан юм хийчихээд түүнийгээ магтах хандлага ажиглагдсан. За учраа мэдэхгүй гишүүд ч аргагүй биз дээ.
Өөдөө шидсэн чулуу өөрийн толгойд гэдэг. Сонгуулийн өмнө, автобусны жолооч, ТҮК (Төрийн өмчийн компани)-ийн үйлчилгээний ажилчдын цалинг нэмэгдүүлэх бодлого гаргаж улс орон даяар томоохон шуугиан тарьсан. Энэ нь нийтийн тээвэр, хотын тохижилтыг сайжруулах нэрээр зарлагдсан ч, сонгуулийн өмнөх популист алхам биелсэн мэт оноо авсан ч инфляци өдөөж үнэ нэмсэн. Одоо бусад салбарынхан цалингийн тэгш бус байдлыг шүүмжлээд ажлаа хаяж байна. Дараагийн салбар нь хэрвээ цалин дахин нэмбэл босохоор дуугүй ажиглаж байна. Ямар нэгэн бүтээмж, үйлдвэрлэл нэмэгдэхгүйгээр мөнгөний хэмжээ (мөнгөний нийлүүлэлт) нэмэгдвэл эдийн засагт инфляцийн дарамт үүсч, макро эдийн засгийн тогтворгүй байдал үүснэ. Ийм үед Монголын эдийн засагт онцгой анхаарал хэрэгтэй, учир нь манай улс уул уурхайгаас хамааралтай, импортын хэрэглээ өндөртэй орон. Ямар нэгэн бүтээмж, үйлдвэрлэлгүйгээр мөнгөний хэмжээ нэмэгдвэл инфляци нэмэгдэнэ, төгрөгийн ханш суларна, төсвийн алдагдал нэмэгдэх зэрэг сөрөг үр дагавар бий болно. Зарим гишүүд ийм тийм хөрөнгө оруулалт хасаад цалин нэмнэ гэчихсэн явж харагдсан. За ганц жилийн хувьд болдог юм байж, дараа жил нь нэмсэн мөнгөө хаанаас олох вэ?
Цалин нэмэх хоёр арга байдаг. Татвар нэмэх, эсвэл мөнгө хэвлэх. Нэг салбарын цалин нэмэхэд бусад салбараа татаж унагаадаг. Нийтээрээ хор уршгийг нь хүртдэг ийм л асуудал.
Би, өнөөдөр боловсрол, эрүүл мэндийн салбарынхны өмнө тулгамдаж байгаа асуудлыг үл тоож байгаа юм биш. Багшийн ажил нэн хүнд. Манай гэр бүл бүгдээрээ багш мэргэжилтэй хүмүүс байна. Эмнэлгийн ажилчид ялгаагүй нэн хүнд нөхцөлд сохор зоосоор ажиллаж байна. Гэвч бидний өмнө нь сонгосон нөхдийн балаг ингэж улс орныг элгээр нь хэвтүүлчихээд байна гэж ярьж байгаа юм. Монгол улсын иргэн бүр Эрдэнэс Тавантолгой ХК-ны 1О72 хувьцаатай. Хэрэв энэ компаныг гаднын менежментын компаниар удирдуулсан бол бид жил бүр 1000 ам.долларын ашиг хүртээд зогсохгүй эрүүл мэндийн салбарынхан, багш нарынхаа цалинг 1000 ам.доллар хүргэх боломж байсан. Гэвч бидний сонгосон хүмүүс энэ боломжийг үгүй хийчихэж. Парламентад боловсрол, мэдлэг муутай хүмүүс гаргаж ирсэн горыг ийнхүү иргэд эдэлж байна.
-Төрийн албан хаагчид болоод ахмадын тэтгэврийн нэмэгдэл хувийн хэвшилд ажиллагсдад хүнд тусдаг. Цалин хөлсийг нэмэгдүүлэх шийдвэр гаргавал инфляцыг хэрхэн удирдах ёстой вэ?
-Цалин хөлс нэмэх боломж маш тааруу байгаа. Гэхдээ би сая Эрдэнэс Тавантолгой ХК ийм боломж байсан тухай ярьсан. Эрдэнэтийн хөнжил жаахан сөхөхөд ийм боломж гарч ирнээ, бас. Харин төсвөөс тэр дундаа ирэх жилийн төсөвт ийм боломж байхгүй. Иргэдээ хий дэмий горьдоож байхаар бодит үнэнийг нь хэлчих сайд алга уу? Өнөөдөр монголын татвар төлөгчид эхнээсээ аж ахуйн нэгжийнхээ хаалгыг бариад эхэлчихэж. Татварын орлого ч өнгөрсөн жилийн статистиктэй харьцуулахад сох дутаж байна лээ. Тэгэхээр мөнгө хэвлэж тараах, өр тавьж улс орноо сүйрүүлэх тун тааруу хувилбар үлдэж байна. Улс орноо сүйрүүлнэ, эх орноо галдан түймэрдэнэ гэж бодож байгаа бол мөнгө хэвлээд тараана биз. Дараа жил аль хэдийн Азийн Венесуэль гэж дэлхийгээр нэг зарлуулж таарна.
-Сүүлийн үед төсвийн хэлэлцүүлж байгаа байнгын хорооны хуралдаанд тухайн салбарыг хариуцсан сайд нар нь тогтож суухгүй байна гэх шүүмжлэл өрнөж байна. Үүний сөрөг талыг та юу гэж харж байна. Цаашид хэлэлцүүлэг өрнүүлэхдээ хэрхэн чамбайруулах ёстой вэ?
Сөрөг байлгүй яахав. Заавал хариуцсан ажлаа тайлбарлаад сууж байх ёстой.
-Засгийн газрын тогтворгүй байдал улсын эдийн засгийн гадаад, дотоод орчинд ямар нөлөө үзүүлэх вэ. Монгол Улсын Засгийн газар 1.5 жилийн настай гэх шүүмжлэлд өртдөг байсан цаг саяхан. Гэтэл одоо 100 гаруйхан хоног болсон Засгийн газраа огцруулдаг боллоо шүү дээ?
-Би Ерөнхий сайд Г.Занданшатарыг огт танихгүй. Гэхдээ ийм хэмжээний мэдлэг боловсролтой хүн улс орныг удирдах ёстой. Аль нам ялсан ч гэсэн ялгаагүй. Бид өнгөрсөн жилүүдэд боловсролгүй хүмүүс залснаар юу алдав? Одоо манай улсын салбар бүрт шийдвэрлэх хүнд асуудлууд олон байна. Иргэдийн орлого маш бага, ялангуяа төрийн албан хаагчид авч байгаа цалингаараа амьдрах боломж тун тааруу байна. Тэр тусмаа тэтгэврийн ахмадуудын амьдрал нэн хүнд байна. Нөгөө талд үнийн өсөлт, инфляц бид бүхний багахан орлогыг ховх сорчихож байгаа учраас өрөөс өрийн хооронд амьдарч байна. 2013 онд ам.долларын ханш 1500 төгрөг байсан. Өөрөөр хэлбэл, 1 сая 500 төгрөгний цалинтай багш өнөөдрийн хүсээд байгаа хэмжээний сарын орлоготой байсан байна. Энэ хугацаанд хэн бидний цалинг үнэгүйдүүлэв? Бидний сонгосон үе үеийн парламент шүү дээ. Улс орны төсөв, мөнгөний бодлогыг атгадаг хүмүүс эдийн засгийн бүү хэл, математикийн арван жилийн боловсролгүй хүмүүс байна. Үр дүнд таны халаасан дахь мөнгө сар, жилээр үнэгүйдсээр өнөөдрийн энэ түвшинд ирлээ. Харин Г.Занданшатар 100 хоногт тэс өөр бодлого явуулж байгааг анзаарсан учраас би дэмжиж байгаа юм. Сөрөг хүчин гээд хараар будмааргүй байна. Хямрал нүүрлэсэн он жилүүдэд мэдлэгтэй хүн улс орныг залах ёстой. Түүнээс биш тооны тэрбумын орноо мэддэггүй, улсынхаа өрийн хэмжээг хэлж мэддэггүй, хувь процент гэх математикийн наад захын мэдлэггүй хүмүүс төрд гарч удирдаж байсан нь энэ улсыг бүрмөсөн “дамартуулчихлаа”.
-Сүүлийн жилүүдэд гадны хөрөнгө оруулалт татах асуудал нэн чухал байгаа гэдгийг үе үеийн УИХ, Засгийн газрын гишүүд хэлсээр ирсэн. Харин гадаадын хөрөнгө оруулалт бодитоор нэмэгдэхгүй байгаа шалтгааныг юу гэж харж байна?
-Монголын эдийн засаг уул уурхай, эрдэс баялаг, газрын тос, барилга зэрэг салбаруудад гадаадын хөрөнгө оруулалт татдаг боловч сүүлийн жилүүдэд хууль эрх зүйн тогтворгүй байдал, төрийн байгууллагын хавтгайрсан авлигажсан байдал, шүүхийн шийдвэр хэрэгжихдээ сул зэрэг сорилтуудтай тулгарч байна. Авлигалын асуудлаа шийдэж байж л гадаадын хөрөнгө оруулалт татна даа.
-Төв банкнаас төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Төв банк “уян хатан ханшийн бодлого” олон жил хэрэгжүүлж байгаа. Төв банкны бодлого зах зээлийн хүлээлтийг удирдаж, валютын нөөцөө бэхжүүлж чадахаар байна уу?
УИХ өнгөрсөн долоо хоногт буюу 2025.10.17 нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж, батлаад байна. Бодлогын баримт бичгээс онцолбол, эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн орлогыг хамгаалах хүрээнд инфляцыг дунд хугацаанд 5 хувийн /+-2 нэгж хувийн интервалтай/ орчимд тогтворжуулах, Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцсэн уян хатан тогтох зарчмыг баримтлах, Төв банкны бодлого, шийдвэрийг олон нийтэд хүргэх үйл ажиллагааг анхаарна гэсэн чухал заалтууд орсон байсан.
-Төгрөгийн ханшийн бодлого нь макро эдийн засгийн суурь хүчин зүйлтэй нийцсэн, уян хатан тогтох зарчмыг баримталснаар төв банкны шийдвэрийг ил тод байлгаж, олон нийтийн хүээлтийг удирдахад чиглэх юм. Ингэж төгрөгийн ханшийг уян хатан тогтоох бодлого валютын зах зээлийн савлагааг багасгаж, гадаад худалдаа эрхлэгчид, зээл, хадгаламж эзэмшигчдийн итгэлийг нэмэгдүүлнэ. Монголбанкны уян хатан ханшийн бодлого зах зээлийн хүлээлтийг удирдах, валютын нөөцийг бэхжүүлэхэд харьцангуй амжилттай байгаа гэж дүгнэж болно. Өнөөдөр гадаад валюты нөөц түүхэн дээд түвшинд хүрсэн, инфляци зорилтот интервалд ойртжээ. Гэсэн ч уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засагт гадаад шок(нүүрсний экспортын тасалдал, үнийн уналт) эрсдэл үүсгэдэг тул 2026 оны бодлогод макро зохистой бодлого, экспортын төрөлжилтийг бэхжүүлэх шаардлагатай. Иймээс Монголбанк бодлогоо илүү тодорхой, урт хугацааны төлөвлөгөөтэй болгож, олон нийтийн хэлэлцүүлгийг өргөжүүлэх нь зүйтэй. Зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, жижиг, дунд бизнесийг дэмжих нь эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх хөшүүрэг болно.
–Эцэст нь энэ оны макро эдийн засгийн төлөвлөлтүүдийн гүйцэтгэл ямар гарах прогнозтой байна вэ. Нүүрсээ төлөвлөсөн хэмжээндээ хүргэж экспортолж чадах уу. Мөн төсвийн гүйцэтгэл ямар байх бол?
-Гуравдугаар улирлын статистик харсан. Хүнд байна лээ. Нийт 43 их наядын зээлийн өрийн үлдэгдлийн 59.6 хувь нь иргэд, 38.5 хувь нь хувийн байгууллагад оногдож байна. Энэ бол иргэд аж ахуй нэгж чинь банкны зээлээр амьдарч байгааг харуулах үзүүлэлт. Энд банк бус, ломбард, апп зээлийг оруулаагүй тоо шүү. Улсын төсвийн тэнцэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.9 их наядын алдагдалтай явна. Аймшиг шүү. Хувь хүний болон аж ахуй нэгжийн орлогын албан татвар нийлээд өмнөх оноосоо 1 их наядаар сох дутсан байна. Ямар юмных нь цалин хөлс нэмэх вэ. Ийм л хэцүү тоонууд харагдаж байна лээ шүү. Монгол Улсын нүүрсний экспортын өмнөх жилүүдийн тэсрэлттэй өндөр өсөлт ард хоцорч байна. 2024 онд 83.8 сая тонн тээвэрлэсэн (жилийн мөн үеийнхээс 25.6 хувиар өссөн) дээд амжилт тогтоосон. Монгол Улсын Гаалийн мэдээгээр энэ он гарсаар 62.62 сая тонн нүүрс экспортолсон (жилийн мөн үеийнхээс 2.27 хувиар өссөн). Харин нэг тоннын дундаж үнэ 45.1-64.90 ам.долларын хооронд бууж хэлбэлзжээ. Энэ оны 83 сая тоннын зорилт биелэх боломж бий. Үлдсэн улиралд ойролцоогоор 20 сая тонн буюу сард 6.8 сая тонн тээвэрлэхэд хангалттай юм. Энэ оны 9 сард Монгол Улсын 2019 оноос хойших хамгийн их борлуулалт хийснээр, зуны уналтаа нөхсөн нь 9.69 сая тонн буюу өнгөрсөн оны мөн үеийнхээс 66.7 хувиар өссөн үзүүлэлт.
-Ярианы төгсгөлд танд үг үлдээе.
-Монгол хүн амны хишигтэй гэдэг дээ. Саяхан Таван толгойн Цанхиас нь ориг угаасан нүүрс гарч ирсэн байна. Ойролцоогоор 150 сая тн. Нүүрс угаах үйлдвэрээ 20 км цаана барьсан гээд хэл ам татлаад байсан даа, саяхан. Тэгвэл байгалиараа үнэтэй коксжих нүүрсний орд илэрч. Сая 9 сард Эрдэнэт уурхайн ойролцоо Оюут нэртэй шинэ зэсийн орд илэрсэн. Нэмээд Занданшатарын Засгийн газар нь төрд нүүрлэсэн нүүрсний хулгайдаа цэг тавих юм шиг байна. Ямарч байсан улс орных нь эдийн засаг тэгтлээ элгээрээ хэвтэхгүй нь. Зэсийн үнэ ойрын жилүүдэд дэлхийн зах зээл дээр өндөр байна. Учир нь, Зэсийн томоохон уурхайд гарсан осол дэлхийн зах зээлд зэс хомсдолд орох эрсдэлийг эрс нэмэгдүүлжээ. Шинжээчид 2026 онд 50,000-300,000 тонн ийм металлын хомсдолд орно гэж таамаглаж байна. Индонезийн Грасберг болон Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын Камоа-Какула уурхайн осол нь, 2026 онд дэлхийн зэсийн алдагдал 300 мянган тонн болж өсөх магадлалтай гэж "Коммерсант" сонинд ярилцлага өгсөн шинжээчид онцолжээ. Одоо хулгайгүй, зөв хүмүүсээ энэ төрд залчихвал зөв зам дээр гарч ирэх гээд л байна даа.
https://news.mn/r/2830041/


