Бүрэн эрхийн ард гэмт хэргээ нуух оролдлого

Бүрэн эрхийн ард гэмт хэргээ нуух оролдлого

 

Бүрэн эрхийнхээ дөрвөн жилд ямар ч хэргээр хууль, хяналтын байгууллагад шалгуулдаггүй байхыг хэсэг гишүүн хүсжээ. Үүний тулд УИХ-ын нэрийн өмнөөс Цэцэд хандах арга бодож олсон аж. Эл ажлыг гүйцэтгэх “төлөөлөгч” нь гишүүн С.Ганбаатар юм. Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах тухай саналыг тэрбээр өнгөрсөн есдүгээр сарын 24-нд УИХ-д өргөн барьсан байна. Энэ бол УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нүүрсний хулгайн болон бусад ноцтой хэрэгт холбоотой байж болзошгүй тухай баримтыг гишүүн Б.Энхбаяр “Лхагвын тойм” нэвтрүүлэгт ярьж, цацсан өдөр. Тун сонирхолтой давхцал.

Хэрэв УИХ-ын гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, түүнийг албадан саатуулах, баривчлах, цагдан хорих зайлшгүй шаардлагатай гэж үзсэн, мөн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэх гэж буй бол ерөнхий прокуророос бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг парламентад оруулдаг. УИХ-ын тухай хуулийн 45.2, 45.3 дахь эдгээр заалт нь Үндсэн хуулийн 29.2 дахь “УИХ-ын гишүүний халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэсэн заалттай зөрчилдөж байна гэж С.Ганбаатар үзжээ. Бүрэн эрхийн ард хулгай, хуудуугаа нуух эрхтэй хэмээн “сэтгэж” чадсан нь гайхалтай.

ДАВХАР МЭХ, ДАВХАР ТӨЛӨВЛӨГӨӨ

МАН доторх талцал хэдэн сарын өмнөөс эхтэй. Тус намын дараагийн даргын төлөөх өрсөлдөөн үүнийг нь ил гаргаж, эрчимжүүлсэн л хэрэг. Тохиролцож чадаагүй 1980, 1970-аад оны бүлэглэл ээлж дараалсан мэх нэгэндээ хийсээр удлаа. Үүндээ зарим нь орооцолдовч бууж өгөхийг хүсэхгүй, давхар төлөвлөгөө бодсоор, арга хайсаар яваа юм. Эдгээрийн нэг нь С.Ганбаатарын санаачилсан дээрх санал. Д.Амарбаясгалан намын даргын сонгуульд өрсөлдөхөө есдүгээр сарын 12-нд мэдэгдсэн. Ямархан ширүүн тэмцэл болохыг тэр ч, Г.Занданшатар ч мэдэж байсан биз. Тиймээс “но” ихтэй тал нь арьсаа хэрхэн хамгаалах тухай давхар төлөвлөгөөгөө боджээ. Ингээд гишүүн Б.Энхбаяр УИХ-ын даргыг нүүрсний хулгай, бусад ноцтой хэрэгтэй холбоотой тухай мэдээллийг нэвтрүүлгээр цацсан өдөртэй давхцан С.Ганбаатар дээрх саналаа парламентад сэм өргөн барьсан аж. Үүнийг нь Хууль зүйн байнгын хороо энэ сарын 16-нд хэлэлцээд олонхоор дэмжжээ. Гэтэл энэ тухай УИХ-ын бусад гишүүн болон олон нийт яг нэг сарын дараа л сая мэдэж байгаа юм.

Энэ сарын 24-ний баасан гаргийн нэгдсэн чуулганаар Засгийн газрын гишүүнийг чөлөөлж, томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулсан. Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилох шийдвэр нь арай гэж баталгаажсаны араас залгуулаад С.Ганбаатарын саналыг хэлэлцсэнээр бүрэн эрхийнхээ ард гэмт хэргээ нуух санаархал нь ил тод болсон байх нь.

Б.ЭНХБАЯР: ХУЛГАЙЧ НАРЫН ОРОГНОДОГ ГАЗАР НЬ УИХ БИШ

Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй. Гэвч гахай арай илүү эрхтэй гэж С.Ганбаатар ба түүний “захиалагчид” үзжээ. Энэ тухай асуудлыг чуулганаар хэлэлцэхийн өмнөхөн шинэхэн сайд Б.Энхбаяр дээрх саналыг дэмжихгүй байхыг нам үл харгалзан бүх гишүүнд уриалсан юм. Тэрбээр “Болж буй асуудлууд зүгээр нэг авлигын хэрэг биш. Эрх барьж буй намын даргаар дамжуулан гүйцэтгэх засаглалын оройд сууж, улмаар хууль, хяналтын байгууллагуудын удирдлагыг томилох, чөлөөлөх эрхийн төлөөх тулаан болсон шүү. Энэ бол зүгээр нэг товчлууртай холбоотой асуудал байгаагүй. Эл хэрэгт оролцож буй олон хүн нүүрсний жинхэнэ хулгайч нартай бизнесийн болон өөр талаар ашиг сонирхол нэгтэй нь улам тодроод байгаа. С.Ганбаатарын оруулж ирсэн “УИХын гишүүнийг дөрвөн жилийн турш хуулийн байгууллага шалгаж болохгүй” гэсэн саналыг хэлэлцэх гэж байна. Үүнийг хэн зохион байгуулаад яваад байна вэ. С.Ганбаатар та дандаа хүний өмнүүр гарч ирдгээ боливол яасан юм. “Админерал” компанитай Д.Амарбаясгалан холбоогүй гэж итгэл төгс хэлсэн хүн нь та. Ямар учраас УИХ-ын гишүүнийг шалгаж болохгүй гэдэг санал оруулж ирэв. Юунаас айгаад, хэний захиалгаар яваад байгаа юм. Хууль шүүхийн өмнө бүгд эрх тэгш. УИХ бол хулгайч нарын орогнодог газар биш. Ялангуяа нүүрсний хулгайтай холбоотой хэргийн үнэн мөнийг хууль хяналтын байгууллага тогтоож, бүрэн эрхийн асуудал хөндөгдөхийн өмнө амжуулах гэсэн юм шиг ийм захиалгын юм оруулж ирдгээ таслан зогсоохыг шаардаж байна” гэсэн билээ.

С.Ганбаатар гишүүнд ийм санал гаргаж, “автор” нь болох олон шалтгаан бий байх. Үүний нэг нь тэр өөрөө бас хуулийн байгууллагаар шалгуулж буй нэгэн. Шалгуулаад, яллах дүгнэлт үйлдээд, удахгүй УИХ-д асуудлыг нь оруулж ирэх гэж байгаа тухай тэрбээр ярьжээ. Тэгэхээр ашиг сонирхлын зөрчил болчхож буй юм. Баасан гаргийн чуулганы үеэр Д.Ганбат гишүүн үүнийг хөндөж, “Парламентыг муухай харагдуулж буй энэ саналаа татчих” гэсэн билээ. Үүгээр УИХ дахь АН-ын бүлгээс ажлын гурав хоногийн завсарлага авсан. Завсарлага дуусаагүй байсан тул даваа гаргийн хуралдаанаараа тэд С.Ганбаатарын саналын талаар нэгдсэн байр суурь гаргаагүй аж. АН-ын дарга О.Цогтгэрэл “УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал гэсэн ойлголтыг хамтад нь хэрэглээд байна. Ялгаж салгах ёстой. Миний хувьд С.Ганбаатарын саналыг зөв гэж үзэхгүй. УИХ-ын гишүүнийг бү¬ рэн эрхээ хэрэгжүүлж буй үед нь шалгаж болохгүй л гэсэн агуулгатай байна” гэв.

Харин С.Ганбаатар гишүүн “УИХ-ын гишүүн хэрэгт холбогдсон бол шалгаад л, яллаад л явуулаад байдаг. Энэ нь бие даасан байдалд нөлөөлж буй үйлдэл. Ингэж “зовоогоод” байвал Оюутолгойн болон ураны гэрээ шиг олон шийдвэр УИХ-аас гаргана. Тиймээс би гишүүнийг хэрэгт холбогдмогц нь бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгаач гэж байгаа юм. Одоо ярьж буйгаас эсрэг агуулга байгаа биз дээ. Миний санал хууль, хяналтын байгууллагын толгойд хүнээ шургуулсан дарангуйлагч, баялгийг хулгайлсан олигархи улс төр, эдийн засгийн бүлэглэлүүдэд аюултай” гэсэн тайлбар өгөв. Тэнэг хүн хуурч буй мэт түүний эл тайлбарт итгэх хүн нэг их олон гарахгүй л болов уу. Сэтгүүлч түүнээс “Та хэрэгт холбогдон шалгуулж байгаа. Тиймээс өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуулж болно шүү дээ” гэхэд “Энэ УИХ-ын гишүүний асуудал шүү дээ, өөрөөс нь шалтгаалахгүй. УИХ-ын гишүүний системийн тухай ярьж байхад миний талаар хөндөх юм” хэмээн гуйвуулав. Оновчтой хариулт өгч чадахгүй болохоороо “уурладаг” тактик л даа.

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1-т “Үндсэн хууль зөрчсөн, эсэх асуудлаар өргөдөл, мэдээллийг иргэд, хүсэлтийг Ерөнхийлөгч, УИХ, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, ерөнхий прокурор гаргах эрхтэй” гэсэн байна. С.Ганбаатар гишүүн иргэнийхээ хувьд Цэцэд хандах боломжтой байсан. Гэвч парламентын нэрийн өмнөөс хүсэлт гаргах аргыг сонгож, хүч нэмэгдүүлэхийг зорьсон аж. УИХ-ын гишүүн бусдаас давуу эрх эдэлдэг гэдэг түүний “үзэл баримтлал”-ыг хэрэв баталгаажуулбал парламентын нэр хүнд олон нийтийн өмнө бүр л унана. Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах тогтоолыг хүч түрэн баталснаараа дэд дарга Х.Булгантуяа тэргүүтэн парламентын нэр хүндийг нэг удаа маш ноцтой унагасан. Ирц бүрдээгүй чуулганыг цаг сунгасан, баасан гарагт үүнийгээ шинэч¬ лээгүй, тиймээс биеэр оролцоогүй 30 гаруй хүний саналыг ашиглаж, Үндсэн хууль зөрчсөнийг нь Цэц тогтоочхоод буй. Энэ мэтээр парламент, түүний нэр хүндийг улс төрийн явуургүй зорилгодоо ашиглах хоёр дахь санаачилга нь С.Ганбаатарынх болж байна. УИХ-ыг төлөөлж Цэцэд хүсэлт гаргах гэж буй бол эхлээд холбогдох байнгын хороогоор хэлэлцэн шийдэх учиртай. Үүний дагуу Хууль зүйн байнгын хороогоор уг саналыг хэлэлцээд хэдийн дэмжчихсэн. Тус байнгын хорооны гишүүд олонхоороо гэмт хэргээ бүрэн эрхийн ард нуухыг өөгшүүлсэн тул “захиалагчид” нь хуйвалдааны эхний шатаа давчихжээ. АН-ын бүлгийн завсарлага өнөөдөр дуусах учир энэ долоо хоногт чуулганаар уг саналыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.

УИХ-ын олонх үүнийг дэмжих, эсэхээс гахай илүү эрхтэй юү, үгүй юү гэсэн асуултын хариултыг харж болох нь. С.Ганбаатарын саналыг дэмжсэн гишүүн бүрийг гэмт хэрэгт холбоотой, эсвэл ямар нэг “но”-той гэж хардах эрх бидэнд бий. Парламентын олонх нь эрүүл ухаантай юу, эрх ашигтай дийлдсэн үү гэдгийг энэ долоо хоногт харъя.

 

https://www.unuudur.mn/a/278445

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen