Хойд дүр тодруулахыг хориглосон нь зөв байсан
БНМАУ-д 1920-оод онд Манжийн хаанаас баталгаажсан тамгатай хутагт 13, тамгагүй хутагт 50 гаруй байсан бөгөөд тэднээс гадна олон арван хувилгаад байжээ. 1926 он (Улаан бар жил)-д Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын "Хараагийн мэргэн хүүхэн” гэж алдаршсан Цэнджаваас төрсөн Түдэвийн Лувсандоржийг Монголын IX Богдын хойд дүрээр тодруулахаар феодал, лам нар бэлтгэж байжээ.
Гэтэл БНМАУ-ын Засгийн газрын 1929 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн 24 дүгээр тоггоолоор Богд ба бусад хутагт хувилгаадын хойд дүрийг тодруулахыг хориглосон тул Т.Лувсандорж дээд ангийн лам нар, Сэлэнгэ, Булган аймгийн сүсэгтнүүдэд нууцаар тахин шүтэгдэж байгаад 1948 онд нас нөгцжээ.
Засгийн газрын дээрх тогтоол 67 жил хэрэгжээд ач холбогдол нь баталгаажсан байхад 1990 оны хувьсгал, эрх чөлөө, ардчиллаар далбаалсан хэсэг хүн Богд хутагт, хувилгаадын хойд дүрийг тодруулдаг боллоо. Энэ байдлыг Төвдүүд овжин ашиглан, шашны нөлөөгөө бэхжүүлэх зорилгоор сураггүй байсан, Монголын хэн ч хүсээгүй Жамбалнамдал Чойжижанцан (Соном Дарге) гэгчийг Монголын IX Богдын хойд дүрээр тодруулж тулгасан.
Түүнтэй нэг зиндааны лам байсан Өвөрмонголын гэгээн Галсан монголчууд Богдоо 5-6 настай байхад нь биеийн жингээр нь алт өргөж залдаг байсан, одоо нас бие гүйцсэн чамайг авахгүй гэж шоолж, инээлгэж байсан ажээ. Энэ IX Богд манай улсад залагдаж ирээд сүсэгтэн олонд оруулсан хувь нэмэр юу байгааг хэлж, бичиж батлах хүн цөөхөн байгаа билээ.
XII зуунд хойд дүрийг тодруулах ёс Непал, Төвдөөс үүссэн ажээ. Энэ ёсыг манай улсын нэрт сэтгэгч, мэргэд Зава Дамдин, Сүмбээ хамба, Ишбалжир нарын олон хүн "Номын ёсоор л төрөх болохоос юу гэж зарлигаар зохицуулагдах вэ” гэж шүүмжлэлтэй ханддаг байв. Их хүрээ хийдийн хамба лам З.Санждорж манай улсад хойд дүр тодруулахыг хориглосон тогтоол хүчин төгөлдөр байхад Дээрхийн гэгээн XIV Далай лам дотоод хэрэгт оролцож, Саж гэгээнээс эхлээд 20-оод хутагт хувилгаадыг тодруулаад байна гэж шүүмжлэлтэй ханддаг нь зүйтэй.
Аливаа улсад гоц авьяастан, суут хүмүүс төрдөг. Тэд бүгд хутагт, хувилгаадын хойд дүр байдаггүй нь лавтай. Харин сүүлийн жилүүдэд Монголын бурхан шашны төвийн тэргүүн, Гандантэгчинлэн хийдийн хамба Д .Чойжамц хойд дүр тодруулах асуудалд ихээхэн анхаарал тавьж "X богд Монголд төрнө гэж IX богд айлдсан” гээд төрийн тэргүүн, өндөр тушаалтан баячуудын хүүхдээс тодруулах сонирхол, санаархалтай байна гэж олны дургүйг хүргэж байна. 2016 оны арваннэгдүгээр сарын 22-нд Их тэнгэр дэх төр, засгийн ёслол хүндэтгэлийн өргөөнд долоон хүүхдээс X Богдын хойд дүрийг сугалаагаар тодруулав.
Энэ бүхнээс улбаалж БНХАУ-ын Засгийн газраас XIV Далай ламыг урьж айлчлуулсанд дургүйцэж гурван удаа эсэргүүцлийн мэдэгдэл ирүүлж, бага хүү, урт хугацаатай зээл олгох гэрээ хэлцлээ хойшлуулав.
МонголУлсын гадаад харилцааны яам Далай ламыг уриагүй, урихгүйгээ хариу мэдэгдэв. XIV далай лам ‘‘X Богдоор тодорсон хүүхэд одоохондоо нялх байгаа учраас хоёр юмуу гурван жилийн дараа зарлаарай” гэж захиад буцлаа.
Богд хутагт хувилгаадын хойд дүрийг тодруулах ажилд идэвх зүтгэлтэй ажиллаж, Засгийн газрын хүчин төгөлдөр тогтоолыг удаа дараа зөрчсөн Гандантэгчинлэн хийдийн хамба Д.Чойжамцтай хариуцлага тооцож огцруулах ёстой гэж үздэг хүмүүс олон байна. Мөн 2015 оны есдүгээр сарын 22-нд И.Мөнхсаруул гэгч эмэгтэй Чингис хааны хойд дүр тодорлоо гэсэн шуугиан дэгдээж олныг доргиож "тоглосон” боловч ямар ч байгууллага, хэн ч анхаарч үзэхгүй байгаа нь анхаарал татах асуудлын нэг мөн.
Энэ бүхнийг анхаарч Богд, хутагт хувилгаадын хойд дүрийг тодруулахыг хориглосон тогтоол зөв байсан тул түүнийг хэрэгжүүлж УИХ-аар баталгаажуулах хэрэгтэй. Уг тогтоол хэрэгжсэнээр одоогоор тодорсон хутагт хувилгаад эрх ямбаа эдлээд, сүсэгтэнд шүтэгдэн бишрэгдээд явах тул тэд хохирч хэлмэгдэх явдал гарахгүй.
Б.Зинамидар