АРАВДУГААР САРЫН “ААДАР”

АРАВДУГААР САРЫН “ААДАР”

 

Ямар ихээр хүсэн тэмүүлж

Бүхнээ умартан догдолно вэ?

Яг үнэндээ миний цэцэг

Надад ингэж дурлах болов уу?

 АРАВДУГААР САРЫН “ААДАР”
АРАВДУГААР САРЫН “ААДАР”
хэмээн танхим дүүрэн хүмүүс хоороор дуулна. Энэ мөчид би дуучин залуугийн ярьсан бяцхан түүхийг сэтгэлдээ дүрслэн бодож зогслоо. Тэр хэлэхдээ "Би энэ дууг анх гэрийнхээ компьютер дээр нотлочихсон юм. Тэр үед "Хүмүүс энэ дууг хүлээж авах болов уу?” гэж эргэлзэж байлаа. Өөрөөр хэлбэл, би сайн дуу зохиож чадсан эсэхдээ эргэлзэж байсан юм” гэсэн. Их олон хүмүүс энэ дууг хэнд зориулж зохиосоныг нь сонирхдог тухай ч дурьдсан. Урлаг хэмээх өнөр бүлийн хаалганы цаана ирчихээд, хүлээж авах эсэхэд нь эргэлзэн зогссон тэр залуугийн урлагт, хөгжимд өгсөн сэтгэл нь "Хачин дурлал” байсан бололтой. Бадгаас бадаг, дахилтаас дахилтанд энэ дууны аялгуунд уусан шингэх мэт мэдрэмж төрсөөр л... "Хамгийн сүүлд хэзээ дуунд ингэтлээ ууссан билээ” гэж өөрөөсөө саваагүйтэн асуусан ч хайж байгаа хариулт минь үүнтэй ямар ч холбоогүйг төдхөнөө ухаарах. Үг, аялгуун дундуур аажуухан аялсаар л... энэ замын төгсгөлд намайг ямар нэгэн зүйл хүлээж буйг зөн совин минь шивнэнэ. Энэ зам, энэ дууны төгсгөлөөс бүхнийг умартан догдлох хүсэл тэмүүллээ олж харлаа. Хамгийн таатай зүүднээсээ сэрж буй мэт тийм нэгэн мэдрэмж. Энэ дуучин, энэ хөгжимчид тун удахгүй дахин нэгэн тааламжит "зүүд”-ийг надад бэлэглэнэ гэдгийг би мэдэж байна.

Магадгүй, дийлэнх хүмүүс сэтгүүлчдийг өрөөлийн хэл, амыг сугалчих шахам асуултаар булж байдаг хүмүүс гэж анзаардаг байх. Гэвч яг үнэндээ, бид өөрийгөө л цаг үргэлж асуултаар цэнэглэж байдаг юм. Тэдгээр асуултынхаа ердөө л багахан хэсгийнх нь хариултыг өрөөлөөс авдаг. Харин үлдсэнийх нь хариултыг өөрөө л хайж олдог. Яг л энэ зарчмаараа би ч бас дараагийн дуу эхлэхээс өмнө өөртөө дахин нэг асуулт тавьж амжив. Ямар асуулт вэ гэж үү? "Энэ дууны турш би л ганцаараа "зүүдлэв” үү, эсвэл энэ хүмүүс ч бас үг, аялгуун дундуур эрх чөлөөтэй аялж зүүдлэв үү” гэж. Хариултаа хайлаа. Эргэн тойрноо анхааралтай ажих зуур дараагийн дуу эхэлчихэв. Энэ удаа зүүдлэгчийн эрх чөлөөндөө хориг тавьж, өөрийгөө хөндлөнгийн ажиглагчийн албанд томиллоо.

Өөрийнхөөрөө чи инээхэд

Өөрийнхөөрөө харуусан уйлахад

Зөвхөн чамаар бүгд дутах

Тийм нэг гайхалтай даруухан өнгө цацарна аа...

Танхим дүүрэн өөр өнгө, өөр зүүд тэнэж явааг олж мэдэрлээ. Амьд хөгжмийн тоглолт үзэж байгаа хэрнээ тийм нэг гайхалтай даруухан... Өнөөдрийн тоглолтын гол дүрүүд болох залуус ч бас өөрсдийгөө "даруухан” хэмээн тодорхойлсон. Сонсогчид ч бас ийм даруухан байх юм гэж төсөөлсөнгүй. Гэвч тэд өөр, өөрийн гэсэн өнгөтэй аж. Ийнхүү өрөөл бусдыг ажиглан зогсох зуур дараагийн дууны аялгуу сэтгэлийн минь хамгийн нарийн чавхдасаас алгуурхан татсаар өөртөө уусгаж эхлэв ээ.

 АРАВДУГААР САРЫН “ААДАР”
АРАВДУГААР САРЫН “ААДАР”
Чамайг хүсэж байна

Галзууран хүсэж байна

Тэр тэндээс над руу алхална аа...

Чамайг хүснэ ээ

Тэвчээр алдан байна

Хамаг бие минь мэдээ алдах шиг

Би мансуурна аа...

Өмнө нь тийм ч ихээр анхааран сонсож байгаагүй дууны аялгуу гараас минь атгаад авах мэт мэдрэмж төрөхөд "Жимсэн уруулт” бүсгүй зохиогчийг хэрхэн соронздож байсаныг мэдрэв. Яагаад ч юм, энэ зүүд түрүүчийн зүүдний минь үргэлжлэл мэт санагдлаа. Урлаг хэмээх өнгө ялдам, яруу тансаг цэцгэнд сэтгэлээ өгчихсөн өнөөх залуугийн сэтгэлийг тэрхүү цэцэг ч бас ингэж л тэвчээр алдуулам шидээр өөр рүүгээ татаж байсан байх даа. Магадгүй, "надад ингэж дурлах болов уу” гэсэн эргэлзээ нь тэр л мөчөөс суларч, дурлалт түүнийгээ өөр рүү нь ойртож явааг мэдэрсэн байж ч болох юм. Ингэхэд, тэр, тэд яг энэ өдрөөс зургаан жил, нэг хоногийн өмнө урлаг хэмээх их өргөөний үүдэнд ирж зогссон юм гэсэн шүү. Гэвч

Хаанаас ч ирсэн учрал дунд

Хаачихаа мэддэг зүрхээ чи

Харамлан нуугаад

Надад эргэлзээ юу? гэж дуулдаг шигээ их удаан эргэлзэж, их удаан өөрсдийгөө хагсраан сойж байж сая л гарааны зурвас дээр ирж буй нь энэ бололтой. Гэхдээ урлаг үүдээ цэлийтэл нээж буйг мэдрээд л

Хүрч тулсан хана нураа

Хүч барсан айдас шатаа

Өөд тоосон харц мөхөө

Хөлд хийсэх нурам үлдээ хэмээн "дүрэлзэн ас”-аж эхэлсэн цаг хугацаа ч бас тэдэнд бий. Тэр мөчөөс тэдэнтэй хамт "дүрэлзэн ас”-аж эхэлсэн үзэгчдийг энэ өдөр, энэ танхимаас олж харж байлаа. Би ч бас тэдний нэг. Тэдний нэг болохоороо л тэднийг өөр шигээ сайн мэдрээд байгаа биз ээ. Мөн энд миний мэдэрч амжаагүй цоо шинэ зүйлс ч бас байна. Юу гэвээс, соло гитарчин А.Оргил, басс гитарчин Даваа, дуучин С.Алтанзавьяа, бөмбөрчин Г.Зол-Эрдэнэ нар хэдийнэ өөр, өөрийн сонсогч, бишрэгчидтэй болжээ. Нэгэн цагт "Хурд”, "Харанга”, "Никитон” хамтлагийнхныг нэг, нэгээр нь "өмчлөн” хайрлаж, хүндэтгэдэг байсан өсвөр насны дурсамж сэдэрч, сэтгэл дотроо дүрэлзэн асаж эхлэв. Дүрэлзэн асах гэснээс энэ хамтлагт "Дүрэлзэн ас” гэдэг дуу бий. Энэ дуугаар л энэ хамтлагтай танилцсан хүмүүс ч цөөнгүй бий. Анхны сонсолтоор л энэ хоолой, энэ хөгжим, энэ хэмнэлд дурлачихсан хүмүүсийн нэг нь би. Ер нь эдний дуунууд их сонин. Анхны харцаар дурлана гэдэг шиг анхны сонсолтоор л сэтгэлд буудаг. Дууны үгийг нь уншиж эхэлмэгц л аялгуу нь сэтгэлд уянгалаад эхэлдэг. Аялгуу нь үг хэлдэг, үг нь дуулдаг. "Дууны шүлэг, аятайгаа ихэрлэж төрдөг” гэдэг л энэ байх даа гэж уулга алдмаар. Хэдхэн сонсолтоор үг, аялгуу нь цээжлэгдэж, аманд аялагдаад, сэтгэл дотор үүрээ засчихдаг дуунуудынх нь нэг нь мэдээж "Дүрэлзэн ас”. Тиймээс ч тоглолтон дээр хүмүүсийн хамгийн ихээр сонсохыг хүсэх дуу нь энэ л байх гэж таамаглаж байлаа. Гэтэл "Ясан толгой”-г сонсохыг хамгийн олон хүн хүсчээ.

Би нэг их стресстэй үедээ энэ дууг эхлүүлээд, үргэлжлүүлж сонсолгүй орхичихож билээ. Түүнээс хойш сонсоё гэж ганц ч удаа бодоогүй. Одоо л анх удаа сонсох гэж байна. Хамтлагийн анхны уран бүтээл болох энэ дууны шүлэг анх "Үхээрийн газар” нэртэй байсан юм гэнэ лээ. Тэд аялгуундаа тохируулаад, нэр болоод үгийг нь

Тэнгэрийн дор ялгарахыг хичээдэг ч

Газар дор орохдоо яг ижилхэн

Ядуусынх нь ч ясан толгой

Ямбатных нь ч ясан толгой

Яаж ч явсан чи бид хоёр

Яг ижилхэн тавилантай гээд өөрчилчихсөн аж. Зүрхний хамгийн гүн ховдлоос тунаран гарч байна уу гэлтэй, элгэмсэг аялгуутай хайрын дуу голдуухан дуулдаг энэ хамтлагт хурцадсан гэмээр сэдэвтэй дуу юм. Гэвч хөндий хоосон биш, сэтгэлд наалдацтай сонсогдож байна. Яг үүнтэй зэрэгцээд энэ хамтлагийн нэгэн дууг сонссон нилээд хэдэн уран бүтээлч "Энэ чинь орчин цагийн "Хонхны дуу” байна шүү дээ” гэж уулга алдсан нь санаанд буулаа.

Хуруу гар минь нэг л сайхныг бүтээмээр байна

Худлын дэргэд үнэн байх яасан хэцүү вэ?

Зүрх минь чи юунд дуугүй цохилно вэ

Тархи минь чи биднийг залж чадахгүй л байна уу?...

Сэтгэл давчидсан үeд энэ дууг сонсох хүсэл оргилно. Сонсоод эхлэхээр нулимс цээжин дотор аргасаар хатуурчихаад, "хайлж” өгөхгүй тарчилгаад байх шиг мэдрэмж төрнө. Гэвч хуурайшин аргаж, мөстөн цэвдэгшээд байсан зүрхэнд гэв гэнэтхэн л аадар буучих шиг болоод чийг үнэртэн, сэтгэл цэлмэнэ. Тэгээд яг энэ дууны нэр шиг "үүр цайна”.

Тоглолт шөнийн 00 цагт өндөрлөсөн ч сэтгэлд гэгээ татаж, чийг ханхийгээд нэг л таатай. Уг нь өчигдөр аравдугаар сарын 21 байсан. Өмнөх шөнө нь байгаль дэлхий хураа хайрлаж, хахир хүйтэн өвлийн өмнөх уужралыг монгол түмэнд бэлэглэсэн. Харин энэ өдөр Хард рок клубт цугласан олны сэтгэлд хүсэл тэмүүлэл, итгэл уяралын "ААДАР” асгарлаа. Тэр "Аадар”-ын дуслууд хүн бүрийн сэтгэлд өнгө, өнгөөр тунаран буулаа. Тийм ээ, энэ бол үе үеийн залуусын цөсийг хөөргөсөөр ирсэн амьд хөгжмийн хамтлагуудын залгамж халаа болон гарч ирж буй "Аадар” хамтлагийн анхны цомгийн баяр байлаа.

Тэд өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй

Тэд өөрийн гэсэн үзэл бодолтой

Цор ганцхан давтагдашгүй төрхтэй

Дахин төрөхгүй ганцхан амьдралтай.

Тиймээс ч тэд "өөрийгөө өөртөө үлдээ”-ж, хүсэл тэмүүллийнхээ төлөө "дүрэлзэн ас”-саар л явна.

Ц.БАТТУЯА

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen