
УИХ-ын гишүүн П.Сайнзориг өөрийн бланкан дээр Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах гарын үсэг цуглуулж эхэлсэн байна. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрыг огцруулах акц эхэлж, Төрийн ордонд гишүүдээс санал асууж байгаа мэдээлэл гарсан. Тэгвэл энэ акц нэлээд идэвхтэй өрнөж, П.Сайнзориг гишүүний Засгийн газрыг огцруулах саналд 40 гаруй гишүүн гарын үсэг зурсан мэдээлэл байна.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах үндэслэлийг Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох аргачлалыг өөрчилж баталсан Засгийн газрын 55 дугаар тогтоолтой холбон тайлбарлаж байгаа аж. Тэрээр Засгийн газар дур мэдэн АМНАТ тооцох аргачлалыг өөрчилж, улсын төсөвт орох ёстой байсан АМНАТ-ийн орлогыг 200 тэрбум төгрөгөөр бууруулсан нь Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөн гэж тайлбарлаж буй.
Засгийн газар өнгөрсөн наймдугаар сард АМНАТ ногдуудах, тайлагнах, төлөх журамд дараах өөрчлөлтийг оруулсан байна.
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 08 сарын 20 өдөр
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 465 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам"-ын 3 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 3.11, 3.12 дахь хэсэг нэмсүгэй:
"3.11.Ашигт малтмал экспортлогч аж ахуйн нэгж нь тухайн төрлийн экспортын бүтээгдэхүүний дөрөвний нэг, түүнээс дээш хувийг Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр арилжаалсан тохиолдолд нийт экспортод гаргасан тухайн төрлийн бүтээгдэхүүний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг "Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай" Засгийн газрын 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 81 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтад заасан Уул уурхайн бүтээгдэхүүний бирж (Монголын хөрөнгийн бирж)-ийн арилжааны үнээр тооцож, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулна.
3.12.Энэ журмын 3.11 дэх заалтыг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө."
2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нарт үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙД Г.ДАМДИННЯМ
• • •
П.Сайнзориг гишүүн дээрх тогтоолыг Г.Занданшатарын Засгийн газар том компаниудын эрх ашигт нийцүүлэн гаргасан бөгөөд төсөвт АМНАТ-өөс орох ёстой байсан нүүрсний орлогыг 200 тэрбум төгрөгөөр бууруулсан нь өөрөө ноцтой зөрчил гэж үзэж байгаа аж. Тэрээр уг асуудлаар Засгийн газрыг Үндсэн хуулийн Цэцэд өгч, цаашлаад Засгийн газрыг огцуулах гол үндэслэл болгож байгаа юм байна.
Харин Засгийн газар болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын зүгээс АМНАТ-ийг Уул уурхайн биржийн үнээр тооцож тогтоодог болсноор харин ч төсөвт төвлөрөх орлого 100 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ. Засгийн газар хууль зөрчөөгүй. Бас давуу байдал хэнд ч олгоогүй. Зөвхөн нүүрс биш төмрийн хүдэр, жонш экспортлогч 400 гаруй аж ахуйн нэгжид хамааралтай шийдвэр гэж тайлбарлаад байгаа юм.