Эх орон надаас эхэлнэ - Бяцхан бахархлын оч Эссэ

Эх орон надаас эхэлнэ - Бяцхан бахархлын оч Эссэ 

Эх орон надаас эхэлнэ

Бяцхан бахархлын оч

Нутагтаа очин амарсан тэр нэгэн зуныг хэзээ ч мартахгүй .......

Сүрлэг өндөр уулс, нов ногоон зүлэг, алаглах цэцэгс, тунгалаг хөх тэнгэр энэ бүхэн өмнөхөөсөө тэс ондоо болсон мэт харагдаж, үнэр нь хүртэл сэтгэл гэгэлзүүлж, хотын ямар ч үнэртэн энгэсэгнээс гайхалтай үнэрийг мэдрүүлж байсан юм. Бид хажуудаа суугаа ижийнхээ халуун дулаан сэтгэл, хайр халамжийнх нь хариуг хожуу ухаарч, "Хайртай” гэх үгийг цөөн удаа хэлдэг шиг зун болгон очдог нутгийн маань юм бүхэн тэгэхэд л гайхалтай санагдаж билээ.

 

Ч. Чимид гуай "Би монгол хүн” шүлэгтээ

"Үлээж байгаа салхи нь үнсээд ч байгаа юм шиг”

Өршөөлт ижий минь гар илээд ч байгаа юм шиг " хэмээн шүлэглэсэн байдаг. Магадгүй энэ шүлэгчийн тэрхэн агшинд мэдэрсэн, цаасан дээр буулгах болсон энэ мэдрэмжийг тэр үед амсаж мэдэрсэн гэлтэй. Ямартай эх нутгийнхаа малын хошуу хүрдэггүй зэрлэг ногооны үнэр салхитай сүлэлдэн надад хүрэхэд миний сэтгэлийг тэгж их гижигдсэнийг.

Ингээд харахад өмнө нь хажуугаар минь сүндэрлэх нутгийн уулсаа, тэр хөх тэнгэрийг ажин хардаггүй байж. Түүгээр ч барахгүй эх орныхоо урласан дахин давтагдашгүй бүтээлүүдийг үзэж хармаар сэтгэл өөрийн эрхгүй төрж байлаа. Тэр зун гэрээс гарч хөдөө нутгийг зорих дургүй байсан намайг эх нутаг минь урин дуудаж хоёр ч удаа очсон юм даа.

Өнөө цагт миний үеийн хүүхэд залуус харь оронд сурч боловсрох, амьдрах илүү сонирхолтой болжээ. Тэд ярихдаа " Монголд сурмааргүй байна, энд амьдарч бүтэхгүй” гэх мэтээр л өдөр хоногийг гадаадад сурахын төлөө мэрийж өнгөрүүлж байна. Тэгвэл тэд яагаад эх орноосоо ингэж зугтаах болов?

Манай ангийн хүүхдүүдийн ихэнхи хувь нь л гэхэд гадаад явах хүсэлтэй, 30 гаруй хувь нь түүнийхээ төлөө зориглон, хичээж байгаа билээ. Үнэхээр залуу үе бид чинь сурч боловсрох, мэдлэг чадвартай болох бүрэн шаардлагатай. Цаашлаад энэ хураасан мэдлэг бүхнээ эх орныхоо ирээдүйн хөгжлийн төлөө гаргаж болох юм. Гэтэл тэндээ болж л байвал ирэхгүй гэх товчхон бөгөөд харамсалтай хариултыг өгнө.

Тэд миний мэдэрсэн тэр жилийн, тэр зуны мэдрэмж, сэтгэл хөдлөлийг үзсэн бол өнөөдөр өөр байх байсан болов уу? Учир нь тэр зун миний зүрх сэтгэлд бахархлын бяцхан оч бадамлан асаж эх орноороо омогших гал дүрэлзсэн юм. Би чинь ямар гайхалтай нутагт амьдарч, үүнийгээ өдийг хүртэл мэдээгүй явсан юутай харамсалтай гэж бодож байлаа. Түүгээр ч барахгүй би чинь өөрөө нутгийнхаа баялаг нь юм байна гэх ухаарлыг олж авсан билээ.

Эх орноо цэцэгс шиг чимж явах залуус маань гадаад улс руу нүүдлийн шувуу шиг орхин одоход нутаг нь яг л нэгэн үнэт баялгаа алдсантай адил хоцордог юм.. Эх орныхоо хувьд бид үнэт эрдэнэ нь, бидний хувьд эх орон минь миний бяцхан бахархалын очноос үүссэн аугаа зүйл билээ. Бидний нутагт утаа, хог хаягдал, ядуурал гээд л олон шүдний өвчин бий. Өнөө үеийн залуус энэ асуудлаас бултан хаяад явах нь ихэссэн. Гэтэл эргэн харвал энэ бүхнийг хэн бий болгосон? Бид шүү дээ!! Харин бидний өмнө харь орон луу хаяж одох уу, авч үлдээд хөгжүүлэн цэцэглүүлэх үү хэмээх хоёр сонголт л байна. Өөрсдөө төрж өндийхдөө тулж босчхоод өнөөдөр бид ийм нүдээр харах нь эхийгээ өвчтэй цагт нь орхиод явахтай адил буюу.

Гадаадад сурч ирсэн хүмүүс нь монголд ажлын байр, цалин, амьдралын нөхцөл дорой тул баталгаа алга л гэцгээдэг. Үнэндээ бол улс орны минь эдийн засаг уналттай, гадаадаас ирсэн баялаг бүхнээ хангалттай ашиглан таатай амьдруулж чадахгүй байгаа нь ортой.. Гэхдээ залуус нь ийм сонголт хийх аваас хэн, хэзээ нутагтаа ирж, өргөс бүхнийг нь түүх юм бэ? Харууссан сэтгэлийг нь хэзээ тайлах юм бэ?

МҮОНТ-ийн "Монгол хүн монголын баялаг” нэвтрүүлэг надад бас нэгэн урам зориг, бахархлыг минь өдөөсөн. Хэдийгээр нэвтрүүлгийн оролцогчид дэлхийн нэр хүндтэй корпораци, компанид ажиллаж, тэндээ амьдарч байгаа ч тун удахгүй эх орноо элгэн нутгаа зориод очино доо хэмээн баярын инээмсэглэлийг тодруулан өгүүлж буй нь юутай бахдалтай. Улсынхаа төлөө сэтгэл бүхнээ зориулах тэр хүмүүс бол эх орныхоо жинхэнэ үнэт баялаг нь юм.

Өнөөдөр та эх орныхоо юу үнэтэйг ухаарсан уу? Энэ монгол хүн та өөрөө шүү дээ. Залуус бүхэн эх орныхоо хойчийн төлөө өөрсдийн цуглуулсан эрдэнэ мэт мэдлэг, сэтгэлд асах оч бүхнээ "Монгол” хэмээх нэрийг хүн бүр сонсоод хүндэтгэн мэхийх хүртэл зориулаасай. Үүнд миний ч бас зүрх сэтгэл, эрдэм мэдлэг байх болно.

Эх оронд минь хорвоод хосгүй морин хуур, өөр хаанаас ч эрээд олдохгүй босоо монгол бичиг, нүүдлийн малчин ард түмэн, . Мөн эх орныхоо хувьд хамгийн үнэтэй "Монгол хүн” аж төрөн, амьдардаг юм шүү дээ. Эх орон минь миний сэтгэлд асаасан бяцхан бахархлын очноос эхэлж, миний хүчээр хөгжиж, миний зүрхнээс гарсан булгаар тэтгэгдэнэ. Эх орон надаас эхэлнэ

 


Сүхбаатар дүүргийн

71-р сургуулийн12 А ангийн сурагч Н.Алтанхүү

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen