Ц.Мөнх-Оргил нар санаачилсан Үндсэн хууль зөрчсөн төсөл

Ц.Мөнх-Оргил нар санаачилсан Үндсэн хууль зөрчсөн төсөл

 

УИХ-ын энэ хаврын чуулганаар хэлэлцэж буй, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нарын санаачилсан 2024.3.5 гэсэн огноо бүхий, УИХ-ын сайтад тавигдсан “Цэцийн тухай хууль (шинэчилсэн найруулга)”, “Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хууль (шинэчилсэн найруулга)” гэсэн хоёр төслийн талаар товч ярих болно. Эдгээр төсөл батлагдвал дор дурдсан Үндсэн хуулийн зөрчилд хүргэхийг урьдчилан сануулж болгоомжлуулах зорилгоор бичлээ. АНХААРАЛ ХАНДУУЛНА УУ!

 

НЭГ. Монгол Улсын Үндсэн хуульд хүний үндсэн эрх зөрчигдсөн тохиолдолд түүнийг хамгаалахгүй үлдээсэн хийдэл байхгүй. Харин зөрчигдсөн тохиолдолд зарим хэсгийг нь Цэц, үлдсэн хэсгийг нь шүүх хамгаалахаар Үндсэн хуульд тусгагдсан. Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд, тухайлбал 16.1-д иргэн өөрийн хөндөгдсөн эрхийн талаар шүүхийн Эцсийн шийдвэрийг Цэцэд давах түүнийг Цэц хянан шийдвэрлэж болохоор заажээ. Ингэснээр Дээд шүүхийн шийдвэр эцсийн байх тухай Үндсэн хуулийн 50.2 заалтыг илт зөрчиж байна. Цаашилбал, Цэцийн хянан шийдвэрлэх маргааны хязгаарыг тогтоосон Үндсэн хуулийн 66.2 дотор “шүүхийн шийдвэр”, “Дээд шүүхийн шийдвэр” гэж байхгүй байна.

 

ХОЁР. Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд, тухайлбал I 16.2, 52.1 болон 55.1-д зааснаар иргэнд Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хасчээ. Тодруулбал, Үндсэн хуулийн 66.1 болон 66.2 заалтаар иргэнд олгогдсон 66.2.1-2 эрхийг, өөрөөр хэлбэл, иргэний зүгээс хууль, зарлиг, Засгийн газрын шийдвэр Үндсэн хууль зөрчсөн гэсэн мэдээллийг Цэцэд гаргах эрхийг хасчээ. Ингэснээр Үндсэн хуулийн 66 дугаар зүйлийг зөрчсөн байна. Миний мэдээллийн дагуу энэхүү эрхийг баталгаажуулсан Цэцийн эцсийн шийдвэрийг бас зөрчсөн байна. 

 

ГУРАВ. Цэц бол төрийн дээд эрх мэдлийг хэрэгжүүлж байгаа байгууллагуудын хооронд үүссэн Үндсэн хуулийн маргааныг хянан шийдвэрлэдэг тул Цэцийн шийдвэрийг маргаанд дийлдсэн тал үндэслэлгүйгээр улс төржүүлэх явдал тохиолддог. Энэ нь хэдэнтээ давтагдах хэрээр тэдгээрийн зарим нь Цэцийг нүд үзүүрлэж эхэлдэг. Хэрэв ийм хандлага газар авбал Үндсэн хуульт байгуулалд маань занал учирна. Иймээс Цэцийг байгууллагын хувьд, бас гишүүнийг нь Үндсэн хуулийн 64.2-3, 65.4 заалтаар хамгаалсан.

 

Цэцийн 9 гишүүнийг Ерөнхийлөгч, УДШ, УИХ тус бүр 3-ыг нэр дэвшүүлэн илгээж УИХ томилдог тул Цэцийн гишүүнийг эгүүлэн татах асуудлыг УИХ-аас аль болох зайтай байлгах хэрэгтэй. Гэтэл үүнийг үе үеийн УИХ саармагжуулж ирснийг, сонирхож буй хоёр хуулийн төсөл бүр лавшруулахаар шийдсэн байна.

 

64.2 дотор Цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд бусдаас хараат байна. 64.3 дотор Цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана гэж заажээ. Эхний заалт ёсоор Цэцийн бүрэн эрхийг гажуудуулсан хуулийг Цэц дагаж мөрдөхгүй байж болно. 65.4 ёсоор Цэцийн дарга, гишүүн хууль зөрчвөл Цэцийн шийдвэр, анх илгээсэн байгууллагын саналыг үндэслэн УИХ эгүүлэн татаж болно.

 

Ийнхүү “чөлөөлнө”, “түдгэлзүүлнэ”, “огцруулна” гэж байхгүй учир УИХ Цэцийн гишүүнийг зөвхөн эгүүлэн татаж болно. Энэхүү эгүүлэн татах нь дараах дараалалтай явагдсан нөхцөлд Үндсэн хуульд нийцнэ. Тухайн гишүүнийг илгээсэн байгууллага хууль зөрчсөн үндэслэлээр түүнийг эгүүлэн татах саналаа Цэцэд оруулсан байх; Цэц уг саналыг хэлэлцээд, үндэслэл тогтоогдон зохих шийдвэрээ УИХ-д оруулсан байх нөхцөлд УИХ тухайн гишүүнийг эгүүлэн татаж болно.

 

Гэтэл Цэцийн тухай хуулийн төсөлд, тухайлбал 21 дүгээр зүйлд бүгдийг урвуугаар хийх гэнэ. Хууль зөрчсөн тул эгүүлэн татах саналыг эхлээд УИХ Цэцэд оруулна; Цэцийн хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч саналын үндэслэлийг танилцуулна; эгүүлэн татах тухай Цэцийн шийдвэр гарсан бол УИХ уг шийдвэрийг тухайн гишүүнийг анх илгээсэн байгууллагад хүргэнэ; тус байгууллага энэ хуульд заасан хугацаанд саналаа УИХ-д хүргүүлнэ, хэрэв хүргүүлээгүй бол тусгай саналгүйд тооцно; эцэст нь тухайн гишүүнийг УИХ эгүүлэн татаж болно. Ийнхүү УИХ-ын маш идэвхтэй ажиллагааны эцэст Цэцийн гишүүнийг зөвхөн Цэцийн шийдвэрийг үндэслэн УИХ эгүүлэн татаж болно. Гэтэл Үндсэн хуулийн 65.4 заалт илгээсэн байгууллагын эгүүлэн татах саналыг шаардаж байгаа билээ. Цаашилбал, мөн хуулийн 20 дугаар зүйл ёсоор Улсын ерөнхий прокурорын саналаар Цэцийн гишүүний бүрэн эрхийг Цэц түдгэлзүүлж болно. Тодруулбал, Цэцийн гишүүнд холбогдуулан үүсгэсэн гэмт хэргийг мөрдөн шалгах явцад уг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагатай гэж үзвэл энэ тухай саналаа Улсын ерөнхий прокурор Цэцэд оруулна; энэ хуульд заасны дагуу Цэц хэлэлцээд үндэслэлтэй гэж үзвэл Цэц тухайн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ. Энд Үндсэн хууль олон талаар зөрчигдөж байгааг нуршсангүй. Мөрдөн шалгагдах хүртлээ гэмт хэрэгт холбогдсон юм бол ёс суртахууны мэт энгийн хуулийг зөрчсөн байх нь элбэг. Ер нь прокурор асуудлыг илгээсэн байгууллагад нь түдгэлзүүлэх биш, эргүүлэн татахаар тавибал Үндсэн хуульд илүү нийцнэ.

 

ДӨРӨВ. Цэцийн гишүүн Цэцэд ирүүлсэн хүсэлт, мэдээлэл, өргөдлийг дангаар хянан Үндсэн хуулийн маргаан үүсгэх эсэх талаар тогтоол гаргадаг зохицуулалтыг хасаж, Цэцийн нэг ажилтанд тохсон нь яавч сайн зүйл биш. Цэц шиг өндөр ёс суртахуунтай байх ёстой өндөр мэргэшсэн байгууллага дэгээ өөрөө баталдаг баймаар. Гэтэл Цэцийн дэгд хамаарах олон заалтыг хуулийн төсөлд тусгасан, УИХ-ын дэг дотор оруулсан байна. 

 

Д.Ламжав

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen