1000 гаруй хоригдол Лос Анжелест гал унтраалцаж байна
Лос Анжелес муж даяар гал түймэр үргэлжлэн тархсаар байгаа тул хоригдлуудыг дайчилж байна. Тодруулбал, гал түймэртэй тэмцэгсдийн дунд 1000 гаруй хоригдол байгааг албаныхан мэдэгдлээ. Тэдгээр хоригдол сайн дураараа бүртгүүлж, гал сөнөөх үйлсэд нэгджээ. Гал сөнөөхөд сайн дураараа оролцож буй хувь хүмүүс өдөрт 5.80-аас 10.24 ам.доллараар цалинждаг аж.
Хоригдлууд галын тархалтыг сааруулахын тулд галын шугамыг таслах, байгууламжууд дотор байгаа түлшийг зайлуулах зэрэг ажлыг хийж байна. Энэ нь онцгой байдлын үед нэн чухал дэмжлэг үзүүлж буй ажил юм.
Лос Анжелес хотын түймэр нэгдүгээр сарын 7-ноос эхэлсэн. Үүнээс хойш хоригдлууд яг хэдэн цаг, хэдэн ээлжээр ажилласан нь тодорхойгүй байна. Хоригдлууд ийм хөтөлбөрт хамрагдах нь мэргэжлийн гэрчилгээ авах, цаашлаад суллагдсаныхаа дараа ажлын байртай болох боломжийг нээж өгдөг. Мөн гэмт хэргийн бүртгэлээ арилгуулах, ялын хэмжээгээ бууруулах ч боломжтой. Хоригдлуудын гал унтраах хөтөлбөр нь 1915 оноос эхэлсэн боловч 1940-өөд онд буюу дэлхийн хоёрдугаар дайны үед улам өргөжжээ.