Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд нарт холбогдох хэрэгт Японы талаас туслалцаа хүсжээ
Дэлхийн банк манай Засгийн газраас нэхэмжлээд байсан 1.7 сая ам.долларыг БНСУ-ын талаас шилжүүлэн аваад тус банканд төлснөө АТГ-ынхан өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайланд тодорхой дурдаад буй. Тодруулбал, Дэлхийн банкны санхүүжилттэй хэрэгжсэн “Цахим эрүүл мэнд” төсөл аудитын дүгнэлтээр хангалтгүй үнэлэгдсэн тул тус банкнаас уг төслийг зогсоож, улмаар Монгол Улсын Засгийн газраас нийт 1.7 сая ам.долларыг нэхэмжилсэн байдаг.
АТГ-ын мөрдөгчид Дэлхийн банктай мэдээлэл солилцох замаар гадаад улсын ижил төстэй чиг үүрэг бүхий байгууллагатай хамтран ажилласнаар төслийн гүйцэтгэгч БНСУ-ын “Taihan Cable & Solution” компани нь хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар шалгарч, улмаар гэрээнд тусгагдсан төслийн хөрөнгийг үр дүнгүй захиран зарцуулан улсад их хэмжээний хохирол учруулсан болохыг тогтоон, тус компаниас 1.7 сая ам.долларын хохирлыг Монгол Улсад эргүүлэн төлүүлж, төсвөөс дээрх зээлийн төлбөрийн хүүг төлж байсныг зогсоожээ” хэмээн мэдээлсэн юм.
Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банктай 2015 онд эрүүл мэндийн байгууллагуудад “Цахим эрүүл мэнд” төсөл хэрэгжүүлэх зорилгоор хэлэлцээр хийж, эрүүл мэндийн мэдээлэл солилцох платформ хөгжүүлэх, хэрэгжүүлэх туршин нэвтрүүлэх олон улсын нээлттэй тендер зарласан байдаг. Дэлхийн банкны 19.5 сая ам.долларын санхүүжилттэй эл төсөл зургаан жил үргэлжилсэн ч үр дүн гараагүй бөгөөд Засгийн газраас 2023 оны гуравдугаар сард “Дэлхийн банкны цахим эрүүл мэнд төслийн санхүүжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол баталснаар АТГ-ынхан нарийвчлан шалгах ажиллагаа эхлүүлсэн билээ. Уг хэрэгт холбогдуулж Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд, түүний садан төрлийн хүн гэгдэх Б.Эсболд болон “Аксиссистемс” ХХК-ийн эцсийн өмчлөгч Ж.Мөнгөнсүх нарыг шалгаж эхэлсэн. Улмаар С.Энхболдыг Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсгийн улс төрд нөлөө бүхий албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашигласан гэх үндэслэлээр яллагдагчаар татах тогтоол НПГ-аас баталсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Эрүүл мэндийн мэдээллийн нэгдмэл байдал, хэрэглээг нэмэгдүүлэх, цахим шийдлүүдийг нэвтрүүлэх замаар энэ салбарын үйлчилгээг сайжруулах зорилготой эл төслийг хэрэгжүүлэхэд Ж.Мөнгөнсүх, Я.Энхчулуун нарын хөрөнгө оруулалттай “Аксиссистемс” ХХК гол үүрэгтэй оролцсон бөгөөд Я.Энхчулуун нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хөрөнгө оруулалттай “Эрдэнэт медипас” эмнэлгийг ямар ч үнэ төлбөргүйгээр шилжүүлэн авсан хэрэгт холбогдон шалгуулах үедээ хилээр гарч явсан юм.
Тэгвэл АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн Я.Энхчулуунтай холбоотой үйлдлийг шийдвэрлэх зорилгоор түүний оршин суугаа Япон улсын хууль сахиулах байгууллагаас туслалцаа хүсээд хариу нь ирэхийг хүлээж байгаа аж. Японы талаас нааштай хариу ирвэл Эрүүл мэндийн сайд асан С.Энхболд нарт холбогдох хэргийг шуурхай шийдвэрлэх боломж бүрдэх юм билээ. Өөрөөр хэлбэл, татвар төлөгчдийн мөнгөөр төлж байсан 1.7 сая ам.долларын хүүг гэм буруутай этгээдүүдээр нөхөн барагдуулж төрийг хохиролгүй болгоно гэсэн үг.