Б.Доржханд: Хэт ядарч, стресстэж, нойрны хэмнэл тогтмол бус удаан явбал нойрны хямрал үүсэх эрсдэлтэй

Б.Доржханд: Хэт ядарч, стресстэж, нойрны хэмнэл тогтмол бус удаан явбал нойрны хямрал үүсэх эрсдэлтэй

 

Амьдралын буруу зуршил нойргүйдэлд хэрхэн нөлөөлдөг, нойргүйдэлд хүргэх гол нөхцөл болоод түүнээс хэрхэн сэргийлж болох талаар “Буянт Оношилгоо” эмнэлгийн  ахлах зэргийн мэдрэлийн эмч Б.Доржхандтай ярилцлаа.
-Нойргүйдэл гэж яг юу болох талаар тайлбарлахгүй юу?
-Нойргүйдлийг тархины хэт сэргэг байдал гэж үздэг. Өөрөөр хэлбэл бие махбод, тархины тайван амрах унтах болон сэрүүн сэргэг байх байдлын тэнцвэр алдагдаж хэт сэргэг байдал давамгайлж унтаж чадахгүй болдог. Нойргүйдэхэд сэтгэлзүйн тогтворгүй байдал ихээхэн нөлөө үзүүлдэг.
-Нойргүйдлийн эмгэг нь ямар шинж тэмдгээр илэрдэг вэ?
-Унтах орчин нөхцөл болон цаг хангалттай байгаа ч нойр хүрэхгүй удаан хэвтэх, унтсан ч амархан сэрж эргэж унтахгүй удах, өглөө эрт сэрэх зэргээр илэрнэ. Нойр дутуу байгаа нь маш их стресс үүсгэж зан авир, ажил, амьдралд сөргөөр нөлөөлж ирнэ. Цаашилбал нойртой холбоотой түгшил айдас үүсэж, энэ нь нойргүйдлийг улам архагшуулах хандлагатай болдог.
-Нойроо ханасан эсэхийг яаж мэдэх вэ?
-Хүн бүрийн нойрны хэрэгцээ адилгүй, зарим нь 6 эсвэл 8 цаг унтаж байж сэргэж эрч хүчээ сэлбэж авдаг. Унтсан цагаа тооцохоос илүү өглөө сэрэхэд сэргэг амарсан байх, өдрийн турш ядарч нойрмоглож, боломж гарвал зүүрмэглэх, дугхийж унтах зэрэг шинж илрэхгүй байгаа бол өнгөрсөн шөнийн нойр хангалттай гэж үзэж болно.
-Нойрны хямралд хүргэх гол шалтгаан нь юу байна вэ?
-Ихэнхдээ нойрны эрүүл ахуй мөрдөхгүй байх, оюуны хэт их ачаалалтай, амралт багатай биеэ дайчилж ажиллаж ядрах, хэт стресстэй болох, нойрны хэмнэл тогтмол бус байх зэрэг нь нойрны хямралд хүргэдэг.
-Унтахын өмнө гар утас, таблет ширтэх нь нойрны хямралд нөлөөлөх үү?
-Шаардлагатай бол унтахын өмнө, орондоо 20 минутаас хэтрэхгүй дэлгэц хэрэглэж болно гэдэг. Харин хэт удаан, унтах хүртлээ утсаа үзэх нь зохимжгүй. Мэдээж үзэж байгаа зүйлийн агуулга сэргээнэ. Мөн дэлгэцийн гэрэл сэргэг болгоно, улмаар ингэж хэвтэж байж унтдаг дадалд өөрийгөө сургана. Орондоо ороод удалгүй унтаж чадахгүй болно гэсэн үг. Гар утсаар гарч байгаа хэн нэгэнд удирдуулах биш та өөрөө гар утсаа тавьж сурах хэрэгтэй.
-Нойр дутуу байх нь хүний эрүүл мэнд, сэтгэцэд хэрхэн нөлөөлдөг вэ. Нойргүйдэл туйлдаа хүрвэл амиа хорлоход хүртэл хүргэдэг гэсэн үнэн үү?
-Нойрны дутагдал болон нойргүйдэл нь өөр ойлголт. Товчхон хэлбэл унтаж амрах цаг болон орчин нөхцөл бүрдээгүй, өвдөлт зовуурь, хүн харж асрах, эрүүл мэндийн байдал зэрэг олон шалтгаанаас болж хангалттай унтаж амарч чадахгүй явахад нойрны дутагдалд орно. Өдөр их ядарна, нойрмоглоно, ажил дээрээ алдаа эндэгдэл гаргана, аваар осолд орно, удаан үргэлжилбэл даралт ихсэлт, зүрхний хэм алдагдал, бодисын солилцооны хямрал, таргалалт, сэтгэл гутрал гээд олон өвчний эх үүсвэр болно.
Нойргүйдлийн хувьд эсрэгээрээ унтах орчин болон цаг хангалттай бүрдсэн ч унтаж чадахгүй байх, хөнгөн сэргэг унтах, олон сэрэх, унтаж чадахгүй байх гэсэн санаа зовнил, түгшил үүссэн байдаг. Нойроо нөхөж авах гэсэн оролдлого чармайлт их гаргах хэдий ч зарим тохиолдолд үр дүн муутай, нойргүйдлээ улам архагшуулаад байдаг.
-Нойргүйдлээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Нэгдүгээрт, ажил амралтын дэглэмийг мөрдөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өдөр ажиллах цагтаа идэвхтэй ажиллах харин амрах цагтаа бас амардаг байх хэрэгтэй. Бие махбодын дотоод биологийн цагаа дагаж ажиллаж амьдрах,
Хоёрдугаарт, нойрны эрүүл ахуй зарчмыг мөрдөх буюу дуу чимээгүй, харанхуй, сэрүүн байх зэрэг унтах орчноо бүрдүүлэх, кофе, тамхи, хүнд хоол, хэт эрчимтэй дасгал хийх зэрэг бие махбодоо сэргээх үйл орой хийхгүй байх,
Гуравдугаарт, унтах босох цагаа тогтмол байлгах хэрэгтэй. Өдрийн цагаар хэт удаан унтахгүй байх,
Дөрөвдүгээрт, нойргүйдэх шинж илрээд авсан арга хэмжээ үр дүнгүй, нойргүйдэл нь ажил, амьдралд нь сөргөөр нөлөөлж байвал мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авах хэрэгтэй.
-Нойргүйдэлд өртсөн бол хэрхэн даван туулах талаар зөвлөгөө өгөхгүй юү?
-Мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Нойр муу байгаагийн цаана олон хүчин зүйл байж болдог учир эхлээд оношлох хэрэгтэй.  Тодруулбал, бие махбодын өвчин, дааврын өөрчлөлт, нойрны бусад эмгэг болон сэтгэцийн эмгэг, сэтгэлзүйн тогтворгүй байдал, стресс, эмийн хэрэглээ, нойрны эрүүл ахуй мөрдөхгүй байх, ээлжийн ажил гэх мэт олон шалтгаан хүчин зүйл бий . Иймд тодруулж оношилсны үндсэн дээр зөв оновчтой зөвлөгөө, эмчилгээ  гарч ирнэ. Эмчийн зөвлөгөөг мөрдөх хэрэгтэй, эргэх холбоотой бас тууштай байж үр дүн гаргах хэрэгтэй.
-Ярилцсанд баярлалаа.
https://itoim.mn/a/2025/01/10/health/zgq?e72ff85249f6043d0851b40838048e22
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen