Папуа шинэ Гвинейд хоригдлууд бөөнөөрөө шоронгоос оргох үеэр 17 хүн амь үрэгджээ
Папуа Шинэ Гвиней улсын "Buimo" шоронд хоригдлууд бөөнөөрөө оргохыг завдах үеэр шоронгийн харуулууд гал нээсний улмаас 17 хүн амиа алджээ.
Гурван хоригдлыг баривчилсан боловч 57 хүн зугтаж амжсан байна.
Оргодлуудын зарим нь шүүхээр таслагдаагүй байсан бөгөөд "оргодлууд бүс нутгийн аюулгүй байдалд онц ноцтой аюул учруулж байгаа" гэдгийг албаны хүмүүс анхааруулсан байна.
Папуа Шинэ Гвиней улсын хоёр дахь том хот болох Лае хотын шоронд үүнтэй адил оргон зайлах явдал өнгөрсөн онд хэд хэдэн удаа гарч байжээ.
Тус улсын Цагдаагийн газрын дарга, хошууч Антони Вагамби мэдэгдхэдээ "оргосон хоригдлуудын ихэнх нь онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн хүмүүс байсан” гээд оргодлуудад хандан "тосгоны ахлагч, сүмийн тэргүүн болон гэр бүлийнхэн дээрээ очиж сайн дураараа бууж өгөх"-ийг уриалсан байна.
Папуа Шинэ Гвиней улс дахь шоронгуудын нөхцөл байдал маш муу, хэт олон хүн нэг дор хоригддог нь түгээмэл үзэгдэл бөгөөд шүүхээр ороогүй хүмүүс удаан хугацаагаар хоригддог байна. 2016 онд хоригдлууд шоронгийн гол хаалга руу дайран үймээн дэгдээх үеэр наад зах нь 11 хоригдол буудуулж амиа алдсан бол 70 гаруй хүн оргон зайлж байжээ. Өнгөрсөн онд 50 хоригдол мөн ийм байдлаар оргосон байна.