Ирээдүйгээ бүү сор: Монгол улс жилд 3 тэрбум ширхэг тамхи импортолж байна
“Ирээдүйгээ бүү сор” никотин агуулсан бүх төрлийн утаат болон утаагүй бүтээгдэхүүний хор хөнөөлийг олон нийтэд таниулах болон тамхидалтыг бууруулах нөлөөллийн аянаас дараах мэдээллийг хүргэж байна.
Дэлхийн эрүүл мэндийн халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн тархалтыг тогтоох судалгаагаар манай улсын хүн амын 24.2 хувь, үүнд эрэгтэйчүүдийн 43.7 хувь, эмэгтэйчүүдийн 5.3 хувь тогтмол тамхи татдаг гэсэн үр дүн гарсан нь бусад улсын үзүүлэлттэй харьцуулахад тамхины хэрэглээ өндөр байгааг илтгэж байна.
Монгол Улсад тамхины импортын хэмжээ жилээс жилд нэмэгдсээр байна. Монгол Улсад 2019 онд нийт 2 тэрбум ширхэг импортолж байсан бол 2021 онд энэ тоо 50 орчим хувиар нэмэгдэж 3 тэрбум ширхэгт хүрчээ.
Хүн амын эрүүл мэндийн 2022 оны үзүүлэлтээс харахад, хүн амын нас баралтын шалтгааны 67.7 хувийг халдварт бус өвчин эзэлж байна. Үүнээс гурван хүн тутмын нэг нь зүрх судасны өвчнөөр, дөрвөн хүн тутмын нэг нь хавдар, таван хүн тутмын нэг нь гэмтэл, хордлого, гаднын шалтгааны улмаас нас барж байгаа нь эрүүл мэндийн салбарын анхаарал хандуулах тулгамдсан асуудал болж байна. Монгол улсад жил бүр 4300 орчим хүн тамхины улмаас нас бардаг бөгөөд тамхины хэрэглээнээс болж амь насаа алдсан хүмүүсийн 72 хувь нь 70 наснаас өмнө тохиолдож болох нас баралтын 17 хувийг эзэлж байна.
- Тамхи, тамхин бүтээгдэхүүний эрүүл мэнд, эдийн засагт учруулах хор уршиг, тамхидалтаас үүдэх сөрөг нөлөөлийг олон нийтэд таниулах
- Эрүүл мэндийн болосролыг нэмэгдүүлэх, урьдчилан сэргийлэх, зөв үйлдэлд уриалах
- Никотин агуулсан бүх төрлийн утаат болон утаагүй бүтээгдэхүүний хэрэглээг бууруулах арга зам эрэлхийлэх, дам тамхидалт, дотор болон гадна орчны зүй зохисгүй хэрэглээг бууруулах, ойлгуулах, зөв дадал хэвшилийг бий болгох
- Насанд хүрэгчид, эцэг эхчүүд, Их дээд сургуулийн оюутан залуус болон ЕБС-ын ахлах ангийн сурагчид, хүүхдүүддээ анхаарлаа хандуулах, зөвөөр үлгэрлэх, буруу зуршлыг өдөөхгүй байх, эрүүл зөв аюулгүй орчин, амьдралын хэв маягийг таниулан ойлгуулах
- Тамхины хяналтын тухай хууль болон бусад хууль тогтоомжын тухай мэдлэг мэдээлэл өгөх
- Олон нийтийг зөв зүйлд уриалах, хорт муу зуршилаас ангид байлгах, утаат болон электрон тамхины хэрэглээг багасгах, эх орныхоо эрдэнэ болсон иргэд, ирээдүй болсон хүүхэд залуусынхаа эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, нэмэгдүүлэх, утаат болон электрон тамхинаас ангид байх,хэрэглээг багасгах, бусдад зөв үлгэрлэл үзүүлэх, бие биенээ хайрлан хүндлэх зорилгоор Ирээдүйгээ бүү сор аяныг санаачлан эхлүүлээд байна.
Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын үндэсний IV судалгаа, STEPS-2019
• Монгол улсын 15-69 насны хүн амын дунд 24.2% буюу 5 хүн тутмын 1 нь тамхи татаж байна. Үүнээс эрэгтэй 43.7%, эмэгтэй 5.0%. Эрэгтэйчүүдийн дунд тамхины хэрэглээ эмэгтэйчүүдээс 8.7 дахин их байна.
• Өдөр бүр тамхи татдаг хүн амын хувь 21.6%. Тамхи татаж эхэлсэн нас нь дунджаар 18.9 бөгөөд өдөрт дунджаар 10.7 ширхэг янжуур татаж байна.
• 10 хүн тутмын 3 нь гэр орон сууцандаа, үүнээс эмэгтэйчүүд гэртээ, эрэгтэйчүүд ажлын байрандаа дам тамхидалтанд илүү өртөж байна.
Боловсролын орчин дахь хүүхдийн эрх хамгаалал,
эрүүл мэндийн зан үйлийн судалгаа, 2023 он
• ЕБС-ийн 13-17 насны 24.8% буюу 4 суралцагч тутмын 1 нь сүүлийн нэг сард электрон тамхи хэрэглэж, 10 суралцагч тутмын 1 нь янжуур тамхи татсан байна.
2019 оны Дэлхийн залуучуудын тамхины судалгаагаар
13-15 насны сурагчдын дундах тамхины хэрэглээний тархалтыг судалсан байдаг. Энэхүү судалгаагаар 13-15 настай хүүхдүүдийн 14 хувь (хөвгүүдийн-21 хувь, охидын-6.9 хувь) нь тамхи татдаг гэж гарсан. Мөн энэ судалгаагаар электрон тамхины хэрэглээг судалсан. Ингэхэд 13-15 насныхны 3.5 хувь нь электрон тамхи татдаг. Үүний 5.8 хувь нь хөвгүүд, 1 хувь нь охид байгаа юм.
Халдварт бус өвчин нь нас баралтын тэргүүлэх шалтгаан бөгөөд цаг бус эндэгдлийн 67.7 хувийг эзэлж байна. Тамхины хэрэглээ нь: Халдварт бус өвчний өдөөгч томоохон хүчин зүйл бөгөөд зүрх судасны өвчин, хорт хавдар, амьсгалын архаг өвчин, чихрийн шижин зэрэг түгээмэл өвчнүүдийн шалтгаан болж, явцыг нь даамжруулсаар байдаг.
Дэлхий дээр жил бүр 8 сая гаруй хүн тамхины хэрэглээ болон дам тамхидалтын улмаас нас барж байна. Эдгээр тохиолдлын ихэнхийг хөгжиж буй улс орны хөдөлмөрийн насны (30–69 нас) хүн ам эзэлж байна.
Зүрх судасны өвчний шалтгаант нас баралтын 1/4, хорт хавдрын шалтгаант нас баралтын 30 орчим хувь нь тамхидалтын шалтгаант нас баралт байдаг гэсэн АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн тооцоолол байдаг.
Эрүүл мэндийн үзүүлэлт, үнэлгээний хүрээлэн /Institute for Health Metrics and Evaluation/-гээс 2019 онд гаргасан өвчний дарамтын судалгаагаар Монгол Улсад тамхинаас шалтгаалж жилд 4,300 орчим хүн нас барж байна, эдгээр нас баралтын 72% нь 70-аас доош насанд тохиолдож байна гэж гарсан.
Тамхи 7000 гаруй төрлийн химийн бодис, түүний нэгдэлтэй. Үүнээс 250 бодис нь эрүүл мэндэд хортой, 70 гаруй нь хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг туйлын аюултай хорт бодис байдаг.
Б.ХАШ-ИЛД
https://eguur.mn/559217/