Сөүлд байртай болохын тулд 13 жил мөнгө үрэхгүй байх шаардлагатай

Сөүлд байртай болохын тулд 13 жил мөнгө үрэхгүй байх шаардлагатай

 

Өмнөд Солонгосын нэг өрх Сөүл хотод байр худалдан авахыг хүсвэл ганц ч зоос үрэлгүйгээр 13 жил хуримтлуулах шаардлагатай гэх тайлан өнгөрсөн Баасан гаригт гарчээ. Тодруулбал, тус улсын Газар, дэд бүтэц, тээврийн яамны гаргасан уг тайлан нь солонгосчуудын ажлын байр, амьдралын чанарыг сайжруулах хүсэл зэрэг бусад шалтгааны улмаас нийслэл руу хошуурах болсны үндсэн дээр бий болсон аж. Өмнөд Солонгост орон сууцны үнэ сүүлийн жилүүдэд, тэр дундаа 2023 онд хамгийн их өссөн бөгөөд тус оны зургадугаар сараас арванхоёрдугаар сарын хооронд улсын хэмжээнд 61 мянган өрхөөс судалгаа авч тайланг гаргасан.

Уг тайланд өнгөрсөн оны хоёрдох хагаст Сөүл хотын орон сууцны дундаж үнэ, орлогын харьцаа 13-тай тэнцэж буйг харуулсан байна. Энэ харьцаа нь худалдан авагчдад хэр боломжийн үнэтэй орон сууц олдож буйг хэмжих зорилготой бөгөөд 2023 оны судалгаагаар Сөүл дэх орон сууцны үнэ өрхийн дундаж орлогоос 13 дахин их байгааг онцолсон юм.

"Энгийнээр хэлбэл, цалинтай ажилчин хотод байртай болохын тулд 13 жилийн турш олсон мөнгө бүрээ хуримтлуулах ёстой” гэж тайланд дүгнэжээ. Сөүл хотын орон сууцны үнэ нь бусад муж, хотуудаас харьцангуй өндөр бөгөөд засгийн газрын цогцолборын өлгий Сэжон хотын орон сууцны үнэ, орлогын харьцаа 8.7, Кёнги муж 7.4, Тэжон 7.1 байна.

Тус улсын хоёр том хот болох Пусан, Дэгү хотод орон сууцны үнэ, орлогын дундаж харьцаа 6.7 байсан. Өмнөд Жоолла муж хамгийн бага буюу 3.1 харьцаатай байв. Орон сууц өмчлөлийн үзүүлэлтээс харвал тус улсад орон сууцтай иргэдийн хувь нь 2022 онд 61.3 хувь байсан бол 2023 онд 60.7 хувь болж буурчээ. Мөн хугацаанд Сөүл хотод 55.8 хувиас 55.1 хувь, Сөүлээс бусад томоохон хотуудад 62.8 хувиас 62.3 хувь, мужуудад 69.1 хувиас 68.6 хувь болж буурсан байна. Түүнчлэн 2023 оны судалгаанд оролцогчдын 87.3 хувь нь орон сууцтай байх шаардлагатай гэж хариулжээ.

ЭХ СУРВАЛЖ: THE KOREA TIMES

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen