Нийслэлийн удирдлагууд 2022 онд тендер зарлалгүй 569 сая төгрөгийн шууд гэрээ байгуулжээ

Нийслэлийн удирдлагууд 2022 онд тендер зарлалгүй 569 сая төгрөгийн шууд гэрээ байгуулжээ

 

Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Нийслэлийн ЗДТГ-ын дарга И.Баатархүү нар төсвийн хөрөнгийг хууль зөрчин зарцуулж байжээ. Үндэсний аудитын газраас Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд шалгалт хийж 1.3 тэрбум төгрөгийн зөрчил илрүүлсэн байна.

Хотын удирдлагууд татвар төлөгчдийн мөнгийг хууль тогтоомжид нийцүүлж зарцуулдаггүй. Тендерийн хуулийг зөрчин шууд худалдан авалт хийж байсан нь нийцлийн аудитаар тогтоогдсон байгаа юм. Тухайлбал:

  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэгжүүлэлгүй 569 сая төгрөгийн шууд худалдан авалт хийж, шууд гэрээ байгуулжээ.
  • Зөвлөх үйлчилгээнд нээлттэй тендер шалгаруулалтын журам мөрдөж ажиллалгүй, “Онч аудит” ХХК-тай шууд гэрээ байгуулж 150 сая төгрөг шилжүүлжээ.
  • Төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж эхлээгүй байхад 123 сая төгрөгийн урьдчилгаа бусдад шилжүүлсэн байна.

Нийцлийн аудитын явцад нийт 843 сая төгрөгийг хууль бусаар захиран зарцуулсан болох нь илэрчээ. Үүнээс гадна албан хаагчдад үр дүнгийн урамшууллыг хавтгайруулан олгож, их хэмжээгээр бараа материал бэлтгэж нөөцлөн төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан байгаа юм.

  • Ажлаас халагдсан ажилтнуудын нөхөн олговорт 143 сая төгрөг
  • Албан хаагчдад үр дүнгийн урамшууллыг хагас болон бүтэн жилээр 2 удаа 100 хувь олгоход 61 сая төгрөг
  • Их хэмжээгээр бараа, материал бэлтгэж нөөцлөхөд 151 сая төгрөг тус тус зарцуулж, Төсвийн тухай хуулийн, Төсвийн хөрөнгийг үр ашигтай, хэмнэлттэй зарцуулах заалтыг зөрчсөн байна.

Тэгвэл Нийслэлийн ЗДТГ-ын 2022 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар нийт 502 сая төгрөгийн 11 зөрчил илэрсэн. Үндэсний аудитын газраас дээрх зөрчлүүдтэй холбогдуулан 1 төлбөрийн акт, 4 албан шаардлага, 6 зөвлөмжийг хотын удирдлагуудад хүргүүлсэн аж. Мөн шилэн дансны мэдээллээ ил болгох зөвлөмж өгчээ. Учир нь Нийслэлийн ЗДТГ 2022 оны сүүлийн хагас жилийн санхүүгийн гүйлгээгээ шилэн дансандаа огт мэдээлээгүй аж.

Д.Сумъяабазар УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж хотын дарга болсныхоо дараахан “Би худалч, хулгайч биш бүтээлч, хөрөнгө оруулалт татсан, хөгжил рүү зүтгэсэн дарга байх болно” хэмээн ярилцлага өгч байсан. Харин одоо хэлсэн үгэндээ эзэн болохыг нийслэлчүүд түүнээс шаардах цаг нь ирж. Хаалттай, хууль бус үйлдэл бүрийн цаана хулгай нуугдаж байдгийг Хөгжлийн банк, нүүрсний хулгайн хэргүүд хангалттай харуулж буй.

Төсвийн хулгайг таслан зогсоохын тулд Шилэн дансны тухай хуулийг, эрх мэдэл албан тушаалын байдлаа ашиглаж төсвийн хөрөнгийг хуу хамдаг байдлыг зогсоохын тулд тендерийн хуулийг парламент баталсан. Гэтэл “Би хулгайч биш бүтээлч дарга байх болно” гэж ярьсан. Д.Сумъяабазар яг үүнийхээ эсрэг зүгт явж буйг аудит илчлээд өглөө.

 

http://www.toim.mn/article/6433g4ec

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen