Снукер биллиардын дэлхийн цомын анхдугаар тэмцээн Улаанбаатарт болж байна
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо снукер биллиардын дэлхийн цомын анхдугаар тэмцээн энэ сарын 14-19-нд үргэлжилж байна. Мөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 21-25-нд болох юм. Дэлхийн цомын тэмцээнд 20 орны 76 тамирчин өрсөлдөж байгаа бол ДАШТ-д 20 орны 80 тамирчин өрсөлдөх юм. Манай улсаас дээрх хоёр тэмцээнд дасгалжуулагч Д.Амаржаргал, Б.Шинэбаярын удирдлага дор 16 тамирчин өрсөлдөнө.
“Holiday Inn” зочид буудлын хоёрдугаар давхарт болж буй энэ хоёр тэмцээний шагналын сан 60 мянган ам.доллар ажээ. Снукер биллиардын ДАШТ-ээс Монголын тамирчин Б.Нарантуяа 2023 онд хүрэл медаль хүртэж байв. Мөн тэрээр 2022 оны Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан юм.