Бичлэг: АТҮТ-ийн хэлтсийн дарга Д.Батбаяр авлигаар 57 сая төгрөг авсан нь ил боллоо
АТГ-аас сар бүр үйл ажиллагааны тайлан мэдээг танилцуулдаг. Энэ удаагийн хурлаар авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, шүүхээр шийдвэрлэгдсэн зарим хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтжуулсан хоёр бичлэгийг дэлгэлээ. Тухайлбал, Автотээврийн Үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр Олон улсын ачаа, тээврийн С зөвшөөрөл олгохдоо бусдаас хахууль авсан нь тогтоогдсон аж.
Тэрбээр "Эрдэнэс тээвэр" ХХК-ийн ачааны машинуудад тусгай зөвшөөрөл олгох замаар 2017 оны наймдугаар сараас арваннэгдүгээр сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд тус компаниас 57,500,000 төгрөгийг хахуульд авсан нь тогтоогджээ. АТГ-ын мөрдөгчид түүний албан өрөөнд шалгалт хийх үеэр 25 сая төгрөгийг илрүүлсэн байна.
АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаярыг 2018 оны зургаадугаар сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 985 дугаар шийтгэх тогтоолоор нийтийн албанд томилох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.5 сая төгрөгийн торгох ялаар шийтгэж, хууль бус орлого болох 62.5 сая төгрөгийг улсын орлого болгожээ.
Dorgio.mn