"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ
АТГ өнөөдөр ээлжит хэвлэлийн хурлаа хийх үеэрээ Салхитын мөнгөний ордтой холбоотой шүүгчдийн талаар мэдээлэл өгсөн юм.
Тодруулбал, Салхитын мөнгөний ордод ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч ААН-үүдийн хооронд шилжүүлсэн хувьцаа худалдах, худалдан авах гэрээтэй холбогдуулсан эрх шилжүүлэх тухай гэрээний маргаантай холбоотой асуудлыг шийдвэрлэх явцад Иргэний хэргийн анхан шатны болон Давж заалдах шатны шүүх, Хяналтын шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч талын иргэд нэр бүхий шүүгч нарт хахууль өгсөн гэх хэрэгт АТГ шалгалт явуулж байгаа.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтжуулагдсан нөхцөлийг Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлд танилцуулжээ. Мөн нэр бүхий шүүгч нар үндэслэлгүй хөрөнгөжсөн нөхцөл үүссэн байж болзошгүй хэргийг шалгаж байгаа хэмээн АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү хэллээ.
Тэрбээр өнөөдөр шүүхээр шийдэгдсэн авлигын хоёр хэргийг баримтжуулсан бичлэгийг нийтэд ил болгосон билээ. Тэгвэл Салхитын мөнгөний ордтой холбоотой шүүгч нарын тухайд ч мөн нотлох баримтуудыг ийм хэмжээнд баримтжуулсан байгааг хэлсэн.
Салхитын мөнгөний ордын гэх хэрэгт 7-8 шүүгч холбогдсон гэдэг.
Тэдний нэг болох гавьяат хуульч, шүүгч Л.Бямбаа цагдан саатуулагдсан үедээ амь насаа алдсанхэрэг гарсан бөгөөд түүний хүү, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат АНУ-ын хил дээр саатуулагдсан мэдээ бий. Түүний талаар одоогоор АНУ-аас албан ёсны мэдээлэл өгөөгүй байгаа юм. Тэгвэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, талийгаач Л.Бямбаа болон Нийслэл, Улсын дээд шүүхийн шүүгч нарт хахуулийн мөнгийг нь зөөж өгсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэсэн мэдээлэл байгаа билээ.