ШУТИС-ийг Хөшигийн хөндий рүү шилжүүлэхээр судалж байна

Засгийн газар их, дээд сургуулиудыг нийслэлээс гаргаж, оюутнууд судалгаа, туршилт хийх, дадлагажих боломжтой судалгааны суурь бааз бүхий хотхоны зохион байгуулалтад оруулахаар төлөвлөж буй. Уг ажлын хүрээнд БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалангаар ахлуулсан ажлын хэсгийг шинээр байгуулжээ. 

Ажлын хэсэгт МУИС, ШУТИС, ХААИС, МУБИС-ийн удирдлага багтсан байна. Багануур дүүрэг агаарын бохирдолгүй, усны нөөц сайтай, эрчим хүчний нөөц хангалттай учир хотхоны зохион байгуулалттай, хүн ам төвлөрсөн их, дээд сургууль байгуулах боломжтой хэмээн тус ажлын хэсэг дүгнэжээ. 

Түүнчлэн ШУТИС-ийг Хөшигийн хөндий рүү шилжүүлэхээр судалж эхэлсэн байна. Тодруулбал, гадаадын шинжлэх ухааны сургуулиуд нь онгоцны буудал, томоохон хотхонтой зэрэгцэн оршдог сайн туршлагад тулгуурлан судалж буй. Олон улсын эрдэмтэн, судлаачид утаанаас хол, түгжрэлгүй, нисэх онгоцны буудалтай ойр газарт судалгаа шинжилгээ хийж, зөвлөхийг чухалчлах болсон аж. 

Үүнээс гадна БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг заавал хот байгуулж, хотхон барина гэхээсээ илүүтэй эхний ээлжинд нийслэлд хэрэгжүүлж буй зарим хөтөлбөр, төслөө орон нутаг руу шилжүүлэх үүргийг их, дээд сургуулийн удирдлагад өгчээ. Тиймээс энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад тэнцсэн хүүхдүүд МУИС, ШУТИС, ХААИС, МУБИС-ийн орон нутгийн салбарт тархан суралцах нь. Харин нэгэнт элссэн оюутнууд нийслэлд үргэлжлүүлэн суралцана.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen