Н.Алтанхуягийг хөрөнгөө нуун дарагдуулсан гэх үндэслэлээр шалгаж байна
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт АТГ-аас өчигдөр хэрэгт сэжигтнээр тооцон шалгах тухай зарлан дуудах хуудсыг хүргүүлж, тэрбээр мэдүүлэг өгөөд байна. Хуулийн байгууллага чухам ямар үндэслэлээр экс Ерөнхий сайдыг ийнхүү сэжигтнээр татан шалгах болсон талаарх мэдээлэл өнөөг хүртэл тодорхойгүй байсан юм.
Тэгвэл хуулийн байгууллагын баттай эх сурвалжаас авсан мэдээллээр Н.Алтанхуяг нь Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байх хугацаандаа зарим нэг томоохон үл хөдлөх хөрөнгөө ХОМ-доо мэдүүлэлгүй нуун дарагдуулсан нь өдгөө шалгагдах үндэслэл болсон гэнэ.
Тодруулбал, Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.1-ийг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, мөн хуулийн тусгай ангийн 270 дүгээр зүйлийн 270.2, Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-д заасныг зөрчсөн байж болзошгүй аж. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр ХИД 1-ийн урд баригдсан 7 давхар шилэн барилгаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй нуун дарагдуулсныг хуулийн байгууллага олж тогтоожээ. Мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, тендерийн хууль тогтоомж зөрчиж төрөл садандаа их хэмжээний төсвийн мөнгийг олгосон асуудалтай холбогдуулан буруутайд тооцон шалгаж байгаа юм байна.