ТОЙМ: Ю.Цэдэнбал агсны 100 жилийн ой тохиож, Э.Бат-Үүлийг яллагдагчаар татсан, Төрийн банкны Т.Дорждэрэмийг баривчилсан долоо хоног
Энэ долоо хоног даваа гаригаас эхлэн олон сенсациар эхлэв. Төрийн банкны гүйцэтгэх захирлын орлогч Т.Дорждэрэмийг АТГ баривчилж, хорьжээ. МАХН-ын дарга Н.Энхбаярт дахин яллах дүгнэлт үйлдүүлэх АТГ-ын саналыг прокурорт шилжүүлэв. Э.Бат-Үүлийг ТЕГ-аас С.Зоригийн хэрэгт холбоотойгоор яллагдагчаар татжээ. 2000 оны УИХ-ын сонгуулийн өмнө яг ийм явдал болж байсан бөгөөд 16 жилийн дараа түүнийг дахин "нууц" гэсэн тогтоолын дагуу яллагдагчаар татаж хурууны хээ, үс, цусны шинжилгээнүүдийг авчээ.
МАН-ын 60 тэрбумын гэгдэх бичлэгийг ҮНЭН хэмээн хариулсан мэдэгдлийн араас АТГ эвлүүлэг гэж мэдэгдээд, эвлүүлгийн хийсэн байх магадлалтай гэж үзсэн 2 иргэнийг сэжигтнээр татаж СБД-ийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгаж байгааэ.
Хоёрхон хятад иргэн монголын боломжийн амьдралтай гэх 480 хүний мэдээллийг олж аваад хилийн чанадад 120 гаруй сая төгрөгөөр дэлгүүрүүдэд худалдан авалт хийжээ. Хохирлын хэмжээ нэмэгдэх магадлалай. Хятад иргэдийг саатуулан шалгаж байна.
Хуурамч монгол төгрөгөөр худалдан авалт хийх тохиолдол ихэсчээ. Иргэд мөнгөн тэмдэгтээ шалгаж байхыг анхааруулав.
Энэ мэт үйл явдлаар шинэ долоо хоног эхлэсэн бол долоо хоногийн дундуур
Төр нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ой тохиолоо.
Төрийн банкны гүйцэтгэх захирлын орлогч Т.Дорждэрэмийг баривчилжээ
МАХН-ын дарга Н.Энхбаярт дахин яллах дүгнэлт үйлдүүлэх АТГ-ын саналыг прокурорт шилжүүллээ
МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулжээ. Энэ талаар АТГ-ын ОНХМХА-ны мэргэжилтэн Т.Мөнхтунгалаг "Авлигатай тэмцэх газраас иргэн Н.Энхбаярт холбогдох эрүүгийн 201401000075 тоот хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дууссан. Тус газраас Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг, мөн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт шилжүүллээ" гэх мэдээллийг өглөө. Н.Энхбаярыг дараах хуулийн заалтуудаар шалгаж хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх юм байна.
Э.Бат-Үүлийг ТЕГ-аас С.Зоригийн хэрэгт холбоотойгоор яллагдагчаар татав
Э.Бат-Үүл: С.Зоригийн хэрэгт холбоотойгоор намайг хорьж болзошгүй байна
С.Зориг агсны хэрэгт холбогдуулан Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүлийг яллагдагчаар татсан байна. Тэрбээр энэ талаар "Өнөөдөр намайг олон жилийн дараа дахин С.Зоригийг зэрлэгээр хөнөөсөн хэрэгт яллагдагдагчаар Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчиж, дахин холбогдуулах үйл ажиллагаа эрч хүчээ аваад байна.
Намайг хууль зөрчиж, хорихыг хүртэл шаардаж байгаа талаар мэдээлэл аваад байгаа. Тиймээс тун удахгүй хорих хүртэл нөхцөл байдал үүсч болзошгүй байгаа учир та бүхэнд энэ талаар мэдээлэл өгөхийг хүссэн юм. Намайг ямар ч гэмгүй байхад 2000 онд хуулийн наад захын шаардлагуудыг зөрчин ганц худагт аваачиж, хорьж байсан. Би тухайн үед юу ч мэдээгүй учир олон түмэнд мэдээлэл өгч чадалгүй баригдаад явж байсан. Гэтэл одоо дахиад ийм нөхцөл байдал үүсч болзошгүй болоод байна” хэмээн мэдэжгдсэн юм.
"60 тэрбум"-ын бичлэгийн хэрэгт хоёр иргэнийг сэжиглэн шалгаж байна
Авлига, албан тушаалын гэмт хэрэг шалгах харьяаллын дагуу Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас хэргийг шалгаж дууссан бол гэмт хэргийн шинжтэй зүйлийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн байна. Шалгалтын явцад уг хэрэгт холбоотой хоёр иргэнийг тогтоож, сэжигтнээр татжээ. Тэднийг эвлүүлэг хийсэн, далайлган сүрдүүлсэн, бусдыг гүтгэсэн гэдэг үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүү үүсгэн байцааж байгаа гэлээ.
Сонгуулийн үеэр буюу өмнө нь Ардчилсан намын удирдлагууд мөн дээрх бичлэгийг шалгуулах хүсэлтийг АТГ-т гаргаж байсан юм. Тухайн үед МАН-ын дарга М.Энхболд, нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй, зөвлөх А.Ганбаатар нарын хооронд өрнөсөн гэгдэх төрийн албыг худалдаж ашиг болгон үнэлэх, зөвхөн нийслэлд 60 тэрбум төгрөг босгох тухай утасны яриа, бичлэгийг шалгуулахаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд ханджээ.
Ю.Цэдэнбал агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Төр нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр УИХ, Засгийн газрын гишүүд хөшөөнд нь хүндэтгэл үзүүлэн, цэцэг өргөлөө. Мөн дээрх арга хэмжээнд Ю.Цэдэнбал агсны төрсөн хүү Зориг оролцлоо.
Дараа нь Сүхбаатарын талбайд хүндэтгэлийн тоглолт болов. Хүндэтгэлийн тоглолтыг нээж, УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат үг хэлсэн юм.
Судлаачид Ю.Цэдэнбал агсныг Монголын нам, төрийг 44 жил тэргүүлэхдээ улс орноо хөгжүүлэх, ард түмний аж амьдралыг дээшлүүлэн соёлжуулах, улсын тусгаар тогтнол, батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэхээр олон ажил хийсэн гэж үздэг.
Тухайлбал, хөнгөн ба хүнсний үйлдвэрүүд байгуулан хөгжүүлсэн, их дээд, дунд сургуулийг байгуулан хөгжүүлсэн, 1950-иад онд монголчууд бүгд бичиг үсэгтэн болж ЮНЕСКО-гийн шагнал хүртсэн, 1940 онд 750 мянга байсан хүн ам 1980-аад оны дундуур 2 саяд хүрсэн, спорт болон соёл урлаг дэлхийн тавцанд танигдсан, Дархан, Чойбалсан, Эрдэнэт, Хөтөл, Багануур зэрэг аж үйлдвэрийн төвүүдийг бий болгосон, 1940 онд манай улсыг ганц л орон хүлээн зөвшөөрч байсан бол 1984 онд таван тивийн 94 улстай дипломат харилцаа тогтоож, олон улсын 60 гаруй байгууллагад гишүүнээр элссэн хэмээн тодотгодог юм.
Тэгш ойг нь тохиолдуулан Юмжаагийн Цэдэнбал агсны алдар гавьяаг мөнхжүүлэх зорилгоор УИХ, Засгийн газраас тогтоолуудыг баталсан байдаг бөгөөд энэ сарын 15-аас эхлэн тодорхой арга хэмжээнүүдийг зохион байгуулж буй. Тухайлбал, Монголын үндэсний төв музейд "Алдар гавьяаны замнал” үзэсгэлэн, Тусгаар тогтнолын ордонд Ц.Жамбалсүрэн "Монгол цэргийн нэрт зүтгэлтэн Маршал Ю.Цэдэнбал, Д.Төрбат "Маршалын нууц товчоон” номуудын нээлт болсон бол өчигдбр Соёлын төв өргөөнд Ю.Цэдэнбал агсны 100 жилийн ойд зориулсан Баярын хурал, хүндэтгэлийн концерт болсон юм.
Bolod.mn
У.Сайхан