БААБАР: Хэрэв “Оюу Толгой” зогсвол эмч, багш нар цалингаа нэмүүлэх биш, бүр цалингүй болно
"Монголын Эдийн засгийн чуулган 2018"-д илтгэл тавьсан нийтлэлч Баабарын онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
-
1996 оны байдлаар улсын нийт нөөц зургаан сая ам.доллар л байсан. Тухайн үед реформ хийх шаардлагатай байсан хэдий ч хэн ч дуугарахгүй байсан. Тэр реформыг хийсэн "мангар" хүн нь би болж таарсан.
- Монголын төр зүтгэсэн хүндээ харш байдаг.
- Жоом утсгаж байна гээд гэрээ шатаах, шударга байна гээд улс орноо самрах хоёр адил утгатай.
- Оюутолгойг бид өөрсдөө нээсэн юм биш. Гаднын мэргэжилтнүүд нээж өгсөн. Хэрэв нээгээгүй байсан бол газар доороо амар тайван байх байсан. Оюутолгой нээгдсэн үеэс л хэрүүл эхэлсэн.
- Тэр үед манай улсын үндэсний нийт үйлдвэрлэл ердөө нэг тэрбум ам.доллар байсан. Харин Оюутолгойн ачаар 10 тэрбум долларын хөрөнгө оруулалт татаад байна.
- Монгол орон байгалийн баялагаар баян. Баялагаа зөв ашиглавал Монгол орон дэлхийн хамгийн баян улс болох боломжтой.
- Манай иргэдийн дийлэнх нь Оюутолгой биднийг шулж байна. Оюу толгойгоос болж хэзээ ч төлж дийлэхгүй өрөнд орсон зэрэг ойлголтод автжээ. Харин Оюутолгой 2017 онд хүртэл 7.7 тэрбум ам.долларыг Монголын банкуудаар дамжуулан оруулж ирсэн.
- Оюу толгой жилд Монголд үлдээж буй мөнгө нэг тэрбум ам.доллар болж байгаа. Энэ нь төрөөс цалинждаг 187 мянган албан хаагч, тэтгэвэр авдаг 387 мянган хүний орлоготой дүйж байна.
- Хэрэв "Оюутолгой” зогсвол эмч, багш нар цалингаа нэмүүлэх биш, бүр цалингүй болно.
- Төгрөгийн ханш их савалдаг болохоор долларт шилжүүллээ. 2500-аар үржүүлээрэй. Нэг их наяд гэдэг бол ардаа 12 тэгтэй тоо шүү.
- Одоо "Оюутолгой”-д 300 орчим шалгагч ажиллаж байгаа.
- Оюутолгойн гэрээ буруу болсон гэх юм. Гэрээг хэн бүрэн уншиж, аль заалт алдаатай болсон юм бэ.
- Миний таамаглаж байгаагаар манай улсаас Оюутолгойн гэрээг бүтэн уншсан хүн бараг байхгүй байх. Уншсан ч ойлгосон уу.
- Хэн Оюу толгойг алдагдалтай болсныг баталсан юм бэ?
- Ямар ч өр зээл тавилгүй, нэг ч төгрөгний гаргалгаагүй гэрээ байгуулсныг олон улсын мэргэжилтнүүд ярьж байсныг мартчихсан уу?
- "Оюутолгой”-н 34 хувийг зээл тавьж авснаа мартсчихсан уу? 34 хувийг тогтоосон хүмүүс одоо Оюутолгой дээр шалгалт хийгээд явж байгаа.
- Дубайн гэрээ ердөө ч нууц байгаагүй. Харин ч нууц биш байлгахын тулд дэлхийн санхүү бизнесийн төв болсон Дубайд гэрээ байгуулсан. Энэ нь гаднын бусад олон хөрөнгө оруулалтыг татах зорилготой байсан.
- Монголд хөрөнгө оруулачихаад эцэст нь хөөгдөөд гардаг юм байна гэдгийг бид зарлаад байна.
- Монгол гэж хамтарч болдоггүй, хөнтөрч болдоггүй. Нөхөрлөж болдоггүй, нурааж чаддаг л улс боллоо. Нураагчдаас өөр хөдлөх хүчингүй болсон энэ цогцсыг яаж аврах вэ?
- 15 жилийн өмнө ердөө ганцхан тэрбум долларын орлоготой, хэрүүл уруулгүй, амар жимэр амьдарч байсан бид Оюутолгойг хаалаа гээд өлсөж үхэхгүй.
- Бидэнд өнөөдөр мөнгөнөөс илүү дутагдаж байгаа зүйл бол ухамсрын шанаа. Тэнэг хүн бусдын доог тохуу болж байгаагаа мэддэггүй шүү дээ.
- Үй олон бэртэгчдийн дундаас би энэ үгийг хэлж байна.