Ногоон бүсэд зөгийн аж ахуй эрхлэхийг уриалж байна
Нийслэлийн Байгаль орчны газар, Монголын зөгийчдийн нийгэмлэг хамтран "Балт болон тоост ургамлын тархалтыг нэмэгдүүлэхэд зөгийн үр нөлөө” сэдэвт сургалтыг байгаль хамгаалагчдын дунд зохион байгууллаа.
Нийслэлийн нутаг дэвсгэрийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс малтай иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлж байгаатай холбоотойгоор ногоон бүсийн иргэдэд зөгийн аж ахуй эрхлэх давуу тал, эдийн засгийн болон байгаль хамгаалах үр нөлөөг сурталчлах зорилгоор цуврал сургалтууд явагдана.
Манай орны хувьд 1959 оноос балт зөгийг үржүүлж эхэлсэн бөгөөд одоогоор 10100 гаруй бүл зөгийгөөс жилд дунджаар 150-200 тонн бал авч байна. Зөгийн аж ахуй эрхлэх нь өрхийн амьжиргааг дээшлүүлэх бодит боломжийг олгодгоос гадна зөгий нь цэцэгт ургамалд тоос хүртээх замаар экосистемийн тэнцвэрт байдлыг хангахад чухал үүрэгтэй оролцдог юм.
Зөгийн аж ахуй эрхлэх сонирхолтой иргэд анхан шатны мэдээллийг нутаг дэвсгэрийнхээ байгаль хамгаалагчдаас, мэргэжлийн зөвлөгөөг Монголын зөгийчдийн нийгэмлэгээс авах боломжтой гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.