Т.Мөнхсайхан: Дөрөвдүгээр эмнэлгийг 17 тэрбумаар худалдаж авна

Т.Мөнхсайхан: Дөрөвдүгээр эмнэлгийг 17 тэрбумаар худалдаж авна

 

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.


Тэрбээр "Энэ оны төсөв дээр одоо үйл ажиллагаа явуулж байгаа Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийн барилгыг худалдаж авах эхний ээлжний төсөв болох 17 тэрбум төгрөгийг тусгасан. Үүний дагуу Эрүүл мэндийн яамнаас тендер сонгон шалгаруулалтыг зарласан. Эхний хоёр сонгон шалгаруулалт дээр ямар нэгэн компани орж ирээгүй. Одоо нээлттэй сонгон шалгаруулалтыг гурав дахь удаагаа зарлаж байна. Байгууллагууд саналаа тавьж, хүсэлтээ тавьбал шаардлага хангасан нь барилгыг худалдаж авна. Бид аль болох хавдрын эмнэлгийн өргөтгөл болох Дөрөвдүгээр эмнэлгийн барилгыг худалдаж авах хүсэлтэй байна. Тийм учраас он гараад л хуулийн дагуу тендерээ зарласан. Хөгжлийн банк, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой асуудлыг Хөгжлийн банкнаас шийдэх ёстой. Хөгжлийн банк барилгаа Эрүүл мэндийн яаманд худалдах сонирхолтой байгаа бол хуулийн дагуу тендерээр орж, шалгарах ёстой" гэв.

Улсын төсвийг дахин өргөн барихад шинээр нэмсэн ганцхан төсөв бол Хавдрын шинэ эмнэлгийн дэд бүтцэд зарцуулах 7.9 тэрбум төгрөг. Үүнтэй зэрэгцэн ХСҮТ-ийн хашаанд үйл ажиллагаагаа явуулж буй Дөрөвдүгээр эмнэлгийг улсад худалдан авах саналыг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан гаргасан юм.

Тэрбээр "ХСҮТ-ийн хашаанд байгаа Дөрөвдүгээр эмнэлгийг авчихвал хавдрын эмнэлэг болгон ашиглах асуудлыг ярина" гэжээ.

Харин УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн хувьд "Би тухайн үедээ Хөгжлийн банкнаас 36 тэрбум төгрөгийн зээл авч, таван жилийн хугацаанд 75 тэрбум төгрөг болгон төлж байгаа. Үүнийхээ 35 тэрбумыг төлж байтал цар тахал болж, хөрөнгө оруулалтын санхүүжилт зогссон. Үлдсэн мөнгөө төлөх боломжгүй байгаа учраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр очоод байна. Одоо энэ барилга Хөгжлийн банкны мэдэлд очсон.  Хөгжлийн банкны зээлдэгчдийг АТГ-аас шалгаж, бүх данс гүйлгээг хааж шалгаж эхэлсэн. Энэ бүх хориг одоо хүртэл үргэлжилж байгаа" гэдгийг олон нийтэд мэдээлсэн юм.

Дөрөвдүгээр эмнэлэг нь Монголдоо хамгийн том, орчин үеийн технологи, агааржуулалтын шийдлээр Япон стандартаар баригдсан байдаг. Харин төсөвт дэд бүтцэд нь 7,9 тэрбум төгрөг суусан Хавдрын шарилга хамгийн багадаа 3-4 жил баригдана гэж тооцоолж буй.

Дөрөвдүгээр эмнэлгийн барилгыг ШШГЕГ-аас 177 орчим тэрбумаар үнэлж, 50 хувийн үнэлгээний бууралтаар 88.9 тэрбумаар худалдан борлуулахаар зарласан. Худалдан авагч гарч ирээгүй тул Хөгжлийн банк хөрөнгийг царцаах арга хэмжээ аваад байгаа аж.

Өмнө нь Дөрөвдүгээр эмнэлгийг улсад авах талаар ХСҮТ-ийн захирал асан Н.Эрдэнэхүүгээс тодруулахад, "Дөрөвдүгээр эмнэлгийг улсад авч болно. Ингэснээр 100 ор нэмэгдэнэ. Энэ бол хоёр талтай асуудал. Тэглээ гээд одоогийн Хавдар судлалын үндэсний төвийн барилга стандарт бус хэвээрээ л үлдэнэ.

Одоо нийт 229 ортой үүн дээр Дөрөвдүгээр эмнэлгийн 100 ор нэмээд 329 ортой болно.

Дөрөвдүгээр эмнэлгийн хувьд хавдрын зориулалттай барьсан ч зай талбай ихтэй, орны тоо цөөн эмнэлэг. Мөн ашиглалтын зардал өндөртэй. Шинээр баригдахаар төлөвлөөд буй Хавдрын шинэ эмнэлэг нь нийт 600 ортой, туяа болон цөмийн оношилгоо эмчилгээ хийх боломжтой болох юм" гэдгийг хэлэв.

Зураг төсөлгүй гэдэг шалтгаанаар олон жил улсын төсвөөс хасагдсан шинэ эмнэлгийн зураг төслийг гурван тэрбум төгрөгөөр "Бодь пропертийз" компани хийхээр тендерт шалгарсан юм. Өмнө нь Хавдрын шинэ эмнэлгийг нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Чулуутын аманд барихаар төлөвлөж байсан ч дэд бүтэцгүй гэдэг шалтгаанаар газрыг өөрчилсөн юм. Шинэ эмнэлэг барихад нийт 450-500 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Хавдрын эмнэлгийн хана нь зузаан буюу цацраг идэвхит бодит ялгардаггүй байхаас гадна туяа, цөмийн төвтэй байх гэх мэт олон улсын стандартад нийцсэн хэрэгтэйг эмч мэргэжилтнүүд хэлж буй.
Одоогийн Хавдар судлалын үндэсний төвийн барилга нь 1981 онд ЗХУ-ын тусламжаар баригдсан.

Өмнө нь жилд 6500 орчим хорт хавдар оношлогддог байсан бол энэ жил 7200 болж нэмэгдсэн. Удахгүй 8000-д хүрнэ гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Тиймээс улсдаа ганц хавдрын эмнэлгийн байраа томруулж, эмчилгээндээ орчин үеийн шинэ технологийг нэвтрүүлмээр байгааг салбарынхан нь учирлаж байгаа юм.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen
  • linked here https://zdravsklad.space/czech/artodip-gel/

    27 May 2025 12:49