“ЗӨГИЙН ҮҮР” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД АНГЛИ ХЭЛНИЙ 5 БАГШИЙГ ЭНЭТХЭГТ СУРГАХААР БОЛЛОО
"Бид хамтдаа” Өмнөговь аймгийг 2016-2020 онд хөгжүүлэх Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 17 дэд хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Түүний нэг болох "Зөгийн үүр” хөтөлбөр нь иргэд, төрийн албан хаагчдыг гадаадад суралцуулан эргээд орон нутагтаа 3-аас доошгүй жил үр бүтээлтэй ажиллуулж тухайн салбарыг хөгжүүлэх явдал юм. Зөгийн үүр хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах ажлуудын эхлэл болгож Даланзадгад, Цогтцэций сумдын ЕБС-ийн англи хэлний 5 багшийг Энэтхэг улсад 6 сарын хугацаатай суралцуулахаар болж өнөөдөр аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, БСУГ-ын дарга Г.Бат-Эрдэнэ нар гэрээг байгуулж, батламжийг гардууллаа.
Замын зардал, сургалтын төлбөрийг 100 хувь аймгийн Засаг даргын Тамгын газар хариуцаж байгаа бөгөөд суралцах хугацаанд багш нарын цалинг бүрэн тооцож олгохоор болсон байна. Суралцахад тулгамдах бэрхшээл асуудлыг цогцоор нь шийдвэрлэсэн ба 6 сарын хугацаанд амжилттай суралцан эргээд орон нутагтаа тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах өндөр хариуцлага хүлээн манай аймгийн 5 багш Энэтхэг улсыг зорьлоо.
Өмнөговьчуудад мэдлэг чадвараа дээшлүүлэх бүрэн боломж нээлттэй байна.