Хакүхог Сүмогийн холбооноос гарахад юу юу нөлөөлөв?
Мэргэжлийн сүмогийн түүхэнд 45 башёд түрүүлж эгнэшгүй аугаа амжилт тогтоосон ёкозүна Хакүхо буюу Миягино ояката Мэргэжлийн Сүмогийн холбооноос гарлаа. Хакүхогийн өргөдлийг хүлээн авч, Сүмогийн холбооноос гаргах шийдвэрийг өнөөдөр Удирдах зөвлөлийн ээлжит бус хурлаас гаргасан байна.
Хакүхог Сүмогийн Холбооноос гарахад юу нөлөөлсөн талаар энд цухасхан өгүүлье.
2024 оны Нэгдүгээр сарын башёгийн дараагаар түүний шавь Хокүсэйхо А.Даваанинж дэвжээнийхээ бөхийг дээрэлхсэн, элдэвлэж авирласан хэрэгт буруутгагдаж, сүмогоос хөөгдсөн.
Үүнтэй уялдуулан Хакүхогийн оякатагийн зэргийг хоёр эрэмбэ бууруулж, байж болох хамгийн доод хэмжээнд хүргэсэн. Мөн цалинг тодорхой хугацаанд хассан. Үүгээр зогсохгүй түүний удирддаг Миягино дэвжээг өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард хааж, бөхчүүдийг нь Хакүхогийн хамтаар Исэгахама дэвжээнд нэгтгэсэн.
Японы зарим хэвлэлийн мэдээгээр бол Хакүхо дэвжээгээ эргүүлэн нээлгэхийн тулд амлалт өгсөн байж магадгүй гэнэ. Жишээлбэл, Сүмогийн Холбооны Удирдах зөвлөлийн сонгуульд ойрын 10 жилд оролцохгүй гэсэн амлалт өгсөн бололтой. Хамгийн олон түрүү хүртсэн цуут ёкозүнагийн хувьд түүнд ирээдүйд Холбоог тэргүүлэх ч боломж байсныг үгүйсгэх аргагүй юм.
Сүмогийн Холбооны одоогийн ерөнхийлөгч Хаккакү ояката “Хакүхо гармаар байгаа бол гарч болно шүү дээ” гэж хэлсэн тухай нэгэн эх сурвалж хэвлэлд ярьсан талаар мэдээ цацагдаад амжсан.
Хакүхогийн хүсэл бол Миягино дэвжээгээ сэргээх байлаа. Тэрбээр 1.6 тэрбум иенээр сайн байрлалд газар авч, дэвжээгээ тийш нүүлгэн шинэчлэхээр зэхэж байсан гэдэг. Гэтэл дэвжээг нь хааснаар ирээдүйтэй хүүхэд, залуусыг эрж хайх ч эрх, боломж түүнд үлдсэнгүй. Тиймээс энэ асуудлаа хойш тавихаас аргагүйд хүрсэн.
Сүмогийн Холбоо Миягино дэвжээний асуудлыг шийдэлгүй бүтэн жил гаруй хүлээлгэсэн хэрнээ Нацү башёгийн дараа буюу тавдугаар сарын 29-нд Удирдах зөвлөлийн ээлжит бус хурал хийхдээ зөвхөн Ооносатод ёкозүна цол олгох эсэхийг хэлэлцээд өнгөрсөн юм. Энэ өдрийн хурлаар давхар Миягино дэвжээг сэргээх тухай хэлэлцэнэ гэсэн найдлага Хакүход байсан байж мэдэх гэнэ. Гэвч урьдын юм ул болж, удаахь юм зул болно гэгчийн үлгэрээр өмнөх цагийн ёкозүнагийн асуудлыг биш өнөө цагийн гарч ирж буй япон ёкозүнагийн асуудлыг эхлээд шийдэхийг хүссэн хэрэг.
Гэтэл бас дээр нь Исэгахама дэвжээний эзэн ояката сарын дараа 65 нас хүрч, тэтгэвэртээ гарах цаг тулаад ирлээ. Ингэснээр Хакүхотой тааламжгүй харилцаатай гэж Японы хэвлэлүүдийн бичээд буй ёкозүна Тэрүнофүжи цаашид Исэгахама дэвжээг удирдах болно. Өөрөөр хэлбэл, Хакүхог удирдах бүрэн эрхтэй болно гэсэн үг. Энэ нь Хакүхогийн тэвчээрийг эцэслэн барсан байж мэдэх ажээ.
Хакүхо, Тэрүнофүжи хоёрын харилцаа яагаад тааламжгүй болсон талаар Японы хэвлэлүүд мэдээлэхдээ “Тотторигийн хэрэг” гээчийг дурсдаг юм. Энэ хэрэг гээчийн талаар тодорхой бичихээс зайлсхийе. Учир бүрэн баталгаатай мэдээлэл биш учир.
Ийнхүү үйл явдлууд өрнөсөөр маргааш Хакүхо аав, Халхын алдартай дархан аварга Жигжидийн Мөнхбатын хөшөөг Төв Цэнгэлдэхийн ард нээх ёслолын ажиллагаанд оролцохоор эх орондоо ирчихээд байна. Харин энэ сарын 9-нд Японд хэвлэлийн бага хурал хийлгэнэ.
Хакүхо 1964 оны Токиогийн олимпын наадамд оролцсон аавыгаа хүндлэн хүү нь 2021 оны Токиогийн олимпын наадмын нээлтэд ёкозүнагийн ёслогоо хийнэ гэж хүсэн хүлээсэн ч бүтээгүй. Тэгвэл дараа нь ийнхүү дэвжээний эзэн болж, сайн сүмочид бэлдэнэ гэсэндээ Японы иргэн болсон ч мөн л бүтсэнгүй.
Гэвч түүний гайхамшигтай дээд амжилт, аугаа замналыг сүмогийн түүхээс арилгах аргагүй юм.
Ингэж Хакүхог тойрон үйл явдлын халуун гал бадарч байхад энэ бүх асуудлын үндсийг тавих шалтаг өгсөн Хокүсэйхо А.Даваанинж нэгэн сүмочийн зодог тайлах ёслолд саяхан хүрэлцэн очиж, үсийг нь хайчилж өгчихөөд тэр даруй хэвлэлийнхнээс дөлсхийн гарч оджээ.