ОХУ-аас 128 сая гаруй сэжигтэй хандалт хийжээ
Монгол Улсын иргэдийн мэдээллийг гадаадын зах зээлд зарж байгаа тухай мэдээ сүүлийн үеэд багагүй гарах болсон. Гэхдээ энэ бол шуугиад өнгөрөх асуудал биш. Үүний ард Монгол Улсын цахим аюулгүй байдал яригдах байх. Монгол Улс цахим үндэстэн болохоо зарлаад багагүй хугацаа өнгөрлөө. Нэг талаар төрийн ажил үйлчилгээг түргэн шуурхай авах боломжтой болж байгаа ч сөрөг үр дагавар нь иргэдийнхээ мэдээллийг гадагш нь алдах эрсдэлтэй.
Монгол Улс нь 2024 онд Дэлхийн цахилгаан холбооны байгууллагаас гаргадаг Кибер аюулгүй байдлын индексээр 56 оноо авч, 193 орноос 103-т буюу бэхжиж буй дунд түвшинд үнэлэгдсэн байдаг. Ингээд, бодохоор монголчууд цахим залилан, кибер халдлагын хохирогч болж байгаад гайхах зүйлгүй.
Орос болон Хятадын зүгээс Монгол руу хамгийн их кибер халдлага үйлддэг гэнэ. Харин сүүлийн үед АНУ-аас халдлага ихээр ирэх болжээ. Тухайлбал, кибер аюулгүй байдлын талаар албаныхны танилцуулсан тоо баримтаас дурдахад, өнгөрсөн 2024 оны байдлаар Монгол Улс руу ОХУ-аас хамгийн олон буюу 128 сая гаруй, АНУ-аас 65 сая гаруй, БНХАУ-аас 50 сая гаруй сэжигтэй хандалт хийжээ.
Эдгээр нь төрийн нууцад хамааралтай мэдээлэл олзлох, хүний хувийн эмзэг мэдээллийг барьцаа болгох сэдлээр олох, хулгайлах зорилго агуулсан халдлага байх магадлал өндөр хэмээн үзэж буй аж.
Монгол Улс руу чиглэсэн кибер халдлагын 70 хувь нь Засгийн газар, түүний харьяа агентлаг руу чиглэсэн нь болгоомжлол төрүүлж буй юм. Мөн 11 хувь нь УИХ-ын харьяа байгууллагууд, 14 хувь нь эрүүл мэндийн салбарын байгууллагууд, нэг хувь нь хууль сахиулах байгууллага руу чиглэсэн байдал илэрчээ.
Монгол Улсад онц чухал мэдээллийн дэд бүтэц бүхий 216 байгууллага байдаг юм байна. Эдгээрт банк, санхүүгийн байгууллага, харилцаа холбоо, мэдээллийн технологийн үйлчилгээ эрхлэгчид, хилийн боомтын хяналт, удирдлагын систем, улсын хилээр нэвтэрч байгаа зорчигч, тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээлэл хариуцсан байгууллага, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглах үйл ажиллагаа эрхлэгч, хоёр, гуравдугаар шатлалын эрүүл мэндийн байгууллага зэрэг ордог байна.
Мэдээллийн аюулгүй байдлын талаар гадны орны хийсэн судалгаанаас харахад хамгийн эмзэг байдалтай 45 орны тоонд Монгол Улс багтдаг.
Хакерыг энгийнээр тайлбарлавал аливаа системийн эмзэг сул байдлыг илрүүлж түүгээрээ нэвтрэх, үйл ажиллагааг зогсоох зэрэг үйлдэлүүд хийж байдаг. Зарим нь зүгээр гараад явна, зарим нь мэдээллийг хуулж авна, нэг хэсэг нь ажиллагаагүй болгоно. Одоо цагт бол санхүүгийн ашиг сонирхолын хүрээнд болон хорлон сүйтгэх үйл ажиллагаа, хууль бус хэлцэл хийх зэргээр арга нь нарийсч байна.
НҮБ-ын төрөлжсөн агентлаг болох Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас хийсэн судалгаанд Монгол Улсын кибер аюулгүй байдлын индексийн гол үзүүлэлт болох хууль эрх зүйн орчин бүрдээгүй, үндэсний кибер халдлага, зөрчлөөс сэргийлэх, хариу үйлдэл үзүүлэх байгууллага байхгүй зэрэг үндэслэлээр 2017 онд 193 орноос 104 дүгээр байранд, 2018 онд 85 дугаар байранд эрэмбэлэгдэж байсан.
Кибер аюулгүй байдлыг хангах нь нэг удаагийн шинжтэй үйлдэл биш, кибер халдлага улам бүр бэлтгэгдсэн, хохирол ихтэй болж байгаа. Манай хоёр хөршөөс эхлээд кибер дайралтууд өдөр, цаг бүр Монгол Улсын үүдийг тогшсоор байна.