Газа дахь цор ганц диализын эмнэлгийг устгажээ
Израилийн арми өнгөрсөн амралтын өдрүүдэд Газын зурваст үргэлжлүүлэн цохилт өгч, дор хаяж 54 хүний аминд хүрээд байна. "Хүүхдийг ивээх сан", "Хил хязгааргүй эмч нар" зэрэг бүлгүүд хүмүүнлэгийн тусламж түгээх цэгүүдэд цугларсан байсан хүмүүсийг хөнөөсөн гэж Израилийг буруутгав. Нас барагсдын 31 нь Рафах дахь тусламжийн цэг дээр бөөгнөрсөн байжээ.
Цэрэгжүүлсэн хүмүүнлэгийн тусламжийн механизм нь тусламжийн хуваарилалтын олон улсын стандартыг зөрчиж, энгийн иргэдэд аюул учруулан, Газын гамшигт байдалд нөлөөлж байгааг НҮБ-ын Хүний эрхийн алба онцоллоо.
Түүнчлэн Израиль Газын хойд хэсэгт орших Нура аль-Кааби диализын эмнэлгийг устгасан байна. Энэ нь хэдхэн долоо хоногийн өмнө шинэчлэгдэн ашиглалтад ороод байсан эмнэлэг бөгөөд диализын аппаратад ордог өвчтөнүүдийн цорын ганц хандах газар байв. Түлш, эмнэлгийн хэрэгслийн ноцтой хомсдол үүссэн байсан ч бөөрний дутагдалтай 160 гаруй өвчтөн тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байжээ.
Дашрамд дурдахад, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг идэвхтэн Грета Тунберг "Freedom Flotilla Coalition" хөдөлгөөнийхөнтэй нэгдэн тусламжийн ачаа хүргэх хөлөг онгоцоор Газын зурвас руу Ням гаригт хөдөлсөн билээ.
Гэтэл АНУ-ын Бүгд найрамдах намын сенатор Линдсей Грам түүнийг ёжилсон утгатай жиргээг "Х" хаягаараа нийтэлжээ. Тэрбээр "Грета ба түүний нөхдийг сэлж чаддаг гэж найдъя" гэж бичжээ. Үүнийг зарим хүн заналхийлэл гэж харж байна. "АНУ-ын сенатор хүн яагаад уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцдэг залуухан хүнийг заналхийлнэ вэ?", "69 настай сенатор 22 настай идэвхтнийг живнэ гэж маазрах нь ямар учиртай юм бол. Америкийн улс төр нэг иймэрхүү л байгаа гэсэн үг үү?" гэх зэргээр хүмүүс дургүйцлээ илэрхийлжээ.