Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ
Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны төслийг хэрэгжүүлэх эрхээс үүдэн дэлхийн нефтийн хамгийн том хоёр компани болох Exxon Mobil ба Chevron Corp-ийн хооронд ширүүн маргаан дэгджээ. Энэ тухай санхүүгийн дүн шинжилгээний Seeking Alpha цахим хуудсанд бичсэн байна.
Шалтгаан нь, Гайанагийн тэнгис дэх нефтийн ордуудын хувьцааны 30 хувийг эзэмшдэг Hess Corp компанийг Chevron 53 тэрбум доллароор худалдан авахаар төлөвлөж буйтай холбоотой юм.
Харин ордыг эзэмших консорциумыг тэргүүлж буй Exxon компани дээрх хэлцлийг зогсоох эрхтэй гэдгээ мэдэгдсэн бол үүнийг Chevron, Hess хоёр эсэргүүцжээ. Талууд тохиролцоонд хүрч чадаагүй тул Лондонгийн арбитрын шүүхэд хандсан бөгөөд шүүхийн шийдвэр 8 эсвэл 9 дүгээр сард гарч магадгүй байна.
Энэхүү маргаан Exxon-ы Ерөнхий захирал Даррен Вүүдс, Chevron-ы Ерөнхий захирал Майк Вирт нарын элэгсэг дотно харилцааг хүйтрүүлжээ. Тэд өмнө нь байнга цугтаа үдийн хоол идэж, хамтын төслүүдээ хэлэлцдэг байв.
Зөрчилдөөний гол шалтгаан бол Гайанад газрын тосны бүүм болж байгаатай холбоотой. Хятадын Cnooc компани багтдаг Exxon-ы тэргүүлсэн консорциум одоогийн байдлаар өдөрт 650 мянган баррель газрын тос олборлож байгаа бөгөөд 2027 он гэхэд энэ тоог хоёр дахин өсгөхөөр төлөвлөжээ. Ингэснээр төсөлд эзлэх Hess-ийн хувь хэмжээ 40 тэрбум долларт хүрч магадгүй байгаа тул арбитрын шүүхийн шийдвэр нь Chevron-ы урт хугацааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд маш чухал юм.
Олборлолтоо төрөлжүүлэх, 2030 оноос хойших байр сууриа бэхжүүлэхийн тулд Chevron компани Hess-тэй хэлцэл хийснээ 2023 оны 10 дугаар сард зарласан байна. Даррен Вүүдс өнгөрсөн оны сүүлчээр мэдэгдэхдээ, хэн ч сонирхдоггүй байх үед Exxon компани Гайанад багагүй хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд Chevron ба гуравдагч талын хоорондын хэлцэл нь хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд саад болох ёсгүй гэдгийг дурдсан юм.
Сүүлийн жилүүдэд Exxon-ы хувьцааны тоо хэмжээ нь Chevron-ыхоос давсан бөгөөд Chevron компани Hess-ийг авснаар энэ зөрүү багасах магадлалтай.
Гэхдээ тус хоёр компани эцсийн эцэст Гайанад хамтран ажиллахаар тохиролцсон ч гэсэн тэдгээрийн удирдлагуудын итгэлцлийг сэргээхэд багагүй цаг хугацаа шаардлагатай гэж компанийн дотоод нууц мэдээлэлтэй танилцдаг инсайдерууд үзэж байна.
Б.Адъяахүү