Х.Тэмүүжин: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгах эсвэл бөгсийг нь ухахгүй байх шатрын өрөг өрөгдөж байна
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй ярилцлаа.
-Монгол Ардын намын хоёрдугаар ээлж хоолонд орохоор хэт яарсан бололтой-
-Өнгөрсөн долоо хоногт МАН-ын Бага хурал хуралдаж, хамтарсан Засгийн газрыг задлах шийдвэр гаргалаа. Танай намыг гэрээгээ зөрчсөн хэмээж буй ч үндсэн шалтгаан нь өөр шиг. Эдгээр үйл явцыг та хэрхэн харж байгаа вэ?
-Хамтарсан Засгийн газар тарах нь нэгэнт ойлгомжтой байсан. Харин хэдий хугацааны дараа, хэзээ гэдэг л сонин байлаа. Магадгүй Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө гэж харж байв. Яг нарийндаа, сонгуулийн цикл тойрсон ерөнхий зарчмын дагуу, УИХ-ын сонгуулийн дараа улс төржихгүйгээр бодитой ажил хийх үндсэндээ хоёр жилийн хугацаа л байдаг. Энэ хоёр жилийг ашиглаад том төслүүдээ хэрэгжүүлэх, эдийн засгийн араануудаа хөдөлгөх боломжийг эрэлхийлнэ. Тиймээс олон жил гацсан, улс төрийн нөхцөл байдлаас үүдэн хоёр талд гарч зогсчихоод дундын шийдэл гаргаж чадаагүй асуудлууд дээрээ хоёр том улс төрийн хүчин нэгдээд үзвэл яасан юм гэдэг гэгээлэг төсөөллөөр хамтарсан Засгийн газар байгуулсан байх л даа.
Гэхдээ нөгөө талд нь хууль зүйн үр дагаврыг нь бодох ёстой. Олонх болсон, Засгийн газраа дангаар байгуулах учиртай нам сөрөг хүчинтэйгээ нэгдчихээр, ардчилал болон парламентын бэхжил талдаа суларна гэж шүүмжилсэн. Ийм нөхцөлд хамтарсан Засгийн газар байгуулагдсан ч цаг хугацааны хувьд арай л эрт тарлаа.
Харин логикийн хувьд, хамтарсан Засгийн газар тарсан шалтгааныг ойлгохгүй байгаа. Анх энэ асуудал Ерөнхий сайдын хүүгийн сүй тавьсантай холбогдож гарч ирсэн. Ерөнхий сайдын хүү найз охиндоо орлогоос давсан байж болзошгүй үнэтэй брэндийн бэлэг өгсөн үү гэдэг хардлагаас эхэлсэн. Ингээд Ерөнхий сайдыг орлогоо нотол, хүүхдийн тань тансаглал орлогын хүрээнд үү, үүний ард авлигал байгаа юм биш үү, өөрөө авлигын тогтолцооны нэг хэсэг болчихсон юм биш биз хэмээн залуус жагссан. Гэтэл эрх баригч нам энэ асуудлыг өөр тийш эргүүллээ. МАН-ын хоёрдугаар ээлж хоолонд орохоор хэт яарсан бололтой.
Тэд ажил хийе гэхээс илүүтэй, "Бидний эрх мэдэл дээр яагаад өөр намын хүмүүс суугаад байгаа юм" гэсэн атгаг жижиг бодлоос үүдэн, Ерөнхий сайдын хүүхдийн асуудлыг АН-ын алдаа болгож хувиргалаа.
-МАН Бага хурлаар гаргасан шийдвэрийнхээ тайлбарыг маргааш нь хийнэ гэж мэдэгдсэн. Гэхдээ одоог хүртэл энэ шийдвэрээ танай намд цаасан байдлаар ирүүлээгүй гэсэн үү?
-МАН-ын Бага хурлын шийдвэр одоог хүртэл Ардчилсан намд ирээгүй байна. Одоо УИХ дээр Ерөнхий сайд огцрохтой холбоотой асуудал Ардчилсан намыг дүрмээ зөрчсөн гэх Бага хурлын шийдвэрийн хамт орж ирнэ. Гишүүд ч асуулт асууна. Тиймээс тэр их асуулт, хэрүүдийг хэрхэн тойрохоо мэдэхгүй, аятайхан шийдэл олдохгүй удаад байх шиг байна.
Нэгдүгээрт, Ардчилсан нам яаж гэрээгээ зөрчсөн бэ гэдэг дээр логикийн хувьд маш том зөрчил үүссэн. Манай Б.Пүрэвдорж гишүүн энэ агуулгаар сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Засгийн газарт байгаа найман сайдааса асуулаа. Та нар Ерөнхий сайдын бэрд өгөх бэлгийг бэлдэж өгсөн юм уу гэсэн. Бүгд “үгүй” гэж байна лээ” хэмээн элэглэж харагдсан. Яг ийм хошин шог шиг юм болж байна.
Хоёрдугаарт, миний харж буйгаар МАН яг хөшигний ар дахь хэрүүлээ ил гаргаж хэлэхгүй байна. Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийн үеэр “Би ард түмнээсээ Монгол Улс засаглалын ямар хэлбэртэй байвал зүгээр вэ гэдгийг асууна” гэж муйхарлаж байсан. Тэр муйхарлалын бас нэг хувилбар хөшигний ард одоо явагдаж байна. Хэн нэг хувь хүн эрх мэдлээ хадаж, тэнгэрийн суудалдаа үлдэх оролдлогыг тас цохихгэж АН-ын бүлэг "Үндсэн хуульд дахин өөрчлөлт оруулахгүй" гэсэн бичигт гарын үсэг цуглуулсан.
Үүнтэй зэрэгцээд өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал бий боллоо. Тиймд энэ бүхэн гарын үсэг цуглуулж эхэлсэнтэй холбоотой байж магадгүй гэсэн хардлага ч байна.
Х.Баттулга Ерөнхийлөгч байх үедээ ҮАБЗ-ийг өөрийн хүмүүсээр бүрдүүлж, шүүхийг "шүүрдэж" галзуурсан. Яг түүнтэй адил, хоёрдугаар анги яваад байгаа юм биш биз.
Ерөнхий сайдын хүүгийн асуудалд дөрөөлж, хавсаргад нь АН-ыг Засгийн газраас гаргаад, ард нь ҮАБЗ дээр өөрийн гэсэн гурван хүнтэй, Засгийн газар болон УИХ дээр өөрийн гэсэн дэмжлэгтэй, тэр дэмжлэгээр дараагийн эрх мэдлийнхээ үргэлжлэлийг хийх гэсэн хөшигний ар дахь тоглоом яваад байна уу гэж хардаж байгаа.
Ийм хардлага, болгоомжлол байгаа учир бид МАН-ын Бага хурлын шийдвэрийн үндэслэлийг цаасаар авч харахыг тэсэн ядан хүлээж байна.
-Хамтарсан ЗГ-ыг байгаа нь УИХ-ын сонгуулийг угтсан ажил биш. Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил-
-Ерөнхий сайд хэн байхаас хамаарч Ерөнхийлөгчийн сонгуулийн сценари зурагдах нь гэсэн таамаглалыг та ч дэвшүүлж байгаа юм байна. Тэгэхээр таны харж байгаагаар дараагийн Ерөнхий сайд хэн байх вэ?
-Эхлээд өмнөх түүхийг ярья. 2012-2016 онд Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулаад Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилох зургийг тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зурсан. Ц.Элбэгдорж яагаад энэ зургийг зурсан бэ гэхээр, дараагийн УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийнхөө түншүүдийг баталгаажуулах гэсэн. Хэрэв та бүхэн анзаарч байсан бол Н.Алтанхуягийг огцруулахад З.Энхболд, Х.Баттулга нарын хүмүүс Ц.Элбэгдоржтой гар нийлж, Р.Амаржаргалаар мануухай босгож байгаад ар дээр нь Ч.Сайханбилэгийг томилсон. Ч.Сайханбилэг сайд болоод, хэрүүл дагуулсан эдийн засгийн ашиг сонирхолтой олон шийдвэр гаргаж байлаа. Надад яг ийм зүйл давтагдаж байна уу гэдэг болгоомжлол надад төрсөн.
Ерөнхийлөгчид хамгийн их таалагдах, түүний үгээр байж чадах тийм л хүн дараагийн Ерөнхий сайд болно. Мөн Ерөнхий сайд болоод ямар шийдвэрүүд гаргах вэ гэвэл 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэг У.Хүрэлсүхийг, эсвэл У.Хүрэлсүхийн "бөгсийг нь ухахгүй" байх тийм хүнийг дэвшүүлэхийн төлөө бүх хүч чадлаараа ажиллах байх. Ийм л зорилго, амлалтын ар дээр шатрын өрөг өрөгдөж байна гэж би харж байгаа. Энэ бол 2028 оны УИХ-ын сонгуулийг угтсан ажил огт биш. Энэ бол түүний наана болох буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлыг хангаж байгаа үйл явдал. Урьдын туршлага байгаа учраас бид ингэж хардаж байна.
Дахин нэг жишээ хэлье. Одоогоос дөрвөн жилийн өмнө Ерөнхийлөгчийн сонгууль болсон. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт. Х.Баттулгын дүү нартаа далаараа тавиулах үйл явдлыг хэн хийж, найруулав. Тэр үеийн хүмүүс бүгд солигдоогүй байгаа. Одоо хэр эрх мэдлээр тоглоод, нэг нэгэнтэйгээ зодолдоод байж байгаа.
Мөн Х.Баттулга, Ц.Элбэгдорж, З.Энхболд гурав хамтран Н.Алтанхуягийг зайлуулж, ар дээр нь хоорондоо зодолдоод юу боллоо. Өнөөдөр нэгэнтэйгээ нүүр тулаад уулзаж чадахгүй хэмжээний үзэн ядалт тээсээр байна. Яг энэ хувь заяа дахин давтагдаж байгаа. М.Энхболд гэдэг хүнийг зайлуулахын төлөө "Шударга тав" гэж гарч ирсэн. Тэр хүмүүс хэний төлөө гудамжинд гарав, тухайн үеийн Ерөнхий сайдыг огцруулж, өөр хүнийг сайд болгов. Дараа нь дахиад тэр хүнийг Ерөнхийлөгч болгохын тулд зүтгэсэн. Гэтэл эдгээр хамтралын нөхөд өнөөдөр нүүр тулаад үнэнээ ярьж чадахгүй болтлоо хөшигний ард зодолдож байна. Тэдэнд ил гараад үнэнээ хэлэх зориг байхгүй.
Ардчилсан нам бол бүх юмаа ил хэлчихдэг. Харин МАН-ын дотоод соёл нь модон дотор цусаа гартал зодолдоод, хөшигний наана тосоо гартал тэврэлддэг. Тэд энэ тоглоомоо л тоглож байна. Манай намын дарга Л.Гантөмөр хэлж байна лээ. МАН-ын залуучуудад итгэсэн, итгэл маань үүгээр зогсож байна гэж. Ийм дотоод соёлтой, хаалттай байдаг. Зөвхөн даргынхаа төлөө улс орны эрх ашгийг нулимж хаяснаа, нүүрээ угаагаад юу ч болоогүй юм шиг гараад ирж чаддаг хүмүүст итгээд сууж байх нь гэнэн хэрэг.
-Нэгийхээ гэр бүл рүү ортол өсөрхөж, шорон оронд хийтлээ галзуурах тэнэглэл манай намд байхгүй-
-Сая хэлсэнчлэн танай намын дарга өөрөө хариуцлага хүлээнэ гэсэн, ажлаа өгнө ч гэж дуугарлаа. Л.Гантөмөрийг ер нь улс төрч, намын даргын хувьд та хэрхэн дүгнэдэг вэ. Улс төрийн шийдвэрийг нь дэмжих үү?
-Манай намын хувьд үе солигдсон. Нэгнээ хуурч хэрчээд, шарх сорив нь эдгэхгүй болтлоо зодолддог, жаахан зальжин маягийн ах нарын үе ерөнхийдөө дууссан. Одоо манай нам дотор үе дотроо булаацалдах зүйл байхгүй. Нэгийнхээ гэр бүл рүү ортол өсөрхөж, шорон оронд хийтлээ галзуурах тийм тэнэглэл бидний дунд байхгүй. Л.Гантөмөр бидний нэг учир “Миний явсан зам буруу байлаа. Тиймээс би хариуцлага хүлээе" гэж хэлэх эр зориг байна. Тэглээ гээд нөгөө хүнээ дэвсэлж суух тачаадсан үзэн ядалт бидний дунд байхгүй. Ах нараас болж хагарч, хэдэн янзын тамгатай болоод, бусдын гарын үзүүрт зарагдах хүртлээ бутарч дууссан намыг эвлүүлэн босгож, өдий хэмжээнд авч явж байгаа юм чинь үүнээс цааш ч эрүүл ухаанаа бид хадгална.
-Танай намын дараагийн дарга хэн байх бол?
-Манай нам дотоод дүрэм, журам болон улс төрийн намын тухай хуулийн дагуу даргаа нээлттэй сонгоно. Хэн ч байж болно гэсэн үг. Улс төрийн намын тухай шинэ хууль үйлчилж байгаа. Шинэ хуулиар нам Их хурал хийж, даргаа сонгох зохицуулалттай.
-Шинэ Засгийн газар хиймлээр "үйлдвэрлэсэн" сайд нараа буулгаж, дарга нарын тоог багасгахгүй бол том бүтцийн тансаглалыг Монголын эдийн засаг дийлэхгүй-
-Хамтарсан Засгийн газар тарсны дараа хэрэгжүүлж байсан томоохон мега төслүүд улс төрийн ямар эрсдэлтэй тулна гэж харж байна?
-Хамтарсан Засгийн газрын үед жижиг алдаа гарахад "За, яах вэ. Том ажлууд яваг" гээд амаа жимийгээд зогсож байсан. Энэ нь биднийг сөрөг хүчнээ ер хийх нь үү, үгүй юу гэж харагдах хэмжээнд бүдэгрүүлсэн байж магадгүй.
Харин хамтарсан Засгийн газар тарж байгаа нөхцөлд энэ бүхэн өөрчлөгдөнө. Улс төрийн эрсдэлийн хувьд Засгийн газраас эхлүүлсэн ихэнх ажил урагшлах нь ховор болох байх. Үнэхээр улс оронд хэрэгтэй зөв ажлууд урагшилна. Дарга тойрсон, зөвхөн нэг намын эрх ашгийг харсан, улс төрийн ашиг хонжоо хайсан алдаа гаргавал улс төрийн маргаан талцал үргэлж асна.
Үүний ар дээр буруу хожил битгий явагдаасай.
"126 гишүүнтэй энэ парламент болохгүй юм байна, түүний оронд нэг хүний гэдэг юмыг амилуулах сонирхол битгий хүч аваасай" гэж хүсэж байна. Түүнээс парламентын эрүүл мэтгэлцээн, нэг нэгэндээ хяналт тавих улс төрийн зөв шаардлагууд илүү хүчтэй, зохион байгуулалттай, сайн үндэслэлтэй болж хувирах байх.
-Шинэ Засгийн газрын бүтэц ямар байх ёстой вэ. Хамтарсан Засгийн газрын хувьд намууддаа сандал, суудал өгөх гэж бүтцээ хэт данхайлгасан шүү дээ?
-Хамтарсан Засгийн газарт нэг том алдаа байсан. Хэт данхайсан нь үнэн. Олон намтай учраас олон сайд, дарга үйлдвэрлэсэн. Одоо МАН дангаараа засаглая гэж байгаа бол эхний ээлжид хиймлээр "үйлдвэрлэсэн" сайд нараа танах байх. Яамны бүтэц эргээд цомхон болох байх. Дарга нарынхаа тоог цөөлөх зорилготой ажиллаасай гэж хүсэж байна. Түүнээс биш хоёрдугаар ээлжээ хоолонд оруулахын тулд ширээн дээрх бүх тавгаа хураахгүйгээр дүүргэнэ гэж үзвэл Монгол Улсын эдийн засаг дийлэхгүй.
Тиймээс яамдаа багасаасай. Хэрэв шинэ Засгийн газар зарчмын шинжтэй концепц барья гэж бодвол Хууль зүй ба Дотоод хэргийн яамаа салгаасай гэж хүсэж байна.
-Шинэ Засгийн газар байгуулагдвал шүүмжлэл дагуулсан хяналт, бүтээмж менежерүүд хэрхэх вэ?
-Мэдээж тэд байхгүй болно.
-Хамтарсан Засгийн газрын хэрэгжүүлсэн хамгийн том төслүүдийн нэг бол Гашуунсухайт-Ганцмодын хэлэлцээр. Хил холбоод зогсохгүй цаашид үргэлжлэх бүтээн байгуулалт шүү дээ. Улс төрийн, засаглалын хувьд тогтвортой болсон гэдгээ харуулах гэж, хамтарсан Засгийн газрын имижээр хэлэлцээрийг хийсэн гэж харагддаг. Одоо тарчихаар, энэ ажил цааш үргэлжлэх үү?
-Үнэнийг хэлэхэд манай улс гадаад ертөнц рүү урагш төмөр замаар гардаг, тэгээд агаарын тээвэр л бий. Энэ хоёр сэдэв дээр үргэлж хаалт, боолт орж ирдэг. Гацааж, зогсоох сонирхол хойноос орж ирдэг. Хойд талын гар хөлүүд эрх мэдэлтэй, дуу хоолойтой байснаас болж өнгөрсөн хугацаанд төслүүд гацаж ирсэн. Эдгээрийг бид тэнцвэржүүлж, аль болох эвтэйхэн барих гэж оролдож байгаа. Одоо дараагийн Ерөнхий сайд хэн байхыг би хэлж мэдэхгүй. Шинэ Засгийн газар дотор ямар дуу, хоолой хүчтэй байхыг тааж мэдэхгүй байна. Гэхдээ Монголын улс төр доргих, засаг хөдлөх бүрд барьц ахиулдаг ашиг сонирхол бүхий хэсэг АН, МАН-ын аль алинд бий. Энэ ашиг сонирхлыг сөрж чадах хэмжээний хүчийг бий болгох гэж 126 гишүүнтэй парламент байгуулагдсан. Тэгэхээр парламент Засгийн газрыг толгой дээрээ гаргахгүйн тулд гурван зүйл шийдэх ёстой.
Нэгдүгээрт, Ерөнхий сайд хэн байхаас үл шалтгаалж УИХ-ын толгой дээр гарч суудгийг болиулах хэрэгтэй. 126 гишүүн Үндсэн хуулийн зарчим, үзэл санааг амилуулах шаардлагатай. УИХ-ын нэгдсэн чуулганы бүрэлдэхүүнд 126 гишүүн багтана. Тэр дунд Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гэж байхгүй. Чуулганы үндсэн ерөнхий зохион байгуулалт 126 хүн хуралдах, мэтгэлцэх, үзэл бодлоо илэрхийлэх, шийдвэр гаргахад зориулагдах ёстой. Хуралдахад нь зориулж УИХ-ын дарга байдаг. Даргад хурал удирдах таатай нөхцөл суудал гаргаж өгч болно. Түүнээс бусдаар, зарчмын хувьд даргын сэнтийд залж болохгүй.
Хоёрдугаарт, парламент өөрөө мэтгэлцэх талбар. 126 гишүүн дотроо олонх, цөөнх гэж хуваагддаг үндсэн зохион байгуулалттай. Олонхын болон цөөнхийн бүлэг мэтгэлцэж, байр сууриа илэрхийлж, эрүүл саруулаар мэдээлэл цуглуулдаг, хэлэлцдэг. Тэр нь олон нийт рүү ил тодоор гарч, нийгэм ойлголттой болдог. Яг үүнд зориулсан мэтгэлцээний талбарыг бий болгох ёстой. Хамтарсан Засгийн газар байхгүй болсон учир парламентын ардчилал үүсэх боломжтой. Энэ агуулгаараа Ерөнхий сайдын мэдээллийн цагийг УИХ-ын асуулгын цаг болгож хувиргах хэрэгтэй. Дэлхийн бүх улсуудад парламент нь ийм зарчимтай байна. Ерөнхий сайд нь зарим улсад бүр 14 хоног тутамдаа парламентад орж ирж, асуултад хариулдаг. Нийгэмд тулгамдаж байгаа асуудлаар ард түмний төлөөлөгч гишүүд асуулт асууж, Засгийн газар ажил хариуцаж байгаагийн хувьд тайлбар хэлдэг тийм л тогтолцоо руу орох ёстой.
Гуравдугаарт, Ерөнхий сайд байна уу, сайд нар байна уу, хэн байхаас үл шалтгаалж төрийн болон жирийн алба хаагчдыг УИХ-д худлаа ярьдаг байдлыг зогсоох ёстой. Худал мэдээ, хоосон хэрүүлийг болиулж, ажил хэрэгч, тоо баримттай, үндэслэлтэй, нотолгоотой зүйлсийг ярьдаг болох ёстой. Тэгж байж шийдвэр зөв гарна.
Үүний дараа бидний ярих ёстой нэг зүйл бий. Ерөнхийлөгч бол УИХ-ын өмнө Ерөнхий сайдтай яг адил статус бүхий албан тушаалтан. Тиймээс мөн гишүүдийн асуултад хариулдаг байх ёстой. УИХ-д хийсэн ажлаа тайлагнадаг байх ёстой. Үндсэн хуульд нэг заалт бий. Ерөнхийлөгч УИХ-ын өмнө тааллаараа оролцох эрхтэй. Гэхдээ УИХ-ыг даргалах эсвэл толгой дээр нь гарч суух боломжгүй. Энэ зарчмыг ярих ёстой.
Эцэст нь Засгийн газар яаж байгуулагдах, Ерөнхий сайд хэн болохоос үл шалтгаалан гурван даргын улс болчихсон байгаа байдлыг өөрчлөх ёстой. Монгол Улс Үндсэн хуулиараа эрх мэдлийг гурав хуваасан. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэж. Түүнээс гурван дарга Монгол Улсын захирдаг социализмын үеийн систем биш. Иймд ҮАБЗ дээр УИХ-ын дарга орж ирж сууж байгааг болиулах ёстой. УИХ-ын дарга УИХ дээр л эрх мэдэлтэй байх ёстой. ҮАБЗ гэдэг бол эрх мэдэл хуваарилалтын байгууллага биш. Зөвхөн Үндсэн хуульд дурдагдсан зөвлөмжийг өгөх ёстой нэг институт. Тэр байгууллага УИХ-ын даргыг дотроо оруулж байгаад, Ерөнхийлөгч нь даргалж, УИХ-ын даргад заавар чиглэл өгдөг байж болохгүй. Эсрэгээрээ УИХ-д Ерөнхийлөгч ирж ажлаа тайлагнах Үндсэн хуулийн үүрэгтэй. Тиймээс УИХ-ын дарга гэдэг хүн өөрөө түүний доор орж ажиллаж болохгүй. УИХ-ын гишүүн Ерөнхий сайдыг дуудаж ажлыг нь асуудаг мөртлөө Ерөнхий сайдын даргалдаг Засгийн газрын аль нэг агентлагт ажиллаж болдоггүй биз дээ. Яг энэ Үндсэн хуулийн зарчмыг хэрэгжүүлэх ёстой.
-Сая дурдсан ажлуудаа АН-ын бүлэгтэй хамтран хуулийн төсөл болгосон гэсэн. Хэзээ өргөн барих вэ?
-Өргөн барих нь бэлэн болчихсон. Одоо УИХ-ын даргаас тов хүлээгээд сууж байна. Энэ хуулийн нэг хэсгийг АН-ын бүлэг, нөгөө хэсгийг нь УИХ-д суудалтай намууд хамтраад өргөн барьж байгаа.
-МАН Ерөнхийлөгчийн асуудлаар сул гишүүний орон тоо тооцож, Дав.Цогтбаатарыг золиослоод байна уу-
-Танай намын залуу гишүүн Дав.Цогтбаатарын шүүхийн асуудал удаан яригдлаа. Сүүлдээ Дав.Цогтбаатарыг түдгэлзүүлэхгүй байгаа нь, МАН улс төрөөс гадуур байгаа хүнээ оруулахын тулд суудал хадгалж байна хэмээн яригдаж буй. Энэ үндэслэлтэй юу. Түүний холбогдох хэргийн хүрээнд гол буруутнууд нь цагаадчихсан зэрэг өнцгүүд байна?
-Хууль зүйн нөхцөл байдал, улс төрийн нөхцөл байдал хоёр өөр байгаа. Ер нь бол хууль зүйл нөхцөл байдал үүсэхээс өмнөх улс төрийн нөхцөл байдал энэ шийдэл рүү явуулсан нь хэн ч харсан тодорхой байгаа. МАН-аас Ерөнхийлөгч болох ёстой хүн УИХ-ын гадна байгаа учраас түүнийг УИХ руу оруулж ирье. Эсвэл одоо байгаа Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг сунгахад хамгийн үүрэг, рольтой оролцох ёстой тоглогч нар нь УИХ-ын гадна байгаа учраас тэр хүнийг оруулж ирье гэвэл, хэнийг мулталж болох вэ гэдэг дээр өрөг тавьсан болов уу. Иймд УДШ дэх гар хөлөөр ийм шийдвэр гаргуулсан юм биш биз гэсэн хардлага байна.
Дав.Цогтбаатар гэдэг хүний бүрэн эрхийг хөндөхөөс илүүтэй, зурсан зургийн золиосонд яваад байгаа юм биш үү гэсэн хардлага бий. Дээд шүүх дээр болсон маргаан дээр энэ зүйл маш тодорхой харагдаж байсан. Дав.Цогтбаатар гэдэг хүн бол шийдвэр гаргагч биш. Хэрэгжүүлэгч, мэргэжилтэн нь байсан. Гэтэл гол шийдвэр гаргасан хоёр албан тушаалтан нь яагаад ял авсангүй вэ. Энэ чиглэлд гол шийдвэр гаргасан МАН-ын нөлөө бүхий хүмүүсийн хүүхдүүд одоо хүртэл томоохон албан тушаал хашиж байна.
Тэр хүмүүст яагаад хууль үйлчлээгүй вэ. Тушаалын дагуу ажлаа хийсэн мэргэжилтэнд ял өгөх гэж оролдоод, шүүхээс цагаадсан хэрэг дээр тойргийг нь булааж авахын тулд буцаагаад ийм асуудлыг хөндөв гэдэг зүйл яригдаж байгаа. Энэ бол хөшигний ардах дүр зураг.
Харин хөшигний наана байгаа дүр зураг дээр "Энэ процесс Үндсэн хууль зөрчөөд байгаа юм биш биз. Хэрэв үнэхээр ийм асуудал хөндөгдөж байгаа бол Үндсэн хуульд гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой маш тодорхой заалт бий.
Үнэхээр УИХ-ын гишүүнтэй холбоотой асуудал хөндөгдсөн бол УДШ шийдвэр гаргахаас өмнө УИХ-д ямар нэг бичиг ирэх ёстой байсан уу гэдэг асуудал үүснэ. Энэ мэтчилэн хууль зүйн хэд хэдэн асуудал байгаа. Дээрээс нь энэ чинь ард түмний мандаттай хүн. Жирийн гудамжид байгаа хүн огт биш. Тиймээс бид энэ асуудалд илүү хэрсүү, хөшигний ар дахь тоглоомыг нь анзаарч харж байгаа учир МАН-ынхан шиг алга ташиж гүйхгүй.