Их моголчуудын товч түүх

1398 оны есдүгээр сарын 22-ны өдөр монгол цэрэг Афганистаны уулсын дундуур гарч Энэтхэг орныг зорих их замд хөндөлдөх байгалийн бартаа саад болсон Инд мөрний баруун эрэгт гарч ирэв. Хоёр хоногийн дотор завь онгоцуудаар хөвөгч гүүр бариад их цэрэг дорно зүг аяны замаа хөөжээ. 

Энэ тухай чимээ сураг байдал хэвийн үед бол Делийг онцын түгшүүрт автуулахгүй байхсан. Сүүлийн хоёр зууны турш Монголын цэрэг хэдэн жил болоод л Пенжабад довтолдог нь жам болоод байсан юм. Монголчууд Делид ийн байнга аюул занал учруулсаар ирсэн ч сайтар бэлтгэсэн буурьтай тулалдаанд орохоороо голдуу ялагддаг байжээ. Угтаа бол энэхүү дайсан этгээд хэдий аюултай ч байдаг л нэг жирийн зэрлэг ард түмэн байсан бөлгөө. Тэдэнд олзлогдож зэрлэгүүдийн оронд нэлээд жилийн нүүр үзсэн яруу найрагч Амир Хосров Дехлеви (Амир Хосров Дехлев, 1253-1325, Энэтхэгийн түрэг гарлын яруу найрагч, үрдү, фарси, хинди хэлээр зохиол бүтээлээ туурвиж байсан. Орч.) хожим нь бичихдээ, тэднийг бөөс хуурсандаа баригдаж хир дайр болсон арьсаар нь зөвхөн гутал л хийвэл зохилтой хэмээн даажигнасан байдаг. Тийм болохоор жирийн үед бол Делийн эрх баригчид тэдний аюул заналыг нэг их тоохгүй байх байсан юм.

Гэвч 1398 онд нөхцөл байдал огт өөр байжээ. Нэгд гэвэл, Делид чухам хэн төр барьж байгаа нь тодорхой бус байв. Фирүз шаг өгүүлэн буй үйл явдлаас даруй арван жилийн өмнө насан эцэслэснээс хойш хаан ширээнд санаархагчийн өвөр хоорондын өрсөлдөөн тэмцэл эзэнт гүрнийг он удаан жилээр хагалан бутаргаж байв. Монголчуудыг довтлон ирэх тэр үед хоёр тоглоомын этгээд гүрнийг захирч байсан ч ард нь байсан тэднээс хамаагүй хүчтэй нэгэн тэднийг ёстой л дураараа хөдөлгөж захирч байсан юм. Хоёрт гэвэл, монгол цэргийг энэ удаа хөл хазгарын учир доголон Төмөр хэмээх хоч хүртсэн мөнөөх гайхал Төмөр удирдаж явжээ. Түүнийг өрнөдөд "Тимур-ленг” буюу доголон Төмөр хэмээдэг байсан бөлгөө. "Бурхны гэсгээл” хэмээгдсэн энэ хүн жаран нас сүүдэр зооглоод байв. Гэхдээ тэр үед Төмөрийн дэргэд байж, энэ хүнд ясны дургүй болсон нэгэн араб зохиогч түүнийг "тэрбээр хад хавцал мэт хатуу чийрэг бахим биетэй” хүн байв хэмээн тэмдэглэжээ. Төмөр таван жилийн өмнө Багдадыг эзэлсэн байв. Гурван жилийн өмнө түүний үй түмэн цэрэг Орос оронд үерийн догшин ус адил давалгаалан орж Москвад хоёр зуун бээр ойртжээ. Чингис хаан өөрөө энэхүү 1221 онд Төмөрийн очоод буй Инд мөрний наад эрэгт нэг удаа гарч ирснээс хойш Энэтхэг орон ийм аюул заналд өртөж байсангүй. Тэгээд л Чингис хаан тэндээсээ буцсан билээ. 

Төмөр өмнө, зүүн зүгт зогсолтгүй шаргуу давшсаар замдаа таарсан хотуудыг тонож дээрэмдэх гэж л хааяа саатаж байв. Асар их мөнгөн төлбөр өгч байж л түр зуур амсхийвч уг мөнгийг тушаасны дараа тун удалгүй мөнөөх хотуудыг "урьд өмнө үйлдсэн гэмт хэрэг”-ийнх төлөө гэх мэт далим гаргаж эвдлэн сүйтгэсээр явжээ. Үүний учрыг олж ядах юмгүй. Уугуул нутгаасаа алсад яваа дундад зууны армийн дайчдыг өөртөө үнэнч зүтгүүлэх явдал жанжин захирагчид нь тухайн газар орны хотууд хийгээд ард олныг тонож дээрэмдэх бололцоо хэр зэрэг олгохоос л шалтгаалж байсан юм. Төмөр дайрч өнгөрсөн хотуудын хүн амд эерэг сайнаар хандаж ивээж байсан нь юу л бол. Тэрбээр Дели хүрэх гэж тун яарч байсан мэт. Гэвч тухайн үеийн он дараалсан түүх бичээч ингэж их яарч байсны учрыг нь "түүний цэрэг ардаа асар олон хүний хүүр үлдээж, тэр нь илжирч муудсанаас агаар хордуулж байсан”-аас шалтгаалсан гэдэг. Төмөрийн цэргийг дайран өнгөрсний дараа зөвхөн цэргүүдийнх нь боол болгох эсвэл худалдах зорилгоор олзлон авч явсан хүмүүс л амь гарч байсан гэдэг. Ийм хүний тоо удалгүй асар олширчээ. 

Төмөр арванхоёрдугаар сарын эхээр Делид тулж очив. Нийслэл хот Маллу ханы захиргаанд байв. Тэрээр тоглоомын хаадын нэгэн болох Махмуд шагийг барьцаалан түүний өмнөөс төр барьж байв. Арванхоёрдугаар сарын 12-ны өдөр хоёр тал анхны удаа мөргөлдөж, Төмөрийн өөрийнх нь удирдсан толгойн сэргийлэх ангийг Маллу хааны цэрэг довтолжээ. Гэвч халдаар ирэгсдийн довтолгоог хялбархан няцаасан энэ байлдааны тухай элдэв сураг чимээ дорхноо тархсан нь таван түмэн энэтхэг хүний аминд хүрчээ. Учир нь Төмөрийн хүрээнд байсан олзлогдогсод дээрх тулалдааны тухай дуулаад баяр хөөрөө нууж чадаагүйгээсээ болж үхлийн аюулд оржээ. Төмөр цэргүүддээ насанд хүрсэн боолуудаа хороохыг тушаасан байна. Ингээд тушаалыг ганцхан цагийн дотор ёсоор болгож, "насандаа огтонын хамраас ч цус гаргаж үзээгүй” хувраг хүнийг ч мөнөөх хядлагад албадан оролцуулжээ. 

Төмөр шийдвэрлэх тулалдаанд бэлтгэхдээ гол нь Энэтхэгийн домогт байлдааны заануудтай яаж тулалдахаа буурьтай бодож төлөвлөжээ. Цэргүүд нь заануудтай удахгүй тулгарна гэхээс туйлаас балмагдаж бараг л муужрах шахаж байв. Эзний дэргэд явдаг хэдэн эрдэмт хүн тулалдааны үед эхнэр хүүхнүүдтэй л ойр байхыг хүсч байв. Төмөр байлдааны байрлалаа бат бөх хэрэм хийгээд суваг шуудуугаар хүрээлүүлж, заануудыг айлгах юм уу эрэмдэг зэрэмдэг болгох, тэгээд буцаж ухрахдаа өөрийн цэрэг дайчдыг няц гишгэж бяц дэвсэхэд хүргэхийн тулд элдэв төхөөрөг зэвсэг бэлтгэхийг тушаажээ. Мөн гурван хурц металл шилбэ бүхий тулаас (Өгүүлэн буй үйл явдлаас гурван жилийн өмнө Баязид Никополийн дэргэд, түүнчлэн V Хэнри Азэнкурын дэргэд болсон тулалдаанд тус тус ийм зэвсэг хэрэглэж байв) газарт булах, мөн морин цэргийг "зараа”-гаар хангахыг тушаажээ. Энэхүү "зараа” нь хурцалсан дөрвөн? шилбэ бүхий металл төхөөрөг бөгөөд "зараа”-г газар хаяхад аль нэг шилбэ нь заавал дээш харж буудаг байж. Морин цэрэг заануудыг өдөөж байгаад зугтаж араас нь хөөгөөд ойртож ирэхээр нь мөнөөх аюулт "зараа”-нуудаа замдаа шидэх ажээ. Заануудыг айлгахаар Төмөрийн бодож олсон нэг арга нь мөн л дээрхээс дутуугүй энгийн зүйл байв. Хатсан өвс бөөгнүүлэн олон тэмээ, шарын нуруунд ачиж бөхлөөд заануудын өөдөөс тууж сүүлчийн мөчид өвсөндөө гал тавихаар айж цочирдсон амьтад аварга заануудын хөлийн доогуур гүйж орохоор цаадуул нь мэгдэж бажигдана гэж үзжээ.

Энэ хоёр аргын аль аль нь үүргээ гүйцэтгэсэн байна. Арванхоёрдугаар сарын 17-ны өдөр Махмуд шаг, Маллу ханы цэрэг Дели хотын хаалгаар гарав. Чингээд нэг түмэн морин цэрэг, дөрвөн түмэн явган цэрэг, соёонд нь ирийг хоёр талаас нь хурцалсан илд бэхэлсэн заануудын битүү эгнээгээр хуяг дуулгаа хангинуулан довтлон иржээ. Заануудын нуруун дээрх байлдааны жижиг цамхагт харваачид, мөн бүдүүн бараг хийцтэй пуужин, халуун давирхай цацах төхөөрөг бүхий ур дүйтэй хүмүүс суужээ. Гэвч Энэтхэгийн энэхүү үзмэрийн гайхамшиг Төмөрийн мөнөөх эгэл борог арга мэхэнд тэссэнгүй. Нар гудайхад Махмуд шаг, Маллу хан хоёр хот руугаа яаран буцаж, нөгөө талын хаалгаар нь гарч арилжээ. Ялан дийлсэн Төмөр хотын хэрмийн гадна том усан сангийн дэргэд хүрээлэн буув.

Маргааш нь Төмөр Дели хотод ялгуусан дүрээр орж хаан ширээнд морилов. Хотын хүндтэй хүмүүс байлдан дагуулагчийн хөлд сөгдөж өршөөн соёрхохыг гуйж ёсын дагуу асар их дайны төлбөр өгье гэжээ. Байлдаанаар олзлогдсон зуун хорин зааныг Төмөрийн өмнө авчрахад нөгөөдүүл нь номхон хүлцэнгүйн дүрийг үзүүлж өршөөл эрэх мэт их дуугаар орилсон нь байлдан дагуулагчид ихэд таашаагджээ. Харин хирс авчирч үзүүлсэн ч тэд нь түрэгүүдийн эзний ихэрхэг занг хөөргөхөөр авирлаж чадаагүй учир Төмөр таалсангүй аж.

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen