
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Энэтхэгээс импортолж буй бараанд ногдуулах гаалийн тарифыг хоёр дахин нэмэгдүүлжээ. Зарим бүтээгдэхүүнд 50 хүртэлх хувийн тариф ногдож байгаа бөгөөд уг шийдвэр лхагва гарагаас хэрэгжиж эхэллээ.
Ийнхүү Трамп ОХУ-ын хямд үнэтэй нефтийг худалдан авдагтай нь холбогдуулан дэлхийн хамгийн том эдийн засгийн нэгийг шийтгэнэ гэсэн амлалтаа хэрэгжүүлэв. Энэтхэгийн сайд нар үүнийг шударга бус шийдвэр гэж үзэж, цаашид Москва болон Бээжинтэй илүү нягт хамтран ажиллаж, Вашингтонтой харилцаагаа холдуулах магадлал өндөр гэдгийг анхаарууллаа.
Энэхүү шийдвэрийн улмаас Энэтхэгийн эдийн засагт ноцтой хохирол учруулж, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээг илүү ихээр тасалдуулах эрсдэл бий болоод байна. 50 хувийн татварт хувцас, үнэт чулуу ба үнэт эдлэл, гутал, спортын хэрэгсэл, тавилга, химийн бүтээгдэхүүн зэрэг багтаж байгаа нь АНУ-ын хамгийн өндөр татварын түвшний нэг болж, Бразил болон Хятадтай ойролцоо түвшинд хүрэв. Гар утас зэрэг зарим чухал бүтээгдэхүүн түр хугацаанд татвараас чөлөөлөгдөхөөр үлджээ.
Шинэ тариф нь мянга мянган жижиг экспортлогч, ажлын байрыг, тэр дундаа Ерөнхий сайд Нарендра Модигийн төрсөн муж Гужаратад ихээхэн хохирол учруулахаар байна. Энэтхэгийн Худалдааны яам шуурхай хариу өгөөгүй ч, нээрээ нууцалсан нэгэн албан тушаалтны мэдээлснээр тарифын улмаас хохирсон экспортлогчдод санхүүгийн дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ Хятад, Латин Америк, Ойрхи Дорнод зэрэг шинэ зах зээл рүү төрөлжүүлэхийг дэмжинэ гэжээ.
Украины дайны дараа Энэтхэг хямд үнэтэй Оросын нефтийн импортоо нэмэгдүүлж, тэрбум тэрбумаар доллар хэмнэсэн. Гэвч Трампын тогтоосон 50 хувийн өндөр тариф лхагва гарагаас хэрэгжиж эхэлснээр эдгээр ололтыг богино хугацаанд үгүй хийхээр байна.
Шинжээчдийн тооцоогоор Энэтхэг 2022 оноос хойш Оросын нефтийн импортоо нэмэгдүүлснээр дор хаяж 17 тэрбум ам.доллар хэмнэсэн байна. Харин Трампын шинэ тариф зөвхөн энэ санхүүгийн жилд Энэтхэгийн экспортыг 40 гаруй хувиар буюу 37 тэрбум ам.доллараар бууруулж болзошгүй гэж Нью Дели дэх “Global Trade Research Initiative” (GTRI) нэртэй судалгааны байгууллага тооцжээ.
Энэ тарифын үр дагавар удаан үргэлжилж, улс төрийн хувьд Модид хүндрэл учруулж болзошгүй аж. Ялангуяа нэхмэл, үнэт чулуу, үнэт эдлэл зэрэг хөдөлмөр их шаарддаг салбарын мянга мянган ажлын байр эрсдэлд орж байна. Шинжээчдийн хэлснээр, Энэтхэгийн ойрын долоо хоногт гаргах хариу арга хэмжээ нь ОХУ-тай олон арван жилийн түншлэлийг өөрчилж, АНУ-тай улам бүр төвөгтэй болж буй харилцаагаа дахин тэнцвэржүүлэхэд нөлөөлнө гэжээ.
Goldman Sachs-ийн Энэтхэгийн тэргүүлэх эдийн засагч Сантану Сенгупта тогтвортойгоор 50 хувийн татвар үйлчилбэл ДНБ-ий өсөлт 6.5 хувийн таамгаас доошлон 6 хувиас бага түвшинд хүрч болзошгүйг анхаарууллаа. Турк, Тайланд зэрэг өрсөлдөгч экспортлогч орнууд бага татварын нөхцөлөөр АНУ-ын худалдан авагчдыг татаж эхэлжээ. Хэрэв АНУ-ын татвараас зайлсхийхийг хүсвэл Энэтхэг нефтийнхээ импортын 42 хувийг Оросоос өөр улсаас авах шаардлагатай болж байна.