Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд “Найрамдлын барилга”-тай боллоо
С.УЯНГА
БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв ашиглалтад ороход бэлэн боллоо. Хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн түүхийн бэлгэдэл болж буй энэхүү төвийг хүлээж авах хүндэтгэлийн ёслолд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Шин Хаймин нарын тэргүүтэй төлөөлөл оролцсон юм.
Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан энэхүү төвийн барилга БНХАУ-ын буцалтгүй тусламж 30 сая ам.долларын санхүүжилтээр олон улсын стандартад нийцсэн орчин үеийн нөхөн сэргээх төвийг хоёр жил хагасын дотор барьж Монголын талд хүлээлгэн өгч буй юм.
Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 103 мянган иргэн байгаагийн 14 мянга орчим нь 0-17 насны хүүхэд байгаа юм. Эдгээр хүүхдийг хөгжих, төлөвших, хүмүүжих нөхцөл бололцоогоор хангах, нөхөн сэргээх эмчилгээнд хамруулахаас гадна хүүхдүүдийг хөгжлийн бэрхшээлтэй болохоос урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх чиглэлд хийж буй томоохон ажлын нэг нь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв болж буй аж. Шинэ төвийг хүлээн авах үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг “Монгол, Хятад хоёр хөрш орны “Найрамдлын барилга” болсон энэхүү төв хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үзлэг эмчилгээ хийх амбулатори, нөхөн сэргээх эмчилгээний хэсэг, сургалтын болон хэвтэн эмчлүүлэх хэсгээс бүрдэж буй бөгөөд хамгийн орчин үеийн эмчилгээ болон нөхөн сэргээх үйлчилгээний тоног төхөөрөмжөөр иж бүрэн хангагдсан цогцолбор гэдгээрээ онцлог юм. Хөгжлийн бэрхшээлтэй 250 хүүхдэд өдрөөр эмчилгээ үйлчилгээ үзүүлэхээс гадна хэвтүүлж эмчлэх хүчин чадалтай нөхөн сэргээх энэхүү төв ашиглалтад орсноор цаг алдалгүй эмчлэх, нөхөн сэргээх үйлчилгээг үзүүлэхийн хамт төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд төрөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр илүү нарийн үзлэг, шинжилгээ хийдэг болох юм” гэдгийг тэмдэглэлээ. Түүнчлэн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн үйл ажиллагааны зардал, орон тоо, санхүүжилтийг Засгийн газраар шийдүүлж энэ оны төсөвт тусгуулжээ.
Мөн БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлалын хүрээнд тус төвд нэн шаардлагатай байгаа дагалдах бүтээн байгуулалтын нэмэлт гэрээг эцэслэн төвийн орц гарц, дулааны шугамын дээгүүр төмөр бетон гүүр барих, ногоон байгууламж, хүүхдийн спорт талбай байгуулах, гэрэлтүүлэг хийхээс гадна 155 нэр төрлийн эмнэлэг, сувилгааны тоног төхөөрөмжийг нэмж авах шаардлагатай байсныг шийдвэрлүүлж, тус төвд ажиллах эмч, эмнэлгийн мэргэжилтэн зэрэг 350 хүнийг БНХАУ-д сургах, дадлагажуулах ажлыг зохион байгуулахаар болсныг С.Чинзориг сайд онцолсон юм.
Төслийн талаар АН-ын дарга С.Эрдэнэ “Анх 2014 онд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан хөгжлийн төв барих санаачилгыг гаргаж байсан. Тухайн үед зураг төслийн ажлыг хийж гүйцэтгэж, санхүүжилтийн асуудлыг БНХАУ-ын Засгийн газартай шийдвэрлэснээр төсөл биеллээ олоод байна” гэлээ.
Ашиглалтад хүлээж авсан шинэ төвийг ХНХЯ-ны харьяа Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар хариуцаж ажиллах бөгөөд тус газрын дарга Ц.Ганчимэгийн хэлснээр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвд өдөрт 500 хүүхэд эцэг эхийн хамт сэргээн засах эмчилгээ, сургалтад хамрагдах боломжтой юм байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төвд хөдөө орон нутаг, алслагдсан дүүргээс ирсэн хүүхдүүд эцэг эхийн хамтаар 14-21 хоногоор хэвтэн шинжилгээ, оношлогоо, сэргээн засах эмчилгээнд хамрагдахаас гадна протез, ортопедын энгийн хэрэгслийг өөрт тохируулан хийлгэж авах боломжтойгоос гадна гэр бүлийнхэнд нь эмч, нарийн мэргэжлийн сэргээн заслын мэргэжилтнүүд хичээл зааж зөвлөгөө өгөхөөс гадна эрүүл мэнд, боловсрол, нийгэм сэтгэл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулсан сургалт, судалгааны ажлыг хийдэг байхаар төлөвлөжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин