Солонгост үерийн улмаас 37 хүн амиа алдаж, 9 хүн сураггүй алга болжээ
Пүрэв гаргаас эхэлсэн аадар борооны улмаас улс даяар үер болж, хөрсний гулгалт үүсч, 8000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болсон байна.
37 хүн нас барсны ес нь Хойд Чунчон мужийн Чонжү хотын Осонг дүүрэгт үерт автсан нүхэн гарцан дээр нас барсан байна. Өнгөрсөн бямба гаригт аадар борооны улмаас далан нурж, ойр орчмын гол урсаж, 430 метр урт нүхэн гарц үерт автсан юм.
Осоны үерийн улмаас амь үрэгдэгсдийн тоо цаашид нэмэгдэх төлөвтэй байгаа бөгөөд 15 автомашиныг аврах ажиллагаа үргэлжилж байна. Албаныхан олон хүн нүхэн гарцанд дарагдсан гэж үзэж байгаа ба амь үрэгдэгсдийн нарийн тоог хараахан гаргаагүй байгаа юм байна.
Албан ёсны мэдээгээр, амиа алдагсдын 19 нь Хойд Кёнсан мужид, 13 нь Хойд Чунчон мужид, 4 нь Өмнөд Чунчон мужид, нэг нь Сэжон хотод нас барсан байна.
Борооны үеэр 98 бүс нутаг, мужийн 8852 хүнийг борооны улмаас нүүлгэн шилжүүлжээ. Үүний 26 хувь нь Хойд Чунчон мужид, 27 хувь нь Өмнөд Чунчон мужид, 29 хувь нь Хойд Кёнсан мужид байна.
Мөн 215 нийтийн барилга байгууламж эвдэрч сүйдсэний 68 нь Хойд Чунчон мужид байдаг бөгөөд зам эвдэрч, тулгуур хана, далан нурж, хөрсний гулгалт үүссэн байна.