Архангай аймагт гурван ихэр тугал гарчээ
Билгийн тооллын Хаврын тэргүүн сарын шинийн нэгний өдөр буюу Аргын тооллын 2 дугаар сарын 27-ны Даваа гаригт Архангай аймгийн Их тамир сумын Хөх нуур багийн "Тооройт" хэмээх газар өвөлжиж буй малчин Ж.Төмөрбаатарынд "Ихэр" нэртэй эвэртэй хар сарлагийн үнээнээс 3 ихэр тугал гарчээ. Тугалнуудын хоёр нь хөх халзан зүстэй эр , нэг нь хар зүстэй эм гарсан байна. Тугалнуудын эцэг мал нь тус багийн 1500 гаруй сарлагтай Улсын аварга малчин Ц.Доржсүрэн гуайн үхэр сүргийнх ажээ.