Х.Хэрлэнгийн сарын 110 сая төгрөгийн орлого хаачсан бэ?

Х.Хэрлэн гэдэг хүн С.Батдөлөөс болж баахан баалуулж байна гэнэ. Мөнгө угаасан, татвараас зайлсхийсэн гэх хэрэгт яллагдагчаар татагдсан хурган даргын ард хэн нуугдаж байгаа вэ гэдэг хардлагууд үргэлжилсээр. Учир нь С.Батдөлийн гэрээс олдсон тэр үлэмж их хэмжээний мөнгө түүний албан тушаал болон эрх бүхий дарга нартай нь холбоотой гэж үзэж буй. Тэр дундаа УБТЗ ХНН-ийн дарга Х.Хэрлэнг хардах олон сэжүүр шалтгаан байгаа аж.

Тэрбээр 2000 оноос хойш төрийн байгууллагуудад удирдах албан тушаалтнаар ажиллаж иржээ. Энэ хугацаанд түүний хийсэн цөөн хэдэд гавъяа болсон, төр түмэнд гай болсон үйл хэргийг хэвлэлүүд онцолдог. Түүний холбоо сүлбээтнүүдийг ч илчилж дэлгэсэн мэдээллүүд цөөнгүй бий.

Түүнээс гадна бас нэг анхаарал татсан зүйл бол түүний хөрөнгө орлогын мэдүүлэг. Ер  нь албан тушаалтнуудын хөрөнгө орлого жилийн жилд хурдацтай нэмэгдсэн байдаг. Харин энэ удаагийнх их сонирхолтой.

АМГТГ-ын дарга байх хугацаандаа буюу ялангуяа 2018 оноос хойш жил бүр Х.Хэрлэнгийн орлого нь гурав дахин нэмэгдсээр 2020 онд 1.4 тэрбум төгрөгт хүрч, сарын 116.8 сая төгрөгийн орлоготой болжээ. Түүнийг 2021 оны арваннэгдүгээр сард УБТЗ-ын даргаар томилсон. Гэтэл 2021 оны ХОМ-ээр түүний орлого 15 дахин багасч 92 сая буюу сард 7.7 сая төгрөгийн орлоготой болсон нь гайхалтай биш гэж үү? Орлого нь гэнэт 110 орчим сая төгрөгөөр буурсан. Хадгаламж нь хүртэл 20 сая төгрөгөөр багассан байгаа юм. Харин ямар ч орлогогүй байсан эхнэр нь 2020 оноос сард 2 сая төгрөгийн орлоготой болж, 2021 онд бүр орлого нь 4 дахин нэмэгдсэн байдаг. Тэгвэл Х.Хэрлэнгийн мөнгө хаачсан бэ?

Хаа нэгтээ нуусан байж болох уу? С.Батдөлийн барьц алдаж хэлсэн “өөр хүний мөнгө” нь Х.Хэрлэнгийнх юм биш биз? С.Батдөлийн гэрээс олдсон үлэмж их хэмжээний мөнгөний нэг хэсэг нь өөр хүнийх гэсэн биз дээ. Гэхдээ мэдээж тийм амар эзнийг нь хэлчихгүй л байх.Ер нь Х.Хэрлэн яаж хөлжсөн бэ гэдэг асуултад кадастрын албаны даргын албан тушаал, уул уурхайн лицензийн наймаа, ББСБ-тай холбоотой байж магадгүй мөнгө хүүлэлт, хэмнэлтийн хууль зөрчиж 22 албан тушаалтны орон тоо бий болгосон гэх мэтчилэн түүнтэй холбоотой цөөнгүй асуудал хариулт өгдөг. Бүгд мөнгө дагуулсан үйлдлүүд учраас тэр. Түүний томилгоо ч анхнаасаа нэлээд төвөгтэй хийгдсэн гэдэг. Ерөнхийлөгчийн найз, Ерөнхий сайдын нутгийн ах гэдгээрээ тэд нараар нэлээд хүч түрүүлэн байж оросуудыг зөвшөөрүүлж УБТЗ-ын дарга болсон гэлцэх юм билээ. 

С.Батдөлийн хувьд 2021 онд томилогдож богино хугацаанд баяжсан нэгэн гэх. Гэтэл Х.Хэрлэн мөн 2021 онд томилогдож, асар богино хугацаанд орлого нь багассан гэхээр энэ хоёр цаагуураа ямар нэг сэжмээр холбоотой мэт. Тэр дундаа С.Батдөл нь ноцтой хэрэгт яллагдагчаар татагдчихаад байхад дээд шатны албан тушаалтан болох Х.Хэрлэнг хэргийн гадна үлдэх гээд байгаа нь хардлагыг илүү гүнзгийрүүлнэ. Гэсэн ч одоо болтол Х.Хэрлэнгийн сураг алга.

С.Батдөлийн баяжсан, Х.Хэрлэнгийн багассан орлого бараг л дүйцэж мэднэ шүү. Тэр бүхэнд Х.Хэрлэн АТГ-т юу гэж тайлбарласан нь сонин. Асар өндөр хэлбэлзэлтэй орлогын эх үүсвэрийг шалгах ёстой газар нь шалгаж, олон нийтийн эргэлзээг тайлж өгөх хэрэгтэй байна. Нэг жилийн дотор 1.4 тэрбум төгрөгийн орлого 92-хон сая төгрөг болтлоо багассах нь жирийн явдал биш. Үүний цаана нэг “но” байгаа биз?

Эх сурвалж: BOLOD.MN

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen