Хуулиар биш хэвлэлээр яллах ЗОРИЛГО
УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваагийн албан өрөөнд АТГ-аас нэгжлэг хийсэн тухай мэдээлэл цахим хуудсанд хөвөрч байна. Ингэхдээ түүний зургийг, боодолтой мөнгөтэй хамт сошиал орчинд цацаж орхив. Прокурорын зөвшөөрлийн дагуу "Эрдэнэс монгол" ХХК-ийн өрөөнд нь нэгжлэг хийсэн гэж байгаа ч мөнгөний эх үүсвэрийг шалгаж тогтоогоогүй байж, Гүйцэтгэх ажиллагааны зургийг олон нийтэд цацагдсан нь иргэдийг гайхшруулж байна.
Хуулийнхан ямар нэгэн мэдээллийн мөрөөр шалгаж, мөрдөх эрхтэй. Гэхдээ гэм буруутай нь тогтоогдоогүй байхад бусдын нэр хүндэд халдаж болохгүй гэх үндсэн зарчмаа зөрчиж, бусдыг нийгэмд шууд авлигачин, хууль бусаар мөнгө олсон мэтээр харагдуулж байгаад иргэд шүүмжлэлтэй хандаж байна. Гүйцэтгэх ажиллагаа явагдсаны дараа тухайн иргэнд мөнгөний эх үүсвэрийг тайлбарлах, ямар учир жанцантайг тайлбарлах боломж олгож, мөрдөн шалгах ажиллагаа явагдах учиртай. Гэтэл шууд өрөөнд нь ороод, боодолтой мөнгөний зураг аваад нийгэмд цацаж байгаа нь хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл юм.
Гэхдээ уг үйлдэл нь зөвхөн энэ удаагийнх биш. Гүйцэтгэх ажиллагаа явуулах, хэн нэгнийг мөрдөн шалгах бүртээ ийнхүү мэдээлэл нь задарч байдаг. ТЕГ-ынхан бүр хэвлэл дагуулан очиж, Гүйцэтгэх ажиллагаагаа явуулж байсан удаатай.
Хэнээс ч хараат бусаар ажиллах үүрэг чиглэл хүлээсэн хууль хүчний байгууллагынхан өөрсдөө ийнхүү хууль зөрчин ажиллаж байгаа нь, албан тушаал булаацалдсан, ашиг хонжоо хайсан эрх мэдэлтнүүдийн "гар хөл" болж гэх хардлагыг ч төрүүлж байна.
Хуулийнхан, төр өөрсдөө хуулиа зөрчвөл иргэдээс хууль биелүүлэхийг шаардаж, шударга нийгмийг цогцлооно гэж яриад ч хэрэггүй биз ээ.