Шатахууны үнэ нэмэгдээд байхад ШӨХТГ-ынхан юу хийж байна вэ
Улс 110 тэрбум төгрөгийн алдагдалд орох байсан ч шатахууны үнийг нэмэхгүйн тулд онцгой албан татварыг нь бууруулж, шатахуун импортлогч нарт долигнох шийдвэрийг Засгийн газар өнгөрсөн сард гаргасан. Гэтэл Өмнөговь аймагт шатахууны үнэ 50-110 төгрөгөөр нэмэгдсэн тухай мэдээлэл манай сайтад ирүүлсэн тухай мэдээллийг бид өчигдөр хүргэсэн. Үүний дараа Ховд аймагт ч мөн л шатахууны үнэ 100 төгрөгөөр нэмэгдсэн тухай мэдээллийг манай уншигчид бидэнд өгсөн юм.
Өмнөговь аймаг 2017.01.31
Дэлхий дахинд шатахууны үнэ буурч байхад монголд л өсч байдаг. Энэ нь бараг хэвийн үзэгдэл болсон мэт. Шатахуун импортлогчид ам.доллараар гүйлгээ хийдэг учир гадны зах зээлтэй харьцуулах шаардлагагүй гэдэг тайлбарыг импортлогчид хэлдэг. Гэтэл Монголбанкнаас шатахуун импортлогчдод ам.долларын зөөлөн ханш санал болгодог. Өөрөөр хэлбэл, ам.доллар өсч байсан ч уян хатан ханшаар тэдэнд ам.долларыг зардаг гэсэн үг. Ийм байхад өнөөдөр хамгийн шударга бус худалдаа хийж байгаа хүмүүс нь шатахууны импортлогч нар болж хувираад байна. Төр засаг татаас өгнө, дээрээс нь онцгой албан татварыг нь бууруулах замаар толгойг нь илсээр тэднийг давраасаар байна.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гэж сүржин нэртэй газар өнгөрсөн хугацаанд О.Магнайгаар толгойлуулж байхдаа шатахуун импортлогчдыг шударгаар өрсөлддөггүйг тогтооож, олон тэрбум төгрөгийн торгууль ногдуулах шийдвэр гаргаж байсан ч тэгэсхийгээд асуудал намжиж байв. Мэдээж тэр үед нь О.Магнайг шатахуун импортлогчдын лоббинд автсан тухай мэдээллүүд ар араасаа хөвөрч байв. Одоогийн УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг энэ агентлагын даргаар ажиллаж байхдаа амыг нь барьсан гэдэг шүүмжлэл улс төрийнхний хүрээнд бий. Түүнээс хойш Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гэгч газар байгаа үгүй нь мэдэгдэхээ байсан. Монголчуудын гол хэрэглээний нэг болох шатахууны үнэ литр тутамдаа 100 төгрөгөөр нэмэгдээд байхад ч амаа үдүүлсэн юм шиг дуугүй л сууна. Ажлаа хий, ШӨХТГ-ынхаан. Энэ бол зөвхөн ганцхан асуудал. Өөр олон шударга бус өрсөлдөөний улмаас монголчууд хохирсоор байна.
У.Жанцан
Цензургүй.мн