“Оюутолгой” ба хариулт нэхсэн асуулт

“Оюутолгой” төслийн гүний уурхай бүтээн байгуулалтын зардал өснө, хугацаа нь сунана гэсэн мэдэгдлийг “Рио тинто” хийсэн нь цочир мэдээлэл болов. Олон улсын хөрөнгийн биржүүдэд тус компанийн хувьцааны 66 хувийг эзэмшдэг “Туркойз хилл ресурс”-ийн үнэт цаасны ханш “чөлөөт уналт” хийлээ. Тухайлбал, Нью-Йоркийн хөрөнгийн биржид өчигдрийн байдлаар хувьцааных нь ханш 0.53 ам.долларт хүрээд байна. Дээрх мэдэгдлийг гаргасан даруйд хувьцааных нь ханш 2.5 дахин унасан нь энэ. “Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн гэрээг 2015 онд хийсэн даруйд “Туркойз хилл ресурс”-ийн хувьцааны ханш дөрвөн “ногоон” давж байсан удаатай. Бага зардлаар өндөр ашиг олох бизнес үнэ цэнтэй байдаг нь бичигдээгүй хууль. Харин өндөр зардал гаргаад, бага ашиг олбол тухайн бизнесийн үнэ цэн буурна. Хувьцааных нь ханш унасан нь “Оюутолгой” төслийн үнэ цэн уруудаж буйн илэрхийлэл.

Төслийн анхны хөрөнгө оруулалт таван тэрбум ам.доллар байв. Өөрөөр хэлбэл, ил уурхай, баяжуулах үйлдвэр барих, урьдчилсан судалгаа хийх, дагалдах дэд бүтэц бүтээн байгуулах зардал ийм байлаа. Анхны хөрөнгө оруулалт хоёр тэрбум ам.доллароор хэтэрч, Монголын Засгийн газар “Рио тинто” хоёрын дунд удаан хугацаанд үл ойлголцол үүссэнийг монголчууд мэднэ. Ингээд Монголын тал хөрөнгө оруулалтын зардал хоёр тэрбум “ногоон”-оор хэтэрснийг хүлээн зөвшөөрөн, гүний уурхайн бүтээн байгуулалтыг хийх, санхүүжилтийн гэрээ байгуулсан. Эл гэрээг “Дубайн гэрээ” хэмээн нэрлэсэн билээ. 

 

Гэрээ ёсоор олон улсын 14 банкнаас 4.2 тэрбум ам.доллар зээлсэн. Мөн “Оюутолгой” компани үйл ажиллагааны ашгаас нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ. Ингэснээр гүний уурхайн бүтээн байгуулалтад таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж тооцсон. Тэгвэл газрын 1300 метрийн гүний чулуулаг өмнө нь тооцоолсноос “зөөлөн” байжээ. Тиймээс нэмэлт бэхэлгээ хийх, өөр чиглэлд хонгил ухах болсноор бүтээн байгуулалтын зардал хоёр орчим тэрбум ам.доллароор нэмэгдэх гэнэ. Үүнээс гадна бүтээн байгуулж дуусах хугацаа хоёр жилээр хойшилно. Гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал анхны хөрөнгө оруулалтынх шигээ өслөө. Адилхан долоон тэрбум “ногоон”-д хүрэв. Тэгэхээр төслийн нийт санхүүжилт 14 тэрбум ам.долларт хүрэх нь ээ. Энэ нь 35 их наяд төгрөг буюу 14 оронтой тоо юм. Харьцуулбал, Монгол Улсын гурван жилийн төсвийн зардалтай тэнцэнэ.

Засгийн газар “Оюутолгой” компанийн хувьцааны 34 хувийг эзэмшдэг. Төслийн нийт хөрөнгө оруулалт өсөхөөр манай талын төсөлд оруулах зардал ч өснө. Улстөрчид “Оюутолгой” компаниас мөд ногдол ашиг авахгүй нь, муу гэрээ хийсэн хэмээн шүүмжлэх нь бий. Зарим нь илт дэвэргэн популизм хийдэг. “Дубайн гэрээ”-ний дагуу бол 2034 оноос манай Засгийн газар төслөөс ногдол ашиг авах учиртай. Төслийн хөрөнгө оруулалт өсөхөөр манай талын ногдол ашиг авах хугацаа хойшлох нь дамжиггүй. Одоохондоо Монголын Засгийн газар “Оюутолгой” төслийн зардлын өсөлтийн талаар ямар нэг байр суурь илэрхийлээгүй байна. Мөдхөн байр сууриа илэрхийлэх нь гарцаагүй. “Оюутолгой” төслийн бүтээн байгуулалтын зардал өссөн нь улстөржилт дагуулах нь тодорхой болов уу. Нийгэмд ямаршуухан мэдээлэл өгөхийг нь тааварлашгүй.

Зардал өссөн шалтгааныг Монголын Засгийн газар хэрхэн хүлээж авах бол, “Дубайн гэрээ” шиг нэмэлт гэрээ байгуулах болов уу, хоёр тал үл ойлголцох юм биш биз, популист улстөрчид төслийн ирээдүйг хааш нь чиглүүлэх гэж хичээх вэ гэх мэт асуулт хариулт нэхэж байна. Ямартай ч төслийн ирээдүйн хувь заяанд ээдрээтэй нөхцөл байдал тулгарсан нь дамжиггүй боллоо. Чоно борооноор гэдэг шиг Монголын Засгийн газар хувьцаагаа Хятадад зарах нь гэх мэт үндэслэл муутай мэдээлэл түгэх болов. Одоохондоо ямар ч хариулт ирээгүй, асуудал асуултын тэмдэгтэй хэвээрээ байгааг анхаараарай.

“Оюутолгой”-той холбоотой гэрээ, хэлцлийг олон нийтэд үзүүлдэггүй нууц байлгадаг гэж улстөрчид ярьдаг. Зарим нь ил байдаг гэрээг олон нийтэд танилцуулчихаад, хулгайч, дээрэмчний нуусан алтыг олоод, эзэнд нь өгчихсөн мэт баатрын дүр эсгэж хөөрцөглөнө. “Оюутолгой”-той холбоотой бүхий л төрлийн гэрээ хувьцааг нь арилждаг хөрөнгийн биржүүд, санхүүгийн хяналтын байгууллагуудын цахим хуудаст байршиж байдгийг дуулгая.

“Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын зардал өсгөх өөр нэгэн асуултын тэмдэг бол цахилгаан станц барих. Засгийн газраас “Оюутолгой” компанийг Тавантолгойн ордыг түшиглэн нүүрсний цахилгаан станц барихыг шаардаж буй. Төсөлд тооцсоноор цахилгаан станц барихад нэг тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. “Оюутолгой” компани 300 МВт-аас дээш хүчин чадал бүхий цахилгаан станцын хөрөнгө оруулалтын 66 хувийг хийхээр төлөвлөж байна. Ингэхээр 66 хувийг нь эзэмших “Оюутолгой” компани 700 орчим сая ам.долларын хөрөнгө нэмж оруулах юм. Ингэвэл төслийн хөрөнгө оруулалтын зардал дахиад нэмэгдэж, 15 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн үг. Цахилгаан станц барих хөрөнгө оруулалтын дийлэнхийг “Оюутолгой” санхүүжүүлэхээр Монгол Улсын мөнөөх ногдол ашиг авах хугацаа улам л цаашилж, 2050 он руу талийж өгнө. Монгол Улсын эрх ашгийн төлөө Оюутолгойн гэрээг сайжруулахаар “Рио тинто”-той “тулалдаж” байгаа гэх Засгийн газар төслийн хөрөнгө оруулалтыг улам л нэмээд суух гэж үү.

Манай Засгийн газар өмнө нь хувийн хэвшлээс хөрөнгө оруулалт татаж, Тавантолгойн ордыг түшиглэн, өндөр хүчин чадалтай цахилгаан станц бариад, “Оюутолгой”-д нийлүүлэх бодлого баримталж байсан. Энэ нь “Оюутолгой”-н ногдол ашигт нөлөөлөхгүй хамгийн зөв шийдэл байсан нь гарцаагүй. Хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалтад Японы “Марубени” корпорац ялсан боловч эцэст нь нүүрсний цахилгаан станц барихад санхүүжилт олдохгүй болсон шалтгаанаар барихаас татгалзсан. Олон улсын санхүүгийн байгууллагууд байгальд хортой технологи учраас нүүрсээр ажилладаг цахилгаан станцын төслийг санхүүжүүлэхээс татгалздаг болоод буй.

Иймээс л Засгийн газар өөрсдөө цахилгаан станцаа барь гэж “Оюутолгой”-д тулгаад байх шиг. Түүнээс биш, “Рио тинто”-д цахилгаан станцтай зууралдах сонирхол байхгүй болов уу. Дэлхийн зэсийн зах зээлд өөрийн нэрийн хуудас болсон АНУ дахь Киннекоттийн зэсийн уурхайгаа сэргээгдэх эрчим хүчээр хангах болж, нүүрсний станцаа хаах талаараа “Рио тинто” саяхан мэдэгдсэн. Гэвч манайд нүүрсний цахилгаан станц барихаар ажиллаж буй нь “Оюутолгой”-г эрчим хүчээр хангах дотоодын өөр шийдэл олдохгүй байгаатай холбоотой ч юм уу. “Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал өсөж буйтай холбоотойгоор хоёр тал бусад бодлого шийдвэрүүдээ эргэж харна гэж таамаглая. Хөрөнгө оруулалтын хэмжээг нь улам өсгөж, “Оюутолгой”-гоор цахилгаан станц бариулах шаардлага байна уу гэх мэтээр асуудалд хандаж магадгүй л юм.

Нөгөө талаас дэлхийн хэмжээний том төсөлд эрчим хүч нийлүүлэх цахилгаан станц барихад санхүүжилт олдохгүй өдий хүрснийг бодох л асуудал. Олон улсын хөрөнгө оруулагчид мөнгө өгөх дургүй байгааг говийн эмзэг эко системд халтай нүүрсний станц барих гэж буйтай холбоотой болов уу. Өмнөговь аймгийн иргэд газрын гүний цэнгэг усаа уул уурхайн компаниудад ашиглуулах тун дургүй. Тавантолгойн орд орчимд гүний усны нөөц ч хомс байдаг. Тэнд худаг гаргах хайгуул хийгээд олигтой ундарга олохгүй малчид нь хэцүүхэн байгааг олон удаа сонслоо. Хэдийгээр технологи нь сайжирсан ч цахилгаан станц чамгүй ус хэрэглэнэ. Эрчим хүчний, байгальд ээлтэй, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах технологи сонгох талаар ч бодох цаг ирсэн байж мэдэх юм.

“Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын зардал дээрх хоёр хүчин зүйлээс хамаарч өсөх нь. Хөрөнгө оруулалт өсөхөөр манай улсын хүртэх өгөөж хэрхэн өөрчлөгдөх бол. Дахин дурдахад, ногдол ашиг авах хугацаа хойшлох нь мэдээж. Хэрэв “Оюутолгой” компани цахилгаан станцад хөрөнгө оруулбал мөнөөх хугацаа улам л хойшилно. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд “Рио тинто” нийт хөрөнгө оруулалтаас зургаан хувийн менежментийн төлбөр авахаар заасан. Оруулсан хөрөнгийн зургаан хувийг нь эргүүлээд авчихдаг учраас зардал нэмэгдэх нь тэднийд арай хөнгөн тусдаг. Харин манай улсын хүртэх өгөөжөөс хумсалдаг. Гэрээнд энэ мэт засаж сайжруулах зүйл олон бийг эдийн засагчид ярьдаг л юм. Юутай ч ямар хариулт өгөх бол гэсэн хүлээлт нэгэнт үүслээ. Ухаалаг хариулт өгөөсэй билээ.

Т.Энхбат

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen