"Буянт-Ухаа 2" 972 айлын түрээсийн орон сууцны бүртгэл 17:00 цагаас эхэлнэ
“Нийслэлийн Орон сууцны корпораци” нь Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг 972 айлын орон сууцанд хамруулах бүртгэлийн үйл ажиллагааг 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл цахим хэлбэрээр явуулахаар бэлтгэл ажлыг бүрэн хангалаа. Бүртгэл 17:00 минутаас эхэлнэ. Бүртгэлийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэн ажилласнаар иргэд бүртгэлийн явцыг ил тод нээлттэй цаг тухай бүрт нь хүлээн авахаас гадна давхар хяналт тавих боломж бүрдэх юм.
Цахим бүртгэлийг Энгийн түрээс болон түрээслээд өмчлөх гэсэн 2 хэлбэрээр зорилтот бүлэг буюу Ахмад настан, Төрийн албан хаагч, Залуу гэр бүл, Хувийн байгууллагын ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч, 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон түүнийг халамжилдаг гэр бүл, Гамшигт аюул үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэд гэсэн 8 бүлгийн дагуу явуулна. Цаашлаад Нийслэл Улаанбаатар хотын агаар хөрсний бохирдлыг бодитойгоор бууруулах үүднээс бүртгэлд хамрагдах иргэд нь Улаанбаатар хотын харъяалалтай байх, гэр хорооллын агаарын чанарын бүсчлэлд оршин суудаг, өөрийн өмчлөлийн орон сууцгүй байх гэх мэт үндсэн шаардлагуудыг тавьж байгаа.
Цахим бүртгэлд хамрагдаж байгаа иргэд эхний ээлжинд ямар нэгэн материал бүрдүүлэх шаардлагагүй зөвхөн зааврын дагуу асуулгуудыг бөглөх бөгөөд “Нийслэлийн Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ын дагуу шалгарсан иргэдээс нэмэлт материалыг хүлээн авна. Иргэд цахим анкетыг бөглөхдөө өөрийн мэдээллээ үнэн зөвөөр мэдээллэх шаардлагатай бөгөөд худал мэдээлэл өгсөн тохиолдолд хар жагсаалтад бүртгэгдэн сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй болох юм.
Мөн өмнө нь Захирагчийн ажлын алба, Ахмадын орон сууц болон дүүрэг хороонд орон сууцанд хамрагдах хүсэлт гаргасан иргэдийн оочер дугаар харгалзахгүй бөгөөд дахин цахим бүртгэлд хамрагдах шаардлагатай гэдгийг анхааруулж байна.