300 БАЙР НЭХЭЖ БАЙГАА БАГШ НАР ИЧИГ ИЧИГ
Удтал хүлээсний эцэст “Буянт -Ухаа2” түрээсийн орон сууц ашиглалтанд орох сураг гарч Ерөнхий сайд У.Хүрэлсүх наадмаас өмнө иргэдийг түрээсийн орон сууцанд оруулна гэх мэдээлэл өгсөн. Энэ сургаар хөлтэй бүхэн нийслэлийн ЗДТГ-т очиж байрандаа ормоор байна хэмээн оочерлох болов.
ЗДТГ, НОСК-т түрээсийн орон сууцны асуудлыг мэдэж шийдвэрлэх эрхийг шилжүүлэн өгчээ. Ингэснээр тус байгууллагаар иргэд очиж түрээсийн орон сууцны мэдээллийг авч байна. Гэхдээ цаг хугацааны хувьд Улсын баяр наадмаас өмнө иргэд байрандаа орж амжихгүй бололтой.
972 айлын орон сууцнаас 30 хувийг түрээслүүлж 30 хувийг нь түрээслээд өмчлөх 40 хувь нь буюу 388 газар чөлөөлөлтөд хамрагдсан иргэдэд олгоно гэж байсан. Гэтэл 972 айлын орон сууцнаас 300 айлын орон сууцыг нь багш нар авна гээд ЗДТГ -ын үүдэнд жагсаал хийх болов. Тэгэхээр 672 айлын байранд өөрсдийн гэсэн орон сууцгүй иргэд зохицож орох ёстой болж байна.
Үнэндээ төрийн албан хаагчид ипотекийн зээл, жил бүрийн цалингийн нэмэгдэл, элдэв хангамж гээд олон зүйлд багтаж ордог. Нэн ялангуяа багш бол цалингаа нэмүүлэх гэж жилд дор хаяж хоёр удаа жагсаал цуглаан хийж бойкотлож байгаад асуудлаа шийдүүлдэг. Гэтэл тэгш хүртэж хувиарлах ёстой түрээсийн орон сууцны асуудал дээр хүртэл хар амиа бодож 300 байр нэхэж байгаа багш нар ичиг ичиг. Төрийн албан хаагч дан ганц багш нараар хэмжигдэх ёсгүй. Эмч, цагдаа, онцгой байдал гээд тоочоод байвал их шүү дээ. Жил бүр ажилт хаялт зарлаж санасандаа хүрээд сурчихсан багш нар энэ удаад жаахан ёс зүйтэй баймаар байна. Өргөдөл гомдолоо өгөөд, ном журмаар нь яваад түрээсийн орон сууцанд орох боломж Монгол улсын иргэн бүрт нээлттэй байна. Гэтэл заавал бойкот хийж 300 байрыг дээрэмдэх шахуу авах гээд байгаа нь үнэхээр харамсалтай. Боловсрол эрдэм мэдлэг түгээгч нар ийм аргаар амьдраад сурахаар тэдний гараас эрдэм өвөрлөн өсч өндийж байгаа хүүхдүүд ямар хүн болж төлөвших вэ.
Хямдхан түрээсийн байраар дамжаад өөрийн гэсэн орон сууцтай болох хүсэл хүн бүрт л байна. Тэглээ гээд жагсаал цуглаан хийж байр өг гэж гүйх ёс зүйгүй хүн багш нараас өөр алга байна. Багш нарын энэ сенсациас айсандаа НЗДТГ, НОСК арай багш нарт 300 байрыг май гээд өгчихгүй байлгүй дээ.
SERUULEG.MN