Нийгмийн даатгалын сангийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийв

Нийгмийн даатгалын сангийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийв

 

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2017.01.27 Баасан гараг/ үдээс хойших нэгдсэн хуралдаан 15 цаг 30 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс "1995-2015 оны Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө, түүний зарцуулалт, Нийгмийн даатгалын сангийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар” Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонссон юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрийн тавьсан асуулгын дагуу мэдээлэл хийв.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 3-т "Хуримтлалын сангийн хөрөнгийг Засгийн газрын бонд болон Монголбанкнаас гаргасан үнэт цаас худалдан авах, арилжааны банкинд байршуулах замаар нэмэгдүүлж болно”, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 5-д "Хуримтлалын сангаас арилжааны банкинд байршуулах хөрөнгийн хэмжээг санхүүгийн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Монголбанк, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл хамтран тогтооно” гэж тус тус заасныг үндэслэн арилжааны банкуудтай гэрээ байгуулан нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг 1997 оноос эхлэн арилжааны банкинд байршуулан ажиллаж байна. Дээрх хуулийн заалтыг үндэслэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2013 оны 35 дугаар тогтоолоор баталсан "Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл, хуримтлалын сангаас арилжааны банкинд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах журам”-ыг үйл ажиллагаандаа баримтлан ажиллаж байгааг салбарын сайд мэдээлэлдээ дурдлаа.

Тэрбээр, арилжааны банкинд байршуулсан хадгаламжийн хүүгийн орлого 2006 онд 1.4 тэрбум төгрөг байсан бол 2015 онд 56 тэрбум төгрөгт хүрч 40 дахин буюу 54.6 тэрбум төгрөгөөр өссөн. Нийгмийн даатгалын сангийн 2016 оны 10 дугаар сарын мэдээнээс үзэхэд Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сан 335.1 тэрбум, Ажилгүйдлийн даатгалын сан 123.8 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сан 387.3 тэрбум, тэтгэвэр болон тэтгэмжийн харилцах дансанд 38.9 тэрбум, нийт 885.1 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийн үлдэгдэлтэй байна. Эдгээр хөрөнгийг Нийгмийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 3, мөн зүйлийн 4-т тус тус заасны дагуу 57.0 тэрбум төгрөгийг Засгийн газрын үнэт цаасанд жилийн 12 хувийн хүүтэй, арилжааны 10 банкны харилцах дансанд 139.8 тэрбум төгрөгийг жилийн 5.5 хувийн хүүтэй, Төрийн сангийн харилцах дансанд 111.3 тэрбум төгрөгийг хүүгүйгээр, 577 тэрбум төгрөгийн хадгаламжийг арилжааны банкуудад жилийн 9 хувийн хүүтэй тус тус байршуулсан гэдгийг онцолсон юм.

Мөн Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар Тэтгэврийн сангийн орлогыг 1.24 их наяд, зарлагыг 1.32 их наяд төгрөгөөр баталж, улмаар Тэтгэврийн даатгалын сангийн урьд жилүүдийн хуримтлал, чөлөөт үлдэгдэл 81.1 тэрбум төгрөгийг тэтгэврийн зарлагад зарцуулж дуусгасан. Тэтгэвэр авагчдын тоо жил ирэх бүр өсч, одоогийн байдлаар 372 мянган тэтгэвэр авагчид сар бүр 113.0 орчим тэрбум төгрөг зарцуулж байгаагийн 60.0 тэрбум төгрөгийг шимтгэлийн орлогоор, үлдэх 53.0 тэрбум төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлж байна гэж байв.

Түүнчлэн Тэтгэмжийн даатгалын сангийн 2016 оны орлого 82.8 тэрбум, зарлага 104.8 тэрбум төгрөг, алдагдал 22.0 тэрбум төгрөгт хүрсэн. Тэтгэмжийн даатгалын сангийн урьд жилүүдийн хуримтлал 12.0 тэрбум төгрөгөөр энэ алдагдлыг нөхөж ажилласнаар тус сангийн чөлөөт үлдэгдэл бүрэн зарцуулагдсан. Тэтгэмжийн даатгалын сангийн алдагдлын шалтгаан нь оршуулгын тэтгэмжийн хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 16 дугаар тогтоолоор 620 мянган төгрөгөөс 1.0 сая төгрөгт хүргэж нэмэгдүүлсэн, төрөлт нэмэгдэж жирэмсэн болон амаржсаны тэтгэмж авагчдын тоо эрс өссөнтэй холбоотой байна гэж салбарын сайд онцлов.

Цаашид нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг зохистой, үр өгөөжтэй байршуулах зорилгоор дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам төлөвлөжээ. Үүнд:

- Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэлд менежмент хийх нарийн зохицуулалтыг Нийгмийн даатгалын тухай хуульд тусгах;

-Сангийн хөрөнгийг арилжааны банкид байршуулах, банк сонгон шалгаруулах, гэрээлэх үйл ажиллагааг ил тод, нээлттэй зарчмаар шийдэж ажиллах;

-Хөрөнгө байршуулах үйл ажиллагааг тооцоолол, судалгаа, үр өгөөжид суурилсан байдлаар зохион байгуулах;

-Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс баталсан "Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл, хуримтлалын сангаас арилжааны банкинд мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулах журам”-ыг шинэчлэн боловсруулж батлуулах;

-Хадгаламжийн хүүг Монголбанкны бодлогын хүү, Төв банкны үнэт цаасны жигнэсэн дундаж хүү болон арилжааны банк хоорондын захын хүүгийн дундаж хувь хэмжээтэй хэрхэн уялдуулан тогтоох аргачлалыг тодорхой болгох;

-Төрийн санд хүүгүй байршиж байгаа 111.3 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг хамгийн боломжит түвшинд хүртэл буулгаж, хүүтэйгээр байршуулах арга хэмжээ авах;

-Монголбанктай хагас жил бүр мэдээлэл солилцож, хөрөнгө байршуулсан арилжааны банкны төлбөрийн чадвар, санхүүгийн бусад үзүүлэлтийн мэдээллийг авч, дүгнэлт хийж ажиллах ажээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр мэдээлэлдээ, Монгол Улс нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг 1994 онд хийж, Нийгмийн даатгалын багц хуулийг батлан 1995 оноос эхлэн мөрдөж эхэлснээр нийгмийн даатгалын таван сан буюу тэтгэврийн, тэтгэмжийн, эрүүл мэндийн, ажилгүйдлийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжпээс шалтгаалсан өвчний даатгалын сангийн үйл ажиллагааг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллага эрхлэн нийслэлийн 9 дүүрэг, 21 аймаг, 339 суманд үйл ажиллагаа явуулж ирсэн гэдгийг дурдлаа.

Нийгмийн даатгалын үйлчилгээний ачаалал жил ирэх бүр өсөн нэмэгдэж байгаа аж. Тухайлбал, 1995 онд даатгалд хамрагдсан ажил олгогчийн тоо 14.1 мянга байсан бол 2015 оны эцэст 41.6 мянгад, даатгуулагчийн тоо 409.1 мянгаас 989 мянгад, тэтгэвэр авагчийн тоо 284.3 мянгаас 369.0 мянгад тус тус хүрээд байна. Нийгмийн даатгалын 5 сангаас үйлчилгээ авсан даатгуулагчийн тоо 2015 онд давхардсан дүнгээр 1.5 сая байсан бол 2015 оны эцэст 5.2 саяд хүрч 3.5 дахин нэмэгджээ.

Мөн нийгмийн даатгалын сангийн нийт орлого 1995 онд 30.7 тэрбум төгрөг байсан бол 2016 онд 1.26 их наяд төгрөгт хүрч 41 дахин, сангийн зарлага 25.3 тэрбум төгрөг байсан бол 2016 онд 1.76 их наяд төгрөгт хүрч 69.6 дахин өссөн үзүүлэлттэй байна.

Хэдий ажпын ачаалал 1995 оны үеэс олон дахин өссөн боловч нийгмийн даатгалын байгууллагын хүний нөөц энэ хэмжээгээр нэмэгдээгүй буюу 1995 онд улсын хэмжээнд 1147 ажилтан байсан бол 2016 оны 10 дугаар сарын байдлаар нийгмийн даатгалын 1394 ажилтан улсын хэмжээнд ажиллаж байна гэж байв.

Нийгмийн даатгалын хөрөнгө оруулалтын зардал 2015 онд сангийн нийт орлогын 0.86 хувийг эзэлж байна. Улсын Их Хурлаас 2016 онд баталсан Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу Нийгмийн даатгалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг "Нийгмийн даатгалын үйл ажиллагааны зардлыг нийгмийн даатгалын сангийн орлогоос санхүүжүүлнэ” гэж өөрчилсөн тул 2017 оноос эхлэн хөрөнгө оруулалтын зардлыг Нийгмийн даатгалын сангийн орлогоос бус улсын төсвөөс санхүүжүүлэхээр болсон гэж салбарын сайд мэдээлэлдээ дурдлаа.

Түүнчлэн Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хууль зөрчсөн нийгмийн даатгалын байцаагчид хуульд заасан хариуцлага хүлээлгэдэг.

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийслэлийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар, аймаг, дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр дотоод хяналтын бүтэцтэй бөгөөд жил бүр хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулж байна. Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 33 дугаар зүйлд зааснаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, аудитын байгууллага тухай бүр хяналт тавьж ажилладаг. Хууль, хяналтын байгууллага 85.7 сая төгрөгийн зөрчил илрүүлж, төлбөр барагдуулах шийдвэр гаргаснаас 71.8 сая төгрөгийг Нийгмийн даатгалын санд буцаан төлүүлж, 13.9 сая төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа гэж мэдэгдлээ.

2015 оны жилийн эцсийн байдлаар нийгмийн даатгалын санд 1222.6 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 1187.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, орлогын төлөвлөгөөг 97.1 хувиар биелүүлж, нийт 41.6 мянган ажил олгогчийг нийгмийн даатгалын шимтгэл төлөгчөөр бүртгэж, албан журмын даатгалд 799.8 мянга, сайн дурын даатгалд 189.2 мянга, нийт 989.0 мянган даатгуулагчийг нийгмийн даатгалд хамруулсан ажээ.

Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Нийгмийн даатгалын сангийн 2016 оны орлогыг 1.26 их наяд, зарлагыг 1.76 их наяд, Тэтгэврийн даатгалын санд улсын төсвөөс олгох татаас, санхүүжилтийг 0.5 их наяд төгрөгөөр батлан мөрдөж байна. Харин Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулиар сангийн нийт орлогыг 1.98 их наяд төгрөг, нийт зарлагыг 1.89 их наяд төгрөгөөр тус тус баталж, Тэтгэврийн санд улсын төсвөөс олгох татаасыг 587.3 тэрбум төгрөгөөр тогтоосон.

Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар тэтгэврийн сангийн орлогыг 1.24 их наяд, зарлагыг 1.32 их наяд төгрөгөөр баталж, улмаар Тэтгэврийн даатгалын сангийн урьд жилүүдийн хуримтлал 81.1 тэрбум төгрөгийг тэтгэврийн зарлагад зарцуулж дуусгасан байна. Тэтгэвэр авагчдын тоо жил ирэх бүр өсч, одоогийн байдлаар 372 мянган тэтгэвэр авагчид сар бүр 113.0 орчим тэрбум төгрөг зарцуулж байгаагийн 60.0 тэрбум төгрөгийг шимтгэлийн орлогоор, үлдэх 53.0 тэрбум төгрөгийг улсын төсвийн санхүүжилтээр санхүүжүүлж байна гэдгийг салбарын сайд онцолсон юм.

Уг мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, О.Баасанхүү нар асуулт асууж, хариулт авлаа. Асуулга тавьсан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагаанд томоохон шинэчлэлт шаардлагатай байна. Тухайлбал, гадаадын шилдэг удирдлагын менежментийг нийгмийн даатгалын санд нэвтрүүлж, даатгалын сангийн алдагдлыг бууруулах талаар олон талт арга хэмжээ авах шаардлагатай. Мөн хүн нэг бүрийг нийгмийн даатгалд хамруулах талаар шинэлэг арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй хэмээн байр сууриа илэрхийлж байв.


Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen