Иргэд хувьцааныхаа мөнгийг хүртэж эхэллээ
Засгийн газрын зүгээс арилжааны банкуудаар дамжуулан иргэдээс "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны 30 хувийг худалдан авах ажиллагааг орон даяар эхлүүлсэн. Тэгвэл өмнөх долоо хоногийн даваа гарагт буюу энэ сарын 13-ны өдөр хувьцаагаа зарах хүсэлтээ гаргасан иргэдийн дансанд мөнгө нь орж эхэлжээ.
Нэрийн дансанд нь хувьцааны мөнгө байршсан мэдээллийг арилжааны банкууд мессежээр илгээхээр зохицуулалт хийсэн юм
Тодруулбал, иргэд арилжааны банкинд хандан, мөнгө орсон эсэхээ шалгуулах шаардлагагүй. Нэрийн дансанд нь хувьцааны мөнгө байршсан мэдээллийг арилжааны банкууд мессежээр илгээхээр зохицуулалт хийсэн юм.
"Сайн хувьцаа” арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд цаашид иргэдийн гарт үлдэх буюу 70 хувьтай тэнцэх хувьцааг нь Монголын хөрөнгийн биржээр дамжуулан худалдан авахаар төлөвлөж байна.
Иргэдийн 1072 хувьцааг худалдан авах эрх зөвхөн Засгийн газарт нээлттэй. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар иргэдийн тодорхой хэсгээс "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг нь нэрлэсэн үнээр худалдан авсан. Нийт 2 сая 858 мянган иргэн хувьцаа эзэмшсэнээс давхардсан тоогоор 278 мянган оюутанд нийт 138 тэрбум төгрөг, 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 615 мянган иргэнд нийт 4,8 тэрбум төгрөгөөр, ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй 322 мянган иргэнд 322 тэрбум төгрөгөөр давхардсан тоогоор 1 сая 216 мянга 734 иргэнд 464,8 тэрбум төгрөгөөр хувьцааг нь мөнгөжүүлсэн байна.