ХЭН ЮУ ХЭЛЭВ

ХЭН ЮУ ХЭЛЭВ

 

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөпт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Засгийн газрын 100 хоногийн хүрээнд яамдууд хийсэн ажлаа тайлагнав. Түүнчлэн энэ сарын 15-ны өдөр гэхэд ирэх оны төсөв, түүнтэй уялдаатай хуулийн төслүүдийг баталсан байх ёстой тул байнгын хороогоор хэлэлцүүлж, чуулганы хуралдаанд оруулаад буй.

Энэ мэтчилэн улс, эх орны цаашдын амьдралтай холбоотой олон асуудал өрнөсөн бөгөөд энэ хурээнд хэн юу хэлснийг "Хэн юу хэлэв” булангаараа онцолж байна.

Б.Чойжилсүрэн: Миний нэг ч компани энэ хуульд хамрагдахгүй

/Сангийн сайд/

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Сангийн сайд Б.Чойжилсүрэн нарын дунд багагүй маргаан өрнөөд амжсан.

Энэ үеэр Сангийн сайд Б.Чойжилсүрэн "УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиа ойлгохгүй байна. Манай намын мөрийн хөтөлбөр дээр энгийн үгээр 1.5 тэрбумаас доош орлоготой аж ахуйн нэгжүүдийн татварыг нэг хувь болгоно гэсэн заалт орсон. Энгийн ярианы хэллэгийг хуулийн хэллэгт шилжүүлэхээр татвар ногдох орлого гэж бичиж байгаа юм. Энэ нь энгийн үгээр борлуулалтын орлого гэж ойлгож болно. Ж.Энхбаяр гишүүн нэр томьёог хольж хутгаад будилаад байгаа юм. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд татварт ногдох орлого, татвар ногдуулах орлого гэсэн хоёр ойлголт байгаа. Татварт ногдох орлого гэдэг нь бидний энгийн хэллэгээр борлуулалтын орлого гэсэн үг.

Харин татвар ногдуулах орлого гэж байгаа. Энэ нь татвар төлөхийн өмнөх бохир ашиг гэсэн үг. Ж.Энхбаяр гишүүн татварт ногдох орлого, татвар ногдуулах орлого гэдэг хоёр томьёоллыг хольж хутгаад хариуцлагагүй мэдэгдэл хийсэн. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд борлуулалтын орлого гэдгийг 7.3-т нь тодорхойлсон. Хүмүүс хуулийн төслөө олж үзэх хэрэгтэй. Ж.Энхбаяр гишүүн намайг ашиг сонирхлын зөрчилтэй хууль өргөн барьсан гэсэн. Гэхдээ надад биш өөрт нь л хувийн сонирхол байх шиг байна. Ямар шалтгаантай тийм мэдэгдэл хийснийг би мэдэхгүй. Энэ хуульд хамрагдаж байгаа долоон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани надад байхгүй. Би хувийн компаниудтай. Гэхдээ миний хувийн компаниуд барилгын материалын үйлдвэрлэл болон хүнсний үйлдвэрлэл гээд бусад дөрвөн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүй. Миний өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье” хэмээн хариу барьжээ.

Н.Номтойбаяр: Аль банк бага хүү санал болгоно, түүнтэй л хамтарч ажиллана

/ХНХ-ын сайд/

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 100 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлаа сэтгүүлчдэд тайлагнасан. Тус яам Засгийн газрын уйл ажиллагааны чиглэлд салбарынхаа чиглэлээр 47 зорилт тусгасан бөгөөд 100 хоногийн хугацаанд 13-ыг нь хэрэгжүүлэхээр санаачилга гарган ажиллажээ.

Энэ үеэр ХНХ-ын сайд Н.Номтойбаяр "Өмнө нь эрх барьж байсан АН-ынхан тэтгэврийн зээлийн хүүг бууруулах боломжгүй гэж байсан ч сүүлдээ үнэнд гүйцэгдэж боломжтой гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Энэ ажлын хүрээнд Төрийн банктай хамтарсан ажлын хэсэг байгуулсан. Өнгөрсөн долоо хоногт ажлын хэсэг гарч ажилласан. Нэг сайн мэдээ дуулгахад тэтгэврийн зээлийн хүүг бууруулах бүрэн боломжтой. Хэтдээ цалингийн зээлийг ч бууруулах боломжтой. Арга зам нь маш тодорхой.

Хууль, дүрэм журамд өөрчлөлт оруулахгүйгээр банкны тухай хуулийн 9.1 дүгээр заалтыг удирдлага болгоод та бүгдийн төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгөний хуримтлалыг арилжааны банкинд байршуулах арга замаар тэтгэврийн зээлийн хүүг бууруулах боломжтой. Энэ бол төсвөөс татаас авах арга биш. Харамсалтай нь, Төрийн банкны зардал маш өндөр байна. Төрийн банкны урсгал зардал өндөр байгаа нь өгч байгаа зээлийнхээ хүүнд шингэнэ гэсэн үг. Өөрсдийнхөө зардлыг зургаан хувьд багтаах боломж байна гэдэг хариуг тус банкнаас надад өгсөн. Энэ бол маш өндөр. Өөр бусад арилжааны банкууд надад гурав орчим хүүгийн орлогын нэмэгдлийг нэмье гэдэг саналаа илэрхийлээд байгаа.

Гэтэл Төрийн банк дэндүү өндөр зардалтай байна. Тэгэхээр нийгмийн даатгалын сангийн зардлын чөлөөт мөнгөн үлдэгдлийг байршуулахдаа хуваалцах шаардлагатай болчихоод байна. Хуваалцахын хэрээр нийгмийн даатгалын орлогын мөнгө буурна.Тэгэхээр би тийм шийдвэрийг гаргаж чадашгүй нь ээ. Төрийн банкны захиралтай уулзаад "Энэ зургаан хувиа буулгах хэрэгтэй” гэдэг шаардлагыг тавьсан. Энэ бол цэвэр арилжааны зарчмаар явж байна. Төрийн банк хүүгээ буулгаж чадахгүй бол бусад банкинд хүсэлт тавина. Аль банк бага хүү санал болгоно тус банктай л хамтарч ажиллана. 2019 онд нийт хүүхдийн 40 хувь нь хүүхдийн мөнгөө бөөнд нь авна. Нийтдээ 392 тэрбум төгрөг төлнө. Энэ мөнгийг төсвөөс өгнө.

Б.Лхагважав: 76 хүний аяс, сэтгэлийн догдлолоор төсөв боловсруулна гэдэг гутамшиг

/МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч/

Ирэх оны төсвийг энэ сарын 15 гэхэд батлах ёстой. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдаж, ирэх оны төсөв, түүнтэй уялдаатай хуулийн төслүүдийг хэлэлцсэн. Ирэх оны болон 2017-2018 оны төсвийн төсөөллийн эхний хэлэлцүүлгийг өнгөрсөн
долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцсэн. Энэ долоо хоногт хоёр дахь хэлэлцүүлгийг хийх юм. Үүнтэй холбогдуулан МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр "Эрх баригчдын гаргасан буруу шийдвэрийн ачааг бизнес эрхлэгчид л үүрдэг. УИХ-ын гишүүн халааснаасаа мөнгө гаргалаа гэж би дуулаагүй. 2013 оны нэгдүгээр сард мөнгө хэвлэхэд есдүгээр сард нь төгрөгийн ханш 40 хувиар унасан. Монголбанк үүнийг далимдуулан 2.5 их наядыг Үнэ тогтворжуулах хөтөлбөр нэрээр зээлсэн. Цаазаар авахуулахад бэлэн 800 орчим компанийн захирал байна. Харин бодлого боловсруулсан хүмүүс өнөөдөр байхгүй. Монголын бизнес эрхлэгчид зовлон үзсэн чавганц шиг боллоо. ААН 2300 төгрөгөөр ханшаа тогтоосон байхад газрын тосны онцгой татвар 1470 төгрөг л байна. Бүхэл бүтэн тэрбум ам.долларын эргэлттэй зах зээлийг төр ингэж зохицуулдаг. Тэгсэн атлаа бусдад ийм эрх чөлөө олгодоггүй.

Одоо бид ухаантай хүн хүлээх цаг биш. Хоорондоо л сайн ойлголцож, зөвлөлдмөөр байна. Мөнгөний бодлого маш чухал гэдгийг УИХ-ын гишүүдэд хэлье. Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар Сангийн яамныхнаас асуусан. 21 хоногийн өмнө оруулсан, төсвийн төсөл яагаад өөрчлөгдөв гэтэл УИХ-ын гишүүд дандаа хараар харлаа, өөдрөгөөр төсөөл гэж шүүмжилсэн тул төсвийн төсөлд өөрчлөлт оруулсан гэж хариулж байна лээ. Үнэхээр эмгэнэлтэй. Сангийн яам мэргэжлийн бус байна. 76 хүний аяс, сэтгэлийн догдлолоор төсөв боловсруулна гэдэг гутамшиг” хэмээжээ.

Д.Эрдэнэбат: Ялсан бол ялсан юм шиг байх, ялагдсан бол ялагдлаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй

 /Ардчилсан намын Орон нутгийн сонгуулийн Ерөнхий менежер, УИХ-ын гишүүн/

Ардчилсан Намын Орон нутгийн сонгуулийн Ерөнхий менежер, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, НИТХ-ийн төлөөлөгч Д.Баттулга, БЗД-ийн Засаг дарга Д.Пүрэвдаваа нар орон нутгийн сонгуулийн үр дүнгийн талаар өчигдөр мэдээлэл хийсэн.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат "2016 оны орон нутгийн сонгууль улс орон даяар явагдаж дууслаа. Сонгуулийн дүнг аймаг, нийслэлийн сонгуулийн хороод ерөнхийдөө зарласан байна. Энэ удаагийн сумын иргэдийн төлөөлөгчдийн сонгуульд АН-ын 6,900 нэр дэвшигч өрсөлдөж, 2,650 нэр дэвшигч буюу 37.9 хувь нь ялалт байгууллаа. Нийт 330 сумаас 104-т нь АН ялсан байна. Нийслэлийн есөн дүүрэгт нэр дэвшсэн 295 нэр дэвшигчээс 98 нь ялалт байгуулсан байна. Есөн дүүргийн гуравт АН ялсан. Сүхбаатар аймагт ИТХ-ын нэг суудал дээр дахин сонгууль явагдаж АН үнэмлэхүй олонхын ялалт  байгуулснаар Сүхбаатар аймаг дахь ялалтаа баталгаажууллаа.

Бид энэ сонгуульд нэг л зарчим баримталсан. Ялсан бол ялсан юм шиг байх, ялагдсан бол ялагдлаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ард түмний сонголтоор гарч ирсэн төлөөлөгчийг хэн нэгэн хүний шийдвэрээр буцаах нь ардчилсан улс оронд байж болохгүй зүйл. МАН-ын удирдлагууд энэ үйлдлүүддээ дүгнэлт хийх ёстой гэж харж байна. Аль аль талдаа ялж ялагдаж сурах хэрэгтэй. Хэдийгээр тооны олон МАН-ын талд байгаа ч гэсэн улс төрийн олонх эрх баригчдын амлалтаасаа ухарсан 100 хоногийг дүгнэсэн. Бид үнэмлэхүй олонхтой өрсөлдсөн хэдий ч ард түмэнд нэг зүйлийг ойлгуулж чадсан. 100 хоногт МАН бодлогогүй үйл ажиллагаа явуулж, амлалтаасаа ухарсныг ард түмэнд ойлгуулсан нь энэ сонгуулиар олж авсан маш том ололт байлаа” хэмээсэн юм.
Монголын мэдээ
Э.Туул

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen