Та урьдчилан сэргийлэх үзлэгтээ хамрагдсан уу?

Та урьдчилан сэргийлэх үзлэгтээ хамрагдсан уу?

 

Сүүлийн үед амьдралын хэв маяг, уур бухимдал, буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж хавдар, даралт ихсэх, чихрийн шижин, зүрхний өвчин хүндрэх шалтгаан болж байна. Тухайлбал, Монгол Улс хавдрын өвчлөл, үүнээс шалтгаалсан нас баралтаар дэлхийд тэргүүлжээ. Өнгөрсөн оны байдлаар улсын хэмжээнд нас баралт 17864 байсны 24.6 хувь буюу дөрвөн нас баралтын нэг нь хавдраас шалгаалжээ. Энэ нь өдөрт 16 иргэн хавдраар өвдсөнөөс 12 нь амь насаа алдаж байна гэсэн судалгаа бий. Гэхдээ хавдраар өвчлөхгүй, өвдсөн ч эрт илрүүлж төгс эмчлэх боломж биднээс хамаарч байна. Иргэд мэдээлэл муутайгаас өөрсдийгөө урьдчилан сэргийлэх, хамгаалах чадваргүй, оройтож оношлуулж байгаа нь амь насаа алдах шалтгаан нь болж байна.
Тиймээс урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах нь энэ өвчнүүдийг эрт илрүүлэхэд ач холбогдолтой талаар эмч, мэргэжилтнүүд анхааруулдаг. Иймд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Эрүүл мэндийн яамнаас хамтран гаргасан эрт илрүүлэг үзлэгт насны ангиллын дагуу хэдэн насанд ямар шинжилгээ, үзлэгт хаана хамрагдах талаарх мэдээллийг хүргэж байна. Үзлэг, шинжилгээнүүдийг харьяа өрх, сум, дүүргийн Эрүүл мэндийн төвдөө эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй үзүүлэх аж. Эрүүл мэндийн даатгал төлдөг иргэн улиралд нэг удаа 140 мянган төгрөгийн үзлэг, шинжилгээнд хамрагдах эрхтэй юм байна.

18-29 нас

Энэ насны эрэгтэй, эмэгтэй хүмүүс жилд нэг удаа цусны даралт, таван жилд нэг удаа холестерол илрүүлэх, гурван жилд нэг удаа чихрийн шижин, элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээг хоёр жилд нэг удаа, мэдрэхүйн эрхтэний үзлэгийг таван жилд нэг удаа үзүүлэх хэрэгтэй. Харин эмэгтэй умайн хүзүүний өмөний шинжилгээг гурван жилд нэг удаа өгөх юм.

30-39 нас

Энэ насны эрэгтэй, эмэгтэй хоёр жилд нэг удаа цусны даралт үзэх, гурван жилд нэг удаа холестерол илрүүлэх, гурван жилд нэг удаа чихрийн шижин, элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээг хоёр жилд нэг удаа, мэдрэхүйн эрхтэний үзлэгийг таван жилд нэг удаа, эмэгтэй умайн хүзүүний өмөнг гурван жилд нэг удаа, хөхний хавдрын шинжилгээг хоёр жилд нэг удаа өгнө.

40-49 нас

Энэ насны эрэгтэй, эмэгтэй хүмүүс жилд хоёр удаа цусны даралт үзэх, жилд нэг удаа холестерол илрүүлэх, гурван жилд нэг удаа чихрийн шижин хоёрдугаар хэв шинж, элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээг хоёр жилд нэг удаа, мэдрэхүйн эрхтэний үзлэгийг таван жилд нэг удаа мөн ясны сийрэгжилтийн шинжилгээг гурван жилд нэг удаа өгнө. Харин энэ насны эмэгтэй умайн хүзүүний өмөнг гурван жилд нэг удаа, хөхний хавдар жилд нэг удаа, эрэгтэй төмсөг болон түрүү булчирхайн хавдрын шинжилгээг гурван жилд нэг удаа өгнө.

50-59 нас

Энэ насныхан цусны даралт, бие махбодийн үзүүлэлт, биеийн жингийн индекс, урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөөг жил бүр авах, цусны даралтаа жилд дөрвөн удаа үзэх, жилд нэг удаа холестерол илрүүлэх, чихрийн шижин хоёрдугаар хэв шинжээ гурван жилд нэг удаа, элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээг хоёр жилд нэг удаа, мэдрэхүйн эрхтэний үзлэгийг таван жилд нэг удаа, ясны сийрэгжилтээ хоёр жилд нэг удаа, бүдүүн гэдэсний хавдрын шинжилгээг гурван жилд нэг удаа, уушгины хавдрын шинжилгээг гурван жилд нэг удаа, эмэгтэйчүүд умайн хүзүүний өмөнг гурван жилд нэг удаа, хөхний хавдар жилд нэг удаа, эрэгтэйчүүд төмсөг болон түрүү булчирхайн хавдрын шинжилгээг гурван жилд нэг удаа өгснөөр та өөрийгөө хавдар, даралт ихсэх, чихрийн шижин, зүрхний өвчнийг хүндрүүлэхгүй  эрт үед нь илрүүлж, эмчлэх боломжтой юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Р.ОЮУН

Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen