Ө.Оюунбилэг: Нойрны хямралын үеийн сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлж байна

Ө.Оюунбилэг: Нойрны хямралын үеийн сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлж байна

 

Энэ удаагийн зочиноор Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Сэтгэц-наркологийн багийн Сэтгэлзүйч, сэтгэл судлалын магистр Ө.Оюунбилэг уригдлаа. Түүнтэй хүмүүсийн дунд түгээмэл тохиолддог "нойргүйдэл" хэмээх сэдвийн тухай ярилцахаар болсон юм.
-Сайн байна уу? Нойргүйдэл сэдвийг ярихаас өмнө "нойр" гэж юу вэ? гэсэн асуултаар ярилцлагаа эхлье гэж бодлоо? 
Нойр бол мэдээж биологийн үндсэн чухал хэрэгцээнүүдийн нэг. Хоногт хүн хэдэн цагийн нойрны хэрэгцээтэй байх нь хувь хүний нас, хэв шинж зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг. Хоногт нярай хүүхэд 22 цаг, настай хүн 4-5 цаг унтах физиологийн хэрэгцээтэй байдаг. Харин ихэнх хүмүүс хоногт 6-8 цагийн нойрны хэрэгцээтэй байдаг байна. Мөн 9 цагаас илүү унтаж байж нойр нь ханадаг их нойртой хүмүүс ч бий. Хоногт 6 цагаас бага хугацаагаар унтаад нойр нь ханадаг бага нойртой хүмүүс ч бас байдаг.
Дэлхий дээр жилд дунджаар 64 сая хүн нойргүйдлээр шаналж байна. Нарийвчлан авч үзвэл гурван хүн тутмын нэг нь нойргүйдэлтэй байгаа гэсэн тооцоо байдаг. Хүйсийн байдлаар нь авч үзвэл эмэгтэйчүүд эрчүүдээс 1,4 дахин илүү өртдөг байна. Нойргүйтэх нь манай улсын иргэдэд ч түгээмэл тохиолдох болсон. Нойргүйдэл нь олон хүчин зүйлээс шалтгаалдаг.
-Тэгвэл нойргүйдэл гэж юу вэ?
Нойргүйдэл бол түгээмэл тохиолддог сэтгэл хямралын шинж. Хэрэв танд нойргүйдэл байгаа бол энэ нь таны сэтгэцийн болон биеийн ямар нэг өөрчлөлт байгааг илэрхийлж байдаг гэж ойлгож болно.
Хүмүүсийн 95% нь амьдралдаа ядаж нэг удаа нойргүйдэж үзсэн байдаг гэсэн судалгаа бий. Унтах гэж оролдоод унтаж чадахгүй хөрвөөн зовно. Мөн унтаж чадахгүй нойр хулжих, эсвэл унтаж байгаад гэнэт цочиж сэрэх, эрт сэрэх явдлууд нойргүйдэлд багтдаг. Хэрэв та зөвхөн насанд хүрэгсэд л нойргүйдэлтэй тулгардаг гэж бодож байгаа бол үгүй юм. 1-5 насны хүүхдүүдийн 25% нь нойргүйддэг. Жишээлбэл: Өсвөр насныхан нойр хэвийн бус болсноос болоод стресст орох, бэлгийн хөгжилд нь муугаар нөлөөлөх зэрэг байдал илэрдэг шүү.
-Ихэвчлэн ямар насны хүмүүс нойргүйдэлтэй тулгардаг вэ?
Нойргүйдэлд хамгийн ихээр өртдөг хүмүүс бол дунд насныхан. Ажлын ачаалал, амьдралын элдэв асуудал ихтэй байдаг нь энэ насныхан нойргүйдэх үндсэн шалтгаануудын нэг болдог. Харин 65-аас дээш насныхны нойргүйдлийн шалтгаан нь өөр зүйлээс болдог. Эрүүл мэнд муудсанаас, олон эм уудгаас, өдрийн дэглэм алдагдсанаас, тэтгэвэрт гараад юу ч хйихгүй болсноос гэх зэрэг шалтгаантай байдаг. Мөн настай хүмүүст хуурамч нойргүйдэл их тохиолддог. Хуурамч нойргүйдэлтэй гэдэг нь хүн зөвхөн сэрсэн үеүүдээ л санаад, хооронд нь унтсан гэдгээ мэдэхгүй, өөрийгөө огт унтаагүй хоносон мэтээр боддог.
-Нойргүйдэлд хүргэдэг шалтгаанууд юу байдаг вэ? 
Нойргүйдэлд хүргэдэг маш олон шалтгаанууд байдаг. Үүний нэг нь сэтгэл зүйн тогтворгүй байдал багтдаг. Нөгөөтэйгүүр хувь хүний ажил, амьдралын дэглэм алдагдах, ялангуяа ажлын ачаалал хэт их байх үед, сэтгэл санаа түгшүүртэй үед нойргүйдэл илэрч болно. Мөн эмийн буруу хэрэглээ багтдаг. Нойрсуулах төрлийн эмүүдийг удаан хугацаагаар хэрэглэх явдал нь эргээд нойргүйдэлд хүргэдэг. Мөн түүнчлэн мансууруулах зүйлүүдийг хэрэглэх явдал нь нойр үргээх нэг шалтгаан болдог бол хар тамхи, архидалт зэрэг донтолтууд нойргүйдлийг үүсгэдэг байна. Мөн архаг өвчтэй хүмүүст архаг өвдөлтийн үед нойргүйдэл бий болдог бөгөөд нойргүйдэл нь хувь хүний эрүүл ахуйн байдалтай мөн холбоотой. Тухайлбал унтаж байгаа өрөө чимээтэй байх, халуун байх, хурц гэрэлтэй байх нь нойр хулжихад хүргэдэг.
Хүн 2, 3 шөнө нойргүй хонолоо, одоо яаж унтнаа гэсэн бодол нь эргээд нойргүйдлийг бий болгодог. Мөн нойргүй хонож байна, яаж унтах вэ гэсэн бодлоосоо хамгийн түрүүнд салах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр унтахгүй байна гэдэг нь хувь хүний өөрийнх нь зан төрхөөөс мөн хамаардаг. Өөрөөр хэлбэл шаналамтгай, санаа зовомтгой хүмүүс нойргүйтэх нь элбэг байдаг.
Нойргүйдэлд нөлөөлдөг олон шалтгаанаас сэтгэл зүйн хүчин зүйл бол уур уцаартай байх, сэтгэл түгшилт, айдастай байх, стресс үүсгэдэг бусад сөрөг сэтгэл хөдлөл, ганцаардал зэрэг сэтгэл зүйн таагүй байдлууд ордог.
-Нойргүйдэлд орсоноо яаж мэдэх вэ? Нойр хүрэхгүй байхаас гадна ямар шинж тэмдгүүд илэрдэг юм бол?
  • Нойр хүрэхгүй байх
  • Олон хоногоор нойргүйдэл үргэлжилэх
  • Өглөө эрт сэрэх
  • Унтсан ч амарсан болохгүй байх
  • Өдрийн турш нойрмоглох
  • Анхаарал төвлөрөлт буурах
  • Ой тогтоолт буурах
  • Шийдвэр гаргахад хүндрэл үүсэх
  • Ууртай болох
  • Олон дахин сэрэх буюу сэрүүн үе удаан үргэлжлэх шинжүүд илэрч болно.
-Тэгвэл яаж хэвийн нойртой болох вэ?
Нойргүйдлийг сэтгэл заслын болон эмээр засаж болно. Гэхдээ эм нь дасал үүсгэдэг сөрөг нөлөөтэй. Эм уусан ч гэсэн сэтгэл засал, амьсгалын дасгалтай хослуулан хэрэглэх нь илүү үр дүнтэй гэж хэлмээр байна.
-Сэтгэлзүйн зөвлөгөө, тулгамдсан асуудлууддаа хаана хандаж мэргэжлийн тусламж авч болох талаар манай уншигчдад мэдээлэл өгөөч? 
Манай БЗД-н эрүүл мэндийн төвийн сэтгэц-наркологийн баг нь сэтгэцийн эмч, донтолтын  эмч, сэтгэл зүйч, сэтгэцийн мэргэшсэн сувилагчтай багаар ажилладаг. Бид сэтгэцийн тулгамдсан асуудалтай болон нойрны хямралтай үйлчлүүлэгчдэд эмийн болон эмийн бус эмчилгээг хийж байна. Ер нь  аль болох үйлчлүүлэгчийн онцлогоос шалтгаалан эмийн эмчилгээнээс татгалзан нойр засах сэтгэл зүйн эмчилгээг үзүүлдэг. Нойрны хямралтай үйлчлүүлэгчдэд нойр засах эмчилгээг амьсгалын дасгалтай хослуулан тухайн үйлчлүүлэгчийн сэтгэл зүйн байдал, суурь өвчлөлөөс шалтгаалан  эмчилгээ үйлчилгээг үзүүлж байна. Мөн “БЗД ЭМТ Сэтгэц-наркологийн баг “ гэсэн пэйж хуудсаар зочлон мэдээлэл, зөвлөмжийг авах боломжтой.
-Нойргүйдлийг даван туулахад өгөх зөвлөмж өгөөч?
Амьсгалын дасгал хийж хэвших хэрэгтэй. 
  • 3 секундын турш амьсгалаа гүнзгий, дүүртэл аваад, секундын турш амьсгалаа түгжээд, секундын турш амьсгалаа гаргана /Цээжээ биш цээжнийхээ хөндийг ашиглан хамраараа амьсгалаарай. Энэ дасгалыг өдөрт 3-5 удаа мөн оройн цагаар тухтай сандал дээр суугаад 5-10 минутын турш уг дасгалыг хийж хэвшээрэй/.
Мөн амьдралын буруу хэвшлүүдээ засах, зөвхөн нойроо хүрсэн үед л орондоо орж байх, унтах босох цагийн тогтмолжуулах, орондоо ороод булчин шөрмөсөө суллан өөрийгөө чагнан, зүрхний цохилт амьсгал дээрээ анхаарлаа төвлөрүүлж ажил хэрэг бусад асуудлыг бодохгүй байх, унтахаасаа хэдэн цагийн өмнө хөнгөн дасгал хийх, эсвэл агаарт алхах тустай. 
Унтахын өмнө сэтгэл түгшээсэн мэдээ, мэдээлэл үзэхгүй байхыг хичээх, зөвхөн эерэг тайван зүйл үзэх, мөн ийм хөгжим сонсох, гар утас, нөүтбүүк, бичиг баримтуудаа маргааш болтол цааш тавих хэрэгтэй. 
Эдгээр зөвлөмжүүдийг хэрэгжүүлээд үр дүнгүй бол мэдээж мэргэжлийн хүмүүст хандах нь зүйтэй.
-Танд баярлалаа. Ажлын амжилт хүсье!
Хуваалцах:

Сэтгэгдэл

reload, if the code cannot be seen