Амралтын өдрүүдээр үр бүтээлтэй байх 10 зөвлөмж
Амралтын өдрүүдээр бид маш олон зүйлийг хийж, амжуулна даа гэж төлөвлөх нь элбэг. Тэгээд Ням гарагийн орой ирэхэд бодож, төлөвлөсөн 15 зүйлээсээ ганц хоёрыг л амжуулсандаа сэтгэл дундуур амралтаа дуусгах бол түгээмэл зүйл. Ингээд амралтын өдрүүдээ илүү үр бүтээлтэй өнгөрүүлэхэд туслах 10 зөвлөмжийг хуваалцая.
1.Ажлын өдрүүдэд хэрэглэдгээс өөр чадвар, чадавхиа хэрэглэ, хөгжүүл
Ажлын өдрүүд ихэнх хүмүүсийн хувьд давтагдмал, хэвшмэл үйлдлээс бүрддэг. Амралтын өдрүүдэд харин шал өөр зүйлс хийх нь бүтээмж, таны хувийн аз жаргалд эергээр нөлөөлөх болно. Байнга хийдэг зүйлсээсээ өөр юм хийх нь тархины нейроныг өөрчилдөг ба ингэснээр таны сэтгэх, юмыг өөр өнцөгөөс харах, хийх чадвар хөгждөг байна. Хөгжмийн зохиолчид ая зохиох үедээ орсон гацаанаасаа гарахын тулд тоглож байгаагаасаа өөр зэмсэгээр аяа дарж үзэх нь элбэг. Өөр зэмсэг ашигласнаар тэд “асуудлыг” өөр өнцөгөөс харах боломжтой болдог.
2. Бүх юмыг хийх гэж бүү оролд
Хэрэв та амралтын өдрүүдээр хийх 20 зүйлийн жагсаалт гаргаад сууж байгаа бол та анхнаасаа бүтэхгүй төлөвлөгөө гаргаж байгаа гэсэн үг. Хийх ёстой ажлуудаа хамгийн чухлаас нь эхлээд эрэмбэлж үзээд, хамгийн чухал гэсэн хоёр гурван зүйл дээр л анхаараарай. Хамгийн чухал эсэхийг тодорхойлохын тулд тухайн ажилд шаардагдах ажиллагаа ба үр өгөөжийг тооцоолж, харьцуулаарай. Зарим ажил их ажиллагаатай боловч, үр өгөөж багатай байдаг. Хажууд нь ижил ажиллагаа шаардах боловч үр өгөөж нь хамаагүй илүү ажлыг хийсэн нь дээр бизээ.
3. Сэрмэгцээ өдрөө эхлүүл
“Эрт босвол нэгийг дуулна” гэдэг хоосонгүй хэллэг. Үр бүтээмжтэй байх талаар зөвлөмж, нийтлэл болгон л эрт босохыг чухалчилдаг. Мэдээж орой нь хангалттай эрт орондоо орсон байх ёстой. Ямартай ч сэрсэн даруйдаа шууд босож сурах хэрэгтэй. Босонгуутаа өдрийг эрчимтэй эхлүүлэх ямар нэг зүйл хийгээрэй: дасгал хөдөлгөөн хийх, гэрээ цэвэрлэх зэрэг. Ингэж өдрийг эхлүүлэх нь тэр өдрийн хэмнэлийг тогтоодог.
4. Тархиа амраа
Танд заавал хийж дуусгах ёстой ажлууд байхгүй бол тархиа амраах нь таны цаашдын бүтээмжид хэрэгтэй шүү. Явган аялал хийх, гудамжаар алхах, бясалгал хийх гээд тархийг амрааж, сэргээх төрөл бүрийн зүйлс байдаг. Бясалгал хийж сурахад тань туслах курс, гар утасны Headspace, Calm зэрэг олон аппликэйшнүүд байдаг.
5. Нойроо нөхөж ав
“Нойрны өр” гэж ярьдаг нь үнэхээр бодит зүйл юм. Нойрны өртэй байхад та байнга ядранги байхаас гадна байнгын нойр дутуу явснаар илүүдэл жин нэмэх, зүрхний эмгэг, чихрийн шижингээр өвдөх магадлал илүү өндөртэй болдог байна. Хэрэв та ажил ихтэй байгаад нэг долоо хоногт нийт унтах цагаасаа 10 цаг хумсалсан бол амралтын өдрүүдээр 4 цагийг нь нөхөөд дараагийн ажлын өдрүүдээр өдөр болгон нэг нэг цагийн эрт унтаж нөхөх нь хамгийн үр дүнтэй байдаг байна. Мэдээж байнга ингэж нойроо нөхөхгүйгээр тогтмол 7-8 цагийн нойртой байх нь хамгийн эрүүл зуршил шүү.
6. Хүсэж байгаа ажилдаа бэлд
Ажлын өдрүүдээр та одоо хийж байгаа ажлаа л хийдэг. Амралтын өдрүүдээр та харин хийхийг зорьж байгаа ажилдаа бэлдэж шинэ чадвар, чадавхиа хөгжүүлээрэй. Албан тушаал дэвших, шинэ ажилд орох аль нь ч бай өөр өөрийн гэсэн чадвар, мэдлэг шаардах тул та үүнд бэлдэн судалгаа хийж, өөрийгөө хөгжүүлэх хамгийн зөв үе бол амралтын өдрүүд шүүн.
7. Аль нэг өдрийг нь ажлаас ангид өдөр болгоорой.
Ажил амралтаа зөв зохицуулах нь хүн болгонд чухал. Харин та амралтын өдөр ч ялгаагүй ажлын имейлээ шалган, амжаагүй ажлаа дуусгахаар суудаг бол амралтын хоёр өдрийн ядаж нэгийг нь ажилтай огт холбоогүй өдөр болгох зарчимыг хэрэгжүүлээрэй.
8. Хэрвээ үнэхээр ажиллах хэрэгтэй байгаа бол өөртөө цагийн хязгаар тавь
Амралтын өдрүүдэд 6 гэж ажил тардаггүй болохоор бид гэрээсээ ажиллахдаа замбараагүй хандах нь байдаг. Нэг мэдсэн Бямба гарагийн оройн 9 цагт дуусаагүй сууж байж магадгүй. Ажилдаа анхаарлаа хандуулах 1-2 цагийг яс гаргаад түүнийгээ дуусмагц ажил дууссан үгүйгээс үл хамааран нэгдэхийн өглөө хүртэл нөүтбүүкээ унтрааж сурах нь чухал. Ингэж чадахгүй байгаа бол зарим хүмүүс нөүтбүүкээ цэнэглэгч кабельгүйгээр нь авч яваад, баттерей нь дуусч унтрахаар нь ажлаа завсарладаг. (Мэдээж таны нөүтбүүк удаан барьдаг баттерейтэй байвал өөр зүйлээр цагаа баримжаалаарай)
9. Сайн үйлсэд нэгд
Бусдын сайн сайхны төлөө ажиллах нь хүнд сэтгэл ханамж өгөхөөс гадна, бусадтай харилцаж, хүмүүст туслан, тэдэнтэй харьцсанаар таны амьдралыг харах өнцөгийг шинэчилж өгдөг. Амралтын өдрүүд нь ямар нэг сайн үйлсэд сайн дураараа оролцох хамгийн тохиромжтой үе. Байгаль орчин, ядуурал, эрүүл мэнд гээд олон төрлийн асуудалд чиглэсэн сайн дурын үйл ажиллагааг хувь хүмүүс ба байгууллагууд ихээр явуулдаг болсон.
10. Ням гарагийн оройг хөгжилтэйгээр өнгөрүүл
Ням гарагийн үдэш та өөрийн дуртай зүйлээ хийж сураарай. Тэгснээр та Ням гарагийн орой дөхөхөөр дотор харлах биш харин ч дуртай зүйлээ хийнэ гэж битүүхэн баярладаг болно. Game of Thrones үзэх, ном унших, шинэ хоолны жор турших, бясалгал хийх гээд танд юу хамгийн хөгжилтэй, гоё байдаг тэрийгээ хийгээрэй. Мөн өнгөрсөн долоо хоногийнхоо талаар бодож, дүгнэх хугацаа гаргаж болно. Юуг амжилттай хийсэн, юунд та баяртай байгаа, ирэх долоо хоногийг яаж илүү үр дүнтэй болгох талаар бодож болно. Ингэснээр та маргааш өглөөний имэйлүүдээ бодож өөрийгөө ядраахгүй, тайван, өөдрөг зорилготойгоор орондоо орох болно.